Англи хэлний мэдлэгээ хэрхэн дээшлүүлэх, чөлөөтэй, зөв дуудлагатай ярьж сурах талаар “Inspired by zaya” төвийг үүсгэн байгуулагч, олон улсын сэтгүүлч Э.Ариунзаяатай ярилцлаа.
АНГЛИАР БОДОЖ, ТӨСӨӨЛЖ СУРАХ НЬ ҮР ДҮНТЭЙ
Хүн бүхэнд өөр өөрсдийн гэсэн бие даан сурах арга бий. Таны хувьд, хэл сурах чухал зарчмуудыг хэрхэн эрмбэлдэг бэ? Юу хамгийн чухал вэ?
Англи хэл сурахад маш олон ур чадвар хүнд хэрэгтэй болдог. Хамгийн чухал нь сэтгэл зүй. Би хэл сурна. Хэл сурснаар миний карьерт маш олон үүд хаалга нээгдэнэ. Албан тушаал ахина гэдгийг ухамсарлах хэрэгтэй. it’s not easy game буюу хэл сурах явц амархан тоглоом биш. “Хэл сурахад бөгс өвддөг юм” гэж Б.Ренчин гуай хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр, сэтгэл зүйгээ тогтоон барьж, суугаад сурчих чадвар хоёрдугаарт хэрэгтэй болох нь. Мөн тухайн хүний хичээл зүтгэл хамгийн чухал. Өөрөө хичээхгүй бол Кембриджийн 10 багш, Харвардын 20 багш ирж заагаад ч нэмэргүй. Цаг гаргаж, зориулалт гаргаж байж сурах хэрэгтэй.
ӨДӨР БҮР СОНСОЖ, ОРЧИН БҮРДҮҮЛЖ СУРААРАЙ
“Хичнээн сонсоод ч ойлгохгүй юм. Чих онгойхгүй юм” гэж ярьцгаадаг шүү дээ. Хүний яриаг сонсож ойлгох ур чадварт яаж суралцах хэрэгтэй вэ?
Хүн бүр гадагшаа яваад сурах боломж байхгүй учраас өөрөө өөртөө орчин бүрдүүлж хэвших хэрэгтэй. Юун түрүүнд, Англи хэл дээр кино, нэвтрүүлэг үзэх, Netflix, HBO-с эхлээд гадаад сувгуудыг тогтмол үздэг болох хэрэгтэй. Үгээ цээжлэхдээ стикер наах, флаш карт ашиглаж сурах нь их чухал. Бас, “think in English” буюу англиар бодох нь чухал. Нүдэнд харагдаж байгаа, ойр орчинд болж байгаа бүх үйл явдлыг англиар бодож, төсөөлөх нь их үр дүн өгдөг. Жишээлбэл, гудамжаар явахдаа харсан зүйлээ “Би энэ үгийг Англиар мэддэг бил үү?” гэж асуух хэрэгтэй. Мөн харагдаж байгаа зүйлсийг шууд бодож болно. “Two girls are running, this white car is going fast” гэх мэт нүдэнд харагдаж байгаа бүх үйлдлээ англиар бодно. Ингэж явсаар англиар зүүдэлдэг дээрээ ирнэ. Англиар зүүдлэх л юм бол үнэхээр баярлах хэрэгтэй. Би англи хэл сураад дажгүй болж байгаа юм байна. Ёстой дүрээ олж байгаа юм байна гэж өөртөө баярлах, бахархах хэрэгтэй. Англи хэл сурахыг цайз эзлэхтэй адил гэдэг. Яг ийм тогтсон дадлуудаар хүний хэлний мэдлэг сайжирдаг. Энэ дундаас өөрт хамгийн сайн тохирох аргаа олж мэддэг.
Бүх оюун санаагаа л хэл сурахдаа төвлөрүүлнэ гэсэн байх нь ээ?
Англи хэл сурахаар шийдсэн байгаа бол умбаж ор гэдэг. Умбаж орно гэдэг нь түүндээ дурлахыг хэлж байгаа хэрэг. Түүнээс биш, долоо хоногт гурван өдөр нэг хичээлд суучихаад, энэ багш л намайг “тасархай” болгож өгөх байх гэж бодвол өрөөсгөл болно. Хүмүүс их амархан юм боддог. Ганцхан сар дотор нэг түвшин ахина гээд л. Гэтэл хүн гурван сар нухацтай мэрийж байж нэг түвшин ахидаг.
ТҮРГЭН ХЭЛЛЭГ УНШСАНААР ДУУДЛАГА САЙЖИРДАГ
Унаган Англи хэлтэй хүмүүсийнх шиг цэвэр дуудлагатай болохын нууц нь юу байдаг бол?
Монголчууд хэлний төрөлхийн авьяастай. Жаахнаасаа л гадаад хэл сурсан бол цэвэр дуудлагатай байна гэсэн үг биш шүү дээ. Үүний нууц нь түргэн хэллэг. Түргэн хэллэг уншаад 3-4 долоо хоног болоход хүний хэл засраад, “хугараад” ирдэг. Нөгөө нэг арга нь, өөртөө сонсогдохоор тод чанга унших хэрэгтэй.
Буруу ярих вий. Дүрмийн алдаа гаргах вий гэх бодлоосоо болж ярихгүй хойш суух тохиолдол олон байдаг шүү дээ. Энэ бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ?
Манай Монголчуудад ичимхий зангаасаа болж, хэлний асуудалтай тулгарах нь элбэг. Гадаад хүмүүстэй ярихдаа биеэ барих, санаа зовохын хэрэг огт байхгүй. Алдаж онож байж л сурна шүү дээ. Гадныхан эелдэг хүмүүс учраас алдааг чинь засаад л өгнө. Мөн багшаасаа асуухдаа ичиж нэрэлхэхгүй байх хэрэгэтэй. Багшаа эмч хүн гэж бодох хэрэгтэй. Эмч хүн өвчтөнөө эмчилж эдгээдэгтэй адил та нээлттэй байснаар их олон сул талаа харж, залруулж авах боломж бүрдэнэ.
Сураад л байвал Англи хэл хайр татмаар хэл шүү дээ. Гагцхүү үүнд умбаж орох л хэрэгтэй. Сууриа зөв тавих хэрэгтэй. Бас сурахаасаа өнгөрсөн гэдэг бодлоо авч хаях чухал. 60 гарсан хүмүүс ч хэлийг маш сайн сурч байна. Гагцхүү хүний хүсэл эрмэлзэл л чухал.
Ярилцсанд баярлалаа.
Бичлэгийг дээрээс хүлээн авч үзнэ үү.