Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал илүү хүчтэй хөндөгддөг. Насанд хүрээгүй хүүхдээр эрхлүүлэхийг хориглосон ажлын байрны жагсаалтын талаар бид Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Энхцэцэгээс тодрууллаа.
Насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг хуулиар хэрхэн зохицуулсан байдаг вэ?
Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөрөг нөлөөгүй, сурч боловсроход саад учруулахгүй нөхцөлд 13-15 настай хүүхдийг хууль ёсны төлөөлөгч болон эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд хөнгөн хөдөлмөр эрхлүүлж болно гэж заасан. Ингэхдээ 15 нас хүрээгүй хүнийг урлаг, спорт, зар сурталчилгаанд оролцуулахдаа хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагчийн бичгээр гаргасан зөвшөөрөл, ажиллах цаг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг үндэслэн, хүүхдийн эрхийн улсын байцаагч зөвшөөрөл олгосны үндсэнд хөдөлмөр эрхлүүлж болох заалтыг тусгасан. Дээрх хоёр тохиолдлоос бусад үед насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно.
Хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байгаа, хүүхдээрээ ажил хийлгэж байгаа тухай нэгдсэн судалгааг танай байгууллагаас гаргадаг уу? Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?
Манай байгууллага Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Боловсролын газруудтай хамтран илрүүлэх арга хэмжээ улирал бүр зохион байгуулдаг. 2022 оны хагас жилийн байдлаар нийслэлд хараа хяналт сул 43 хүүхэд, хөдөлмөр эрхлэгч 28 хүүхэд илэрсэн.
Илрүүлэх арга хэмжээний хүрээнд эдгээр хүүхдүүдийн ажил олгогчтой хийсэн гурвалсан гэрээг нь харна. Хүүхэд өөрөө хүсээд, эцэг эхтэй нь гурвалсан гэрээ хийгээд, бага цагаар, тохирсон цалингаа аваад ажиллаж байгаа бол ямар нэгэн асуудалгүй.
Мөн ажил олгогчид насанд хүрээгүй хүүхэд ажиллуулах гэж байгаа бол хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулиа сайн уншиж танилцан, заавал эцэг эх, асран хамгаалагчтай гурвалсан гэрээ хийсний үндсэн дээр, хүүхэд өөрийн хүслээр хөдөлмөр эрхлэх ёстой гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй.
Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд бий юу?
Унаач хүүхдүүдийн асуудал байдаг. Хүүхэд хурдан морь унахыг хориглосон. Гэхдээ, өв соёл, уламжлал гээд насанд хүрээгүй хүүхдүүд морь унадаг. Уяач нь эцэг эхтэй нь гэрээ хийгээд, хүүхдийг эрүүл мэндийн үзлэг, бүрэн даатгалд хамруулсан тохиолдолд уралдаанч хүүхдийг бүртгэж, уралдаанд оролцуулдаг.
Насанд хүрээгүй хүүхдээр хууль бус хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
Зөрчлийн тухай хуульд, “Насанд хүрээгүй хүнээр зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүнд ачааг өргүүлсэн, зөөлгөсөн, насанд хүрээгүй хүнийг шөнө, амралтын өдөр, эсхүл илүү цагаар ажиллуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт байдаг.
Насанд хүрээгүй хүн хийхийг хориглосон ажлын байрны жагсаалт байдаг уу?
Насанд хүрээгүй хүнээр эрхлүүлэхийг хориглосон 15 ажлын байрны жагсаалт байдаг. Үүнд:
- Амьтан сургах
- Муудсан жимс ногоо ялгах
- Газар доор ажиллах
- Барилга нураах
- Ан хийх
- Мал нядалгааны газар ажиллах
- Арьс ширний үйлдвэрт ажиллах
- Гэрийн үйлчлэгч хийх
- Массажны ажил хийх
- Өндөрт тусгай бэхэлгээгүй ажил хийх
- Ачаа зөөх
- Тайчих үзүүлбэр үзүүлэх хөдөлгөөнт худалдаа эрхлэх
- Эмнэг сургах
- Мөрийтэй тоглоом тоглуулах
- Химийн хорт бодистой харьцах гэсэн ажлын байрууд хамаарна.
Мөн хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд аюултай хөдөлмөр эрхлэлт, тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт гэсэн хэлбэрүүд бий.
Аюултай хөдөлмөр эрхлэлт гэж юу вэ, ямар ажил хийвэл энэ хэлбэрт хамаарах вэ?
Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, зан суртахуунд сөргөөр нөлөөлж байгаа эсвэл аюултай, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд ажиллахыг аюултай ажил гэж үздэг. Аюултай ажил нь хүүхдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна гэмтэж бэртэх, өвчин тусах магадлал өндөр. Цаашлаад амь насанд аюултай. Аюултай ажил гэдэгт:
- Хүүхдийг бие мах бодь, сэтгэл санаа, бэлгийн хүчирхийлэлд өртүүлж болзошгүй ажил.
- Газрын гүнд, усан доор, хэт өндөр, эсвэл хэт давчуу орон зайд явагдах ажил. Хүнд ачаа бараа тээвэрлэх ажлууд.
- Аюултай химийн бодис хэрэгсэл, үйл ажиллагаа буюу эрүүл мэндэд хохирол учруулахуйц температур, дуу чимээний түвшин, чичрэлт доргилт зэрэг эрүүл бус орчинд ажиллах ажлууд.
- Уртасгасан цагаар, эсвэл шөнийн ээлжид ажиллах, ажил олгогчийн байранд тодорхой шалтгаангүйгээр байрлуулж ажиллуулах зэрэг багтана
-Тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт гэж юу вэ?
- Хүүхдийг худалдах, өрийн барьцаанд өгөх, боолчлох, албадан хөдөлмөр эрхлүүлэх, зэвсэгт мөргөлдөөнд дайчлах, хүчээр элсүүлэх зэрэг боолчлолын бүх хэлбэрүүд, түүнтэй төстэй практикууд
- Хүүхдийг биеийг үнэлүүлэх, садар самуун агуулга бүхий материал үйлдвэрлэх, садар самууны үзвэр, үйлчилгээнд ашиглах, татан оролцуулах, уг ажлыг санал болгох
- Холбогдох олон улсын гэрээнд заасанчлан мансууруулах бодис үйлдвэрлэх, хил дамнуулан худалдах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, зуучлах, эсвэл санал болгох
- Үйл ажиллагааны мөн чанар үр дагаврын хувьд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, зан суртахуунд хохирол учруулахуйц ажлууд орно.
Эдгээр аюултай ажил хийсэн, тэвчишгүй хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт хүлээлгэх хариуцлага Монгол улсын Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт тодорхой заасан байдаг.
ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БУУРААГҮЙ
Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн 5 жилд буураагүй бөгөөд хөвгүүд, хөдөөгийн хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь өндөр байсаар байна.
Хүйсээр нь авч үзвэл хөвгүүд охидтой харьцуулахад эдийн засгийн үйл ажиллагаанд илүү оролцох, аюултай нөхцөлд ажиллах нь илүү байна.
Хүүхдийн аюултай хөдөлмөр эрхлэлтэд эхийн боловсролын түвшний хамаарал ямар байгааг харвал боловсролгүй эхийн хүүхэд 13.9 хувь байгаа бол дээд боловсролтой эхийн хүүхэд 3.3 хувийг эзэлж байна.
Нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 48 хувь нь амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд байгаа бол амьжиргааны түвшин дээшлэх тусам хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь буурч байна.