Иргэд бусдыг доромжилсон нь тогтоогдвол зургаан сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах, 1