Сайн үнэртэй ус сэтгэл санааг өргөж, гүн сэтгэгдэл төрүүлж, бусдад таныг сануулах дурсамж үлдээх хүчтэй. “Шарк танк” нэвтрүүлэгт оролцож, Н.Мөнхнасан шаркаас хөрөнгө оруулалт амжилттай авсан “Үжин Парфумс” брэндийн үүсгэн байгуулагч Б.Ану-Үжинтэй ярилцлаа. Тэрбээр, Монголдоо үнэртний соёлыг түгээж, үнэртний олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг үндэсний үйлдвэртэй болохоор зорилго шулуудан ажиллаж байна. Түүнтэй үнэртний тухай болон үйлдвэрлэл хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Та өөрийгөө танилцуулахгүй юу? Хэзээнээс үнэртэн хийж эхэлсэн бэ?
Намайг Б.Ану-Үжин гэдэг. “Үжин Парфумс” брэндээ 2018 онд үүсгэн байгуулсан. Америкт байхдаа үнэртэн бүтээх мэргэжлийн сургалтад хамрагдаж, албан ёсны эрхтэй үнэртэн зохион бүтээгч болсон.
Үнэртэй ус хийх болсон шалтгаан нь юу вэ?
Би оюутан байхдаа ванны бөмбөлөг, саван зэрэг янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хийж зардаг байсан. Америкт байхдаа Монголд юу хийвэл илүү шинэлэг байх бол гэж их боддог байсан. Өөрөө үнэртэй ус сонирхдог, цуглуулдаг, байнга хэрэглэдэг. Нэг өдөр үнэртэй усаа хараад сууж байгаад үүнийг нээрээ яаж хийдэг юм бол гэж бодоод, сургалтад сууж үзье гэж шийдсэн. Өөрийгөө яг үнэртэй ус зохион бүтээнэ гэж итгээгүй. Сургалтад суугаад надад маш их таалагдсан. Хүнд “Энэ л миний хийх зүйл байна” гэж бодогддог. Тухайн үед надад яг тэгж санагдаж байсан. Монгол эмэгтэй хүн яагаад үнэртэй ус хийж чадахгүй гэж. Үзээд алдъя гэж бодоод үнэртэй ус хийж эхэлсэн.
Хамгийн анхны үнэртэй усаа яаж хийж байсан бэ?
Анх сургалтаа амжилттай төгсөөд, одоо л үнэртэй ус хийж үзье гэж шийдээд хийсэн. Тэгэхэд ерөөсөө үнэртэй ус болоогүй. 00-ийн эсвэл машины үнэртүүлэгч болоод байсан. Уг нь үнэртэй ус маш тансаг бүтээгдэхүүн. Тухайн үед өөрөө яг үнэртэй усаар усанд орчихсон юм шиг л төрөл бүрийн үнэр үнэртүүлээд явдаг байсан. Долоо, найман сарын хугацаанд хөгжүүлэлт хийж үнэртэй усаа гаргасан. Эхний үнэртэй усаа дэлхийн стандартын дагуу АНУ-ын FDA буюу Food Drug Administration гэдэг мэргэжлийн байгууллагад шалгуулж, хүний биед аюулгүй гэсэн бичгээ авсан. Тухайн үед Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлдэг байсан. Бүтээгдэхүүнийхээ жор, нууц, нөү-хау гээд бүх зүйлээ үйлдвэрт өгөөд, үйлдвэрээс бэлэн бүтээгдэхүүнээ авдаг байсан. Монголд тийм үйлдвэр байхгүй учраас бүтээгдэхүүнээ өөрөө хийж байгаа. Манай улсад тоног төхөөрөмж, хүн хүчний хувьд хөгжөөгүй салбар. Тиймээс үнэртэй усны үйлдвэр байгуулах зорилго тавин ажиллаж байна.
Монголд үнэртэй ус хийхэд боломж, нөхцөл хэр байна вэ?
Үнэртэй ус хийх нь маш удаан үйл явц. Нэг нотны байр солиход л үнэр нь тэс өөр болдог. 25 дусал хийх байснаас 24.5 дусал хийвэл үнэр нь тэс өөр болдог. Маш удаан сууж, тууштай байх ажил. Анх гэртээ суугаад хөгжүүлэлтээ хийдэг байсан. Одоо гэрийнхээ доор нэг жижигхэн өрөөтэй болсон. Тэнд битүү орчинд сууж үнэртэй усаа хийдэг.
