Хятадад шарсан махны ресторанд хооллож байсан дөрвөн эмэгтэй халдлагад өртсөнөөс хойш арав хонож байгаа ч хохирогчдын эргэн тойрон дахь мэдээллүүд нууцлагдаж, вакуум "Тэдгээр эмэгтэйчүүдэд юу тохиолдсон нь" тодорхойгүй болжээ.
Ресторанд хооллож суусан эмэгтэйчүүдийн нэг нь танихгүй эрэгтэй бэлгийн дарамт үзүүлэхийг эсэргүүцсэнээс есөн эрэгтэй эмэгтэйчүүдийг хэрцгийгээр хүчирхийлсэн нь хяналтын камерт бичигдэн, нийтэд цацагдсан юм.
Хяналтын камерт бичигдсэн халдлага Хятад даяар цочирдуулан, удаан хугацааны турш дарамт, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тулгарсан эмэгтэйчүүдийн дургүйцлийг төрүүлсэн.
Гэвч хохирогчид болон тэдний ар гэрийнхэн чимээгүй болсон нь эмэгтэйчүүдийн хувьд “хүсээгүй мэдээ”-г байнга нуун дарагдуулдаг засаглалын тогтолцоог харуулсан гэхэд хилсдэхгүй.
Халдлагаас хойш хэдэн цагийн дараа хохирогчдын нэг нь толгойгоо боосон байдалтай, цусанд будагдсан, эмнэлэгт хэвтсэн байхыг харуулсан байна. Маргааш нь Таншан хотын цагдаагийн газраас хоёр эмэгтэйн амь насанд аюул учруулахааргүй гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн ба биеийн байдал нь тогтвортой байгаа гэж мэдэгдсэн ч тэдний нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй гэнэ.
Өнгөрсөн долоо хоногийн турш цагдаа, эмнэлгийн ажилтнууд болон төрийн дэмжлэгтэй эмэгтэйчүүдийн холбоо болох Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны орон нутгийн салбараас удаа дараа няцаасан ч хохирогчдын заримынх нь биеийн байдал эрх баригчдын мэдэгдсэнээс хамаагүй дордсон гэсэн цуу яриа таржээ.
Зарим нь хяналтын камерын бичлэг нь халдлагын зөвхөн нэг хэсгийг авсан гэж үзэж байгаа бөгөөд хүчирхийлэл ойролцоох гудамжинд камергүй газар үргэлжилсэн гэсэн мэдээлэл ч цацагдаад буй юм.
Цахим орчинд тархсан өөр нэгэн бичлэгт оршин суугчид гудамжинд цэцгийн баглаа тавьж буйг харуулсан нь халдлагад өртсөн эмэгтэйчүүдийн хэн нэгэн нь нас барсан гэх мэдээллийг дэвэргэв. Пүрэв гарагт онлайнаар жинхэнэ эсэхийг нь батлах боломжгүй олон видео гарч ирснээр таамаглал хэрээс хэтэрч, үнэн бодит байдлыг ялгах аргагүй болжээ.
Weibo дээр "Таншан охидыг зодсон нь" гэсэн хаштагтай бичлэгүүдийг баасан гараг гэхэд 200 сая гаруй удаа үзэж, 220 мянга гаруй сэтгэгдэл бичсэн бөгөөд олон хүн эмэгтэйчүүдэд юу тохиолдсоныг мэдэхийг шаардаж эхэлжээ.
Баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ Weibo Таншаны халдлагын талаар "цуу яриа тараасан" хэргээр 320 хаягийг хаасан гэж мэдэгдсэн бөгөөд WeChat-д ч гэсэн энэ хэргийг талаар худал, ташаа мэдээлэл нийтлэлд мөн цензур тавигдсан байна.
Сэжигтнүүдийг баривчлах цагдаагийн шуурхай арга хэмжээ, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Таншаны эрх баригчид зарласан хоёр долоо хоногийн "аян" -ын кампанит ажилд тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд голчлон анхаарч байна.
"China News Weekly" зэрэг ноцтой мэдээллүүдээрээ алдартай цөөн хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмнэлгийн албаны хүмүүс эмэгтэйчүүдийн нэг нь нас барсан гэх мэдээллийг няцаасан албаны хүний тайлбарыг иш татсан боловч энэ нь олон нийтэд итгүүлж чадаагүй гэнэ.
"Эрх баригчид та бүхэн өдөр бүр цуу яриаг үгүйсгэж байна. Нотлох баримт чинь хаана байна?" гэж Weibo хэрэглэгч асуусан пост нийтэлсэн бол "Яагаад цуурхал хаа сайгүй “нисээд” байгаа юм бэ? Яагаад гэвэл бид хаанаас ч ганц өгүүлбэр ч үнэн мэдээлэл олохгүй байгаа учраас" гэж өөр нэг нь нийтэлжээ.
Бичлэгийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: BBC News