Эмнэлгийн буруутай үйл ажиллагаа, эмч нарын хариуцлагагүй байдлаас үүдэн олгойн хагалгаанд орсон хүүхэд саажилттай болсон талаар Баянхонгор аймгийн иргэн Б.Мөнхтогоо, Б.Мөнх-Эрдэнэ нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ талаар Баянхонгор аймгийн иргэн Б.Мөнх-Эрдэнэ "2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр гэдэс дотор нь өвдөж, улмаар сумынхаа эмнэлэгт үзүүлсэн. Олгой ургасан шинж тэмдэгтэй учраас Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явах хэрэгтэй гэж сумын эмч нар хэлсэн. Ингээд 2019 оны тавдугаар сарын 10-нд аймагтаа олгой хагалгаанд орсон. Хагалгаанд ороод ухаангүй байсан шөнө аймгийн эмч нар ар гэрт нь мэдэгдэхгүйгээр нугаснаас нь ус авсан. Мөн маргааш өдөр нь хоёр дахь удаагаа нугаснаас ус авсан байгаа юм.
Хамгийн гол нь мэдээгүйжүүлэлтийг нугасаар хийж, дараа нь унтуулгын тариаг судсаар хийсэн байгаа юм. Хоёр өөр бодисыг хавсарч тарьснаар тархины эд эсүүд гэмтсэн талаарх эмч нарын дүгнэлт ч гарсан. Гэтэл үүнийг менингококк халдвараар тархи нь гэмтсэн гэж бидэнд ойлгуулж ярьсан. Түүнчлэн ухаангүй байх хугацаанд тус нэгдсэн эмнэлгийн эмч нар сүрьеэ өвчин гэж бидэнд хэлсэн гэсэн юм.
Хүүгийн аав Б.Мөнхтогоо "Үйлдлээ нуух зорилготойгоор өөр өвчин болгож сүрьеэгийнхээ тасаг руу явуулахаар шийдсэн байгаа юм. Хүүхдийн маань бие улам муудсан учраас аймагт 11 хоноод хотод ирсэн. Гэвч саажилт чангаралтай өдийг хүртэл явж байна" гэв.
Хүүхдийн биеийн байдал маш хүнд, дөрвөн мөч нугас нурууны байнгын таталттай. Энэ хугацаанд хөдөө амьдардаг ар гэрийнх нь амьдрал ахуй бүрэн зогссон. Сургуульд байдаг хүүхэд нь сургуулиас гарч дүүгээ асарч байна. Ээж нь байнга тэвэрч өргөөд гурван жил явсан. Энэ өвлөөс нурууны гэмтэлтэй болж эхэлсэн. Хүүхдийн мэдээгүйжүүлэлтийн эмчилгээнээс үүдэн ийм сөрөг дагавар үүссэн гэдгийг олон эмч дүгнэсэн. 12 наснаас доош насны хүүхдэд ерөнхий унтуулга хийнэ гэдэг зөвлөмжтэй байхад аймгийн унтуулгын эмч П.Алтанзаяа хүүхдэд нугасаар мэдээ алдуулалт хийсэн. Мөн давхар унтуулга хийсэн учраас тархи нь маш хүнд өвдөх шалтгаан болсон гэлээ.