Монгол улсын хөгжлийн гарц нь үндэсний үйлдвэрлэл. Манай улсад үйлдвэрлэл эрхлэхэд тулгамддаг гол сорилт нь юу байна?
Монголд үнэртэй ус хийхэд хүндрэлтэй зүйл гэхээсээ илүү бүх орц нь байддаггүй. Нэг ч бүтээгдэхүүн, түүхий эд байдаггүй. Түүхий эдээ Солонгос, Америк, Хятадаас авдаг. Жишээлбэл, The Lady үнэртэй усны нот Энэтхэгээс ирсэн. Байдаг ганц орц нь спирт. Гэхдээ байгууллагад маш бага граммаар өгдөг. Хувь хүнд бараг өгдөггүй.
Хүмүүс үндэсний үйлдвэрлэгч байж яагаад ийм үнэтэй байна. Хамгийн хямд байх ёстой гэдэг. Үндэсний үйлдвэрлэгч ч гэсэн бүх орц, найрлага, түүхий эд нь гаднаас хараат. Үнэртэй усыг бүрдүүлж байгаа хамгийн гол орц нь импортоор ирж байгаа учир валютын ханш нөлөөлнө.
Би үнэртэй усандаа үнэтэй түүхий эдүүд ашигладаг. Цөөн тоогоор зорилтот хэрэглэгчдэдээ хүргэе гэж боддог. Ашиг олох гэхээсээ илүү Монголд үнэрийг хөгжүүлье, үнэртний соёлыг түгээе гэж зорьдог. Хамгийн гол нь чанартай бүтээгдэхүүн хийх. Миний зохион бүтээж байгаа үнэртэй ус зэрэглэлийн хувьд түүхий эд, нөү-хау гэх мэт зүйлээрээ харьцуулаад үзвэл Chanel, Dior-ийн усны төвшинд бүтээж байгаа. Тэгэхээр үнийн хувьд маш боломжийн гэсэн үг.
Одоогоор үйлдвэр байхгүй учраас өөрөө бүх зүйлээ гардаж хийдэг. Анх бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, савлах, хайрцаг гээд бүгдэд өөрөө гүйдэг байсан. Одоо нэг савлагч, маркетер гээд гурвуулаа болоод ажиллаж байна.
Үнэр төрөл бүрээр уусаж болох бүтээгдэхүүн. Би үнэртэй устай ванны давс, үнэртүүлэгч гаргасан. Үнэртэй холбоотой бүх төрлийн бүтээгдэхүүн хийнэ гэсэн зорилготой. Саван, шампунь, биеийн тос гэх мэт бүтээгдэхүүн хийнэ.
Үнэртэй усыг хэрхэн хийдэг вэ?
Үнэртэй ус хийхэд хамгийн чухал нь зохион бүтээгчийн үнэрлэх мэдрэхүй.
Үнэртэй ус нь гурван бүтэцтэй. Суурь нот, зүрхэн нот, толгой нот. Энэ гурвын төгс зохицлоос үнэртэй ус бүрддэг. Нийт 25 дусал тос үнэртэй усанд ордог. Хэмжээнээсээ хамаараад орц нь өөрчлөгддөг.
100 хувь байгалийн гаралтай үнэртэн хийвэл маш үнэтэй. Маш хурц, хүчтэй үнэртэй. Цэвэр цэцэгсийн тос үнэрлүүлэхэд л хүмүүсийн хамар шууд цогидог. Зарим мэдрэг хүмүүс бол бөөлжих, найтаалгах гэх мэт хариу үйлдэл үзүүлдэг. Цэвэр байгалийн найрлагатай үнэртэй усыг дэлхийн эрүүл мэндийн байгууллага, үнэртний үйлдвэрүүд зөвшөөрдөггүй. Заавал химийн найрлага оруулдаг. Ингэснээр үнэртэн илүү зөөлөн, тааламжтай төгс зохицол болж үнэртэй ус бий болдог.
Танай бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хэрхэн хүлээж авч байна вэ?
