Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2020 оны зургаадугаар сарын 2-ны өдөр УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байв. Нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий хорооноос батламжаа гардан авч, намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулсан. Ингээд иргэдийн дийлэнх нь МАН-д итгэл хүлээлгэж байлаа. Сонгогчдын итгэл хүлээлгэсэн тэд мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд 2 жилийн хугацаа үлдлээ. Уг нь, эрх баригч нам өдийд мөрийн хөтөлбөрийнхөө 50 хувийг биелүүлчихсэн байх учиртай. Замынхаа хагаст ирлээ. Тэд амлалтаа биелүүлсэн үү?
Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран хийсэн судалгаагаар, манай улсын нийт иргэдийн гуравны нэг буюу 30 орчим хувь нь ядууралд өртсөн гэсэн дүн гарсан байдаг. Тэгвэл ядуурлын түвшинг МАН 2024 он хүртэл хоёр дахин бууруулахаар зорилт тавьжээ. Ингэхдээ иргэдийнхээ цалин орлогыг шат дараатай нэмэгдүүлэх замаар ядуу иргэдийнхээ тоог бууруулж, хөгжилд хөтөлнө гэж амлажээ. Нэр дэвшигчид батламжаа гардан авах үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Бид зүтгэнэ. Хамтдаа хөгжинө” уриа дэвшүүллээ. Бид улс орны хөгжлийг том зургаар харж байна” хэмээн манай Өрөг.мн сайтад ярилцлага өгч байв.
Энэ удаад МАН-ын мөрийн хөтөлбөрийн жин дарах хэсэг болсон Орлоготой иргэн хөтөлбөрт юу тусгасан талаар бид бүрэн эхээр нь эргэн сануулж, амлалт нэхэж байна.
МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС…
1.1 ОРЛОГОТОЙ ИРГЭН
1.1.1. Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.
1.1.2. Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна.
1.1.3. Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно.
1.1.4. Өрхийн бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ.
1.1.5. Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно.
1.1.6. Гарааны бизнес эрхлэгч оюутан, залууст бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
1.1.7. Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ.
1.1.8. Орлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулна.
1.1.9. Орлого багатай өрхийн ажил эрхлээгүй насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
1.1.10. Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
1.1.11. Мөнгө хүүлэлтийг таслан зогсоож, иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.
1.1.12. Арилжааны банкны үйл ажиллагаанд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ.
1.1.13. Зах зээлийн ил тод, нээлттэй байдал, шударга өрсөлдөөнийг хангаж, тэгш гараанаас бизнес эрхлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
1.1.14. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлж, хамгийн бага түрээс төлөх зохицуулалт хийнэ.
1.1.15. Оюу толгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ.
1.1.16. Оюу толгой болон бусад уул уурхайн төслүүдээс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих нийгмийн хариуцлагын сан байгуулна.
1.1.17. Хот, хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэх тэгш боломжийг бүрдүүлнэ.
1.1.18. Иргэдийн туршлага, ур чадвартаа түшиглэн хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл олгоно.
Эдгээр мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь биелсэн бэ? Иргэн та хэрхэн дүгнэж байна вэ? Эрх баригч намынхан өөрсдөө хэмжүүрээ хэрхэн гаргаж байгаа бол? Ямартай ч тэд энэ зорилтуудынхаа 50 хувийг өдийд биелүүлчихсэн байх учиртай. Үгүй бол сонгогчдынхоо өмнө худал хэлсэн хэрэг болно. Энэ амлалтыг хэрэгжих боломжтой хэмээн итгэж иргэд тэдэнд төрийн жолоо атгуулсныг санах учиртай…
Бичлэгийг дээрээс үзнэ үү.