Дэлгэрэнгүйг дээрх нэвтрүүлгээс үзнэ үү
Өрөг хэлэлцүүлэг энэ удаа “Боловсролын шинэчлэл хувийн сургуулиудыг зохицуулж чадах уу?” сэдвээр ярилцлаа.
Нэвтрүүлгийн зочдоор:
- УИХ-ын гишүүн Ч.Ундрам
- Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг
- Судлаач, хуульч Т.Энхжаргал
Өнөөдрийг хүртэл хувийн сургуулиуд ямар ч зохицуулалтгүй явсаар ирсэн. Хэдийгээр сайн боловсрол олгоно гэсэн зорилготой байдаг ч хөтөлбөр, чанар, стандартыг хянадаг, зохицуулдаг газар байдаггүй. Энэ зохицуулалтыг хэн хаанаас яаж хийх ёстой юм бэ?
Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг
ХУВИЙН СУРГУУЛЬ НИЙГЭМД ТЭГШ БУС БАЙДЛЫГ БИЙ БОЛГОДОГ
- Бусад улс орнууд боловсролын тогтолцоондоо хувийн хэвшлийг оролцуулсан байдаг. Харин Монгол улс зах зээлийн механизмыг нэвтрүүлэх гэдэг зорилготойгоор хувийн хэвшлийн сургууль цэцэрлэгийг байгуулахыг зөвшөөрсөн. Энэ нь маш муу хувилбар. Хувийн сургуулиудыг байгуулчих юм бол улсын сургуулиудтай өрсөлдөөд аль алиных нь чанар сайжирна гэсэн бодлогын хүлээлттэй байсан. Гэвч бодлогын хүлээлтдээ хүрээгүй. Үр дүн нь эсрэгээрээ гарч ирсэн. Боловсролыг салбарт төдийгүй нийгэмд тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх, төлбөрийн чадвар, нийгэм эдийн засгийн статусаар нь сургуулиудыг ялгаатай болгох таагүй үр дагаварыг бий болгосон гэсэн үг.
- Үүнийг хэн хамгийн түрүүнд мэдэрдэг вэ гэхээр, эцэг эх, суралцагчид мэдэрдэг. Бодлогыг гаргасан дээд түвшиний шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүс үүнийг мэдрэхгүй байж магадгүй. Гэтэл ТББ-ын хувьд ХЭҮК, БСШУ-ны яам, МХЕГ-аас хувийн сургуулиудтай холбоотой ямар гомдол санал, ямар зөрчил илэрч байна гээд асуухаар хүүхдийн эрх зөрчигдлөө л гэж хандсан байгаа юм. Манай хүүхдийг төлбөрөө төлөөгүй гээд сургуулиас хөөсөн, баримт бичгийг нь барьцаалсан, онлайн бүртгэлээс хасахгүй учраас бусад сургуульд орж чадахгүй, миний хүүхдийн эрх зөрчигдсөн гэдэг.
- Ковидын үед төлбөрийн зохицуулалт ерөөсөө хийхгүй байна. Төлбөрөө бүтэн авах гээд байна. Онлайн сургалт явагдсан сургууль цэцэрлэгүүдийн төсөв нэлээдгүй хэмнэгдсэн байтал бүтэн төлбөрөө авч байнаа нь шудрага уу? Гэх мэт гомдлууд гарсан байгаа юм. Эцэг эхчүүд үүнийг ил хэлж чаддаггүй. Дандаа нууцаар, чатаар, мессежээр хэлдэг. Гомдолоо төрийн байгууллагад хэлвэл миний хүүхдийг хувийн сургуулиас хасах байх эсвэл өөр ялгаатай хандах байх гэсэн айдастай байдаг.
Ямар ч зохицуулалтгүй явсаар ирсэн энэ салбарыг боловсролын салбарын цогц хуулиар зохицуулж чадах уу? Зохицуулахдаа ямар хүрээнд юуг зохицуулах шаардлагатай вэ?
УИХ-ын гишүүн Ч.Ундрам
ТӨР БОЛОВСРОЛЫН САЛБАРТАА ТӨДИЙЛӨН САЙН АНХААРААГҮЙ
- Хувийн сургуулиуд дээр эцэг эхчүүдээс ямар гомдол иодэг нэгдүгээрт төлбөрөө огт мэдэгдэлгүй нэмдэг. Энэ асуудлыг ШӨХТГ-аас тодорхой хэмжээгээр хуулийн дагуу зохицуулсан байдаг. Үүнийг огт дагаж мөрддөггүй. Мөн суудлын мөнгө гэж өмнө жил нь авдаг. Тэр бол маш том асуудлыг гаргаж байгаа. Монгол улсаас боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан хөтөлбөрийг мөрддөггүй. Монгол улс өөрийн гэсэн нэгдмэл бодлоготой. Ялангуяа боловсролын буюу бидний ирээдүй хойч үе хүүхдүүд маань ямар улс оронд хайртай байх ёстой, ямар хэл түүх соёл мэддэг байх ёстой гээд бидний төрийн бодлого байдаг. Түүнийг ч бас баримтладаггүй.
- Хувийн сургуулиудын 90 хувь нь таван сая төгрөгөөс доош төлбөртэй. Энэ сургуулиуд төрөөс хувьсах зардал авч байгаа. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байна гээд тухайн хүүхдэд ногдох хувьсах зардлыг авч байж төрийн бодлогыг хэрэгжүүлэхгүй байгаа нь том асуудал гэсэн үг.
- 1993 онд анхны хувийн сургуулиуд байгуулагдсан. Энэ сургуулиуд төрийн ачааг үүрэлцсэн. Өөрийнсдийнхөө эд хөрөнгө, цаг хугацагааг оруулчихсан хүмүүсийн хувийн хэвшил рүү төр халдлаа гэсэн байдлаар хамгийн том үндэслэлийг хэлж байгаа юм.
- Өнгөрсөн 30 жилд Монгол улсын төр боловсролын салбартаа төдийлөн сайн анхаараагүй. Тэр үеэр зөв бодлого гаргаж чадаагүй учраас хувийн сургуулиуд маань зохицуулалтгүй хөгжиж яваад ирсэн. Мэдээж хүн өөрийнхөө хүүхдийг бусдаас илүү байгаасай гээд хэдэн төгрөг олоод хувийн сургуульд өгч байгаа. Төр ч гэсэн хувьсах зардал тухайн хүүхдүүдийн тоогоор олгохын хажуугаар маш олон төрлийн татвараас чөлөөлөөд хувийн сургуулиудаа дэмжиж ирсэн. Өнөөдөр энэ сургуулиуд маань эцэг эхтэй холбоотой гомдлуудыг гаргаад эцэг эхтэй давуу эрхтэй харьцдаг болчихсон.
- Татвар төлөгчдийн мөнгийг авч байж төрийн боловсролын талаарх бодлогыг тэнд хэрэгжүүлэхгүй байна. Нийгэмд хүүхдүүд өөр өөр гараанаас орж байгаа. Монгол улсын хүүхэд бүр тэгш боломжоор хангагдах ёстой. Эрүүл мэнд болон боловсролын үйлчилгээг төрөөс өгөх ёстой.
- Төр хүүхдүүдээ ялгаатай амьдрал руу оруулж болохгүй гэдэг л хамгийн том асуудал. Хувийн сургуулийн өмчийг мэдээж төр шууд хураахгүй. Энэ дээр хоёр талаас сууж ярилцаад хүүхдүүдийн төлөө зөв зөвшилцөлд хүрэх ёстой.
Сургууль төрийн бус байгууллагын статусаар бүртгэгддэг учраас татвараас бол чөлөөлөгдсөн. Ер нь энэ эрх зүйн орчны хувьд сайжруулах шаардлагатай тодорхой болгох шаардлагатай ямар асуудлууд байгаа вэ?
Судлаач, хуульч Т.Энхжаргал
ХУВИЙН СУРГУУЛЬ ӨӨРСДӨӨ ДҮРМЭЭ ЗОХИОЖ БУЙ НЬ СӨРӨГ ҮР ДАГАВАР ДУГУУЛЖ БАЙНА
- Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Бүх нийтийн суурь боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэж заасан. Энэ эрхийг төр баталгаажуулах ёстой. Түүний ард иргэд төрөөс тавьж байгаа шаардлагад нийцүүлсэн хувийн сургууль байгуулж болно гэсэн эрх олгосон заалттай. Манай үндсэн хуулийн зохицуулалт бусдаас онцгой зохицуулалт биш л дээ. Иргэдийн хувийн сургууль байгуулах нь ямар хэмжээ хязгаараар тодорхойлогддог юм бэ гэхээр өөрсдийн тодорхой шашин шүтлэг, итгэл үнэмшлийнхээ хүрээнд төрөөс олгодоггүй мэдлэг боловрол, уламжлалт соёлоо үр хүүхдүүддээ үлдээх зорилгоор сургуулийг сайн дурын үндсэн дээр байгуулах эрхээр нь хангаж байгаа.
- Сургууль байгуулж байгаагийнх нь төлөө төр өөрийнхөө иргэдээ сурч боловсрох эрхээр нь хангах үүргээсээ хэзээ ч чөлөөлөгдөхгүй. 30 жилийн хугацаанд Монгол улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш төр өөрөө төсвийн алдагдалтай байдаг ч юм уу, ямар нэгэн шалтгаанаар энэ чиг үүргээ хуваарилаад өгчихсөн. Тэндээ тодорхой тодорхой хэсэгтэй бараг хуулиас давчихсан хэмжээний эрх мэдэлтэй болчихсон.
- Хүүхэд нь тэнд сурч боловсорч байгаа учраас шаардлага тавьж чадахгүй. Нэгэнт хувийн сургуулиуд төрийн чиг үүргийг хамтран хүлээж байгаа гэж үзвэл хуулиар тавьж байгаа шаардлагад нийцүүлэх ёстой.
- Хоёрдугаарт дутагдалтай асуудлын талаар яриад байна. Манай боловсролын салбарын хуулинд хувийн сургуулийн үйл ажиллагааг маш ерөнхий орхичихсон. Түүний нэг нь ашгийн болон ашгийн бус байж болохоор зохицуулчихсан. Энэ нь үүсгэн байгуулагчийн өөрийнх нь сонголтын асуудал болж хувирч байгаа юм .
- Ашгийн төлөө байгаагийнхаа төлөө иүү татвар төлдөг эсвэл ашгийн бусаар үйл явуулж байгаа нь бусад хувийн сургуулиас арай давуу байдал хүлээдэг ч юм уу ийм ялгаатай зохицуулалт байхгүй. Өөрийнхөө дүрмээр өөрийнхөө үйл ажиллагааг зохицуулдаг. Энэ нь маш сөрөг үр дагавартай зүйлүүдийн нэг нь гэж үзэж байгаа.
- Миний бодлоор энэ бол дэлхий нийтэд харьцангуй маргаангүй болчихсон асуудлуудын нэг. 2015 онд НҮБ-ын сурч боловсрох эрхийн тусгай илтгэгч гэж хүн яг энэ боловсролын салбар арилжааны шинж чанартай болж байгаа асуудлаар тусгайлсан тайлан бичээд гаргачихсан байсан. Арилжааны шинж чанартай болж байгаа асуудал зөвхөн Монголд бий болоод байгаа зүйл биш дэлхийд хөгжиж байгаа ядуу буурай ч юм уу энэ бүх улсад энэ нөхцөл байдлыг даван туулаад гараад явж байгаа.
- Шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол дахиад 10, 20 жилийг алдвал, үүнээс илүү хүнд байдалд орно.