Хамгийн анхны бүтээгдэхүүн “Yours Truly” буюу “Зөвхөн танд зориулав” гэсэн нэртэй байсан. Монголд 100 ширхэг борлуулсан. Ирээд шууд дууссан. Анхны үнэртэй усаа хийсний дараа надад маш их урам болсон. Би хийж чадах юм байна гэдэг зориг орсон.
Үнэртэн зохион бүтээдэг хүмүүст өөрийн гэсэн онцлог байдаг. Үнэртэн бүртээ хийдэг орц гэх мэт. Өөрийн баримталдаг гол зарчимтай байдаг. Манай эрэгтэй ус маш зөөлөн. Цацаад шууд зөөлөн мэдрэмж өгөхүйц, дангаар нь үнэртвэл дур хүсэл өдөөх найрлага орсон. Сэтгэл татам үнэртэн болсон. Эмэгтэй усны хувьд хэрэглэгчид “Цэцэгсийн хүлэмжинд байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байна” гэж хэлсэн. Эмэгтэй усны найрлагад жимс, цэцэгс орсон. Манго, оранж, улаан сарнай, ягаан дамаск цэцэг гэх мэт. Мангоны тосыг Мөнхнасан шарк Энэтхэгээс авч ирж өгсөн. Би өдөр тутмын энгийн, гэхдээ хүнд сэтгэгдэл төрүүлэхүйц үнэртэн зохиосон.
Өөрийн хүссэн үнэртнээ гаргаад, үнэртэй усаа хийсний дараа ямар сэтгэл хөдлөл гаргадаг вэ?
Уйлдаг. Би үүнийг хийж чадлаа гээд өөрөөрөө бахархаж уйлдаг. Би жижиг баярыг ч тэмдэглэх хэрэгтэй гэж боддог төрлийн хүн. Дотны хүмүүсийнхээ хүрээнд би шинэ бүтээгдэхүүн хийлээ гээд тэмдэглэдэг. Цаашдаа үнэртний чиглэлээр төрөл бүрийн бүтээгдэхүүн хийдэг, үндэсний томоохон үйлдвэрлэгч болно гэж зорьдог. Зорилгодоо тэмүүлж л явна. Эх орныхоо хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулна. Одоо ч тодорхой хэмжээнд оруулаад явж байна гэж боддог. Хамгийн гол зорилго нь Монголчууддаа үнэртний соёлыг түгээх. Монгол эмэгтэй хүн хийсэн, хийж чадаж байгаа шүү гэдгийг харуулахыг хүсдэг.
Хүмүүс үнэртэй ус зохион бүтээдэг гэхээр бусдаас өөр, гаж хувцасладаг гэж боддог. Тэр зүйл нь тархин дотроо л байдаг. Харагдах байдал, яриа гээд бусадтай л адилхан. Би илүү энгийн байхыг хүсдэг. Үнэртэй ус хийх үед төрөл бүрийн үнэрт удаан байснаар заримдаа их идэж, заримдаа гашуун юм уумаар санагдаж, хааяа толгой тархи манарах зэрэг side effect-үүд үүсдэг. Үнэртэй ус хийхээр хүний мэдрэмж нь тулчихдаг. Уумаар байвал уугаад, идмээр байвал идээд. Үнэртэй ус хийдэг шигээ ганцаараа байх үедээ сэтгэл хөдлөлөө гаргадаг.
Үнэртэй усыг савлаад доод хугацаа нь 28 хоног огт онгойлгохгүй байх ёстой. Тэгж байж үнэр нь суудаг. Онгойлгох л юм бол үнэр нь өөрчлөгдөнө. Нэг ус хийчихээд 28 хоногийн дараа задалж үзнэ. Тэр нь таалагдахгүй бол дахиад бүгдийг эхнээс нь хийнэ. Маш их цаг хугацаа ордог. Мэдрэмж, тэвчээр, хүлээцтэй байдал шаардлагатай.
Манай брэнд Шарк танк нэвтрүүлэгт оролцож Мөнхнасан шаркаас ивээн тэтгэлэг авсан. Сүүлийн бүтээгдэхүүнээ найман сарын хугацаанд тасралтгүй хөгжүүлэлт хийж The Lady үнэртэй усаа хийсэн.
Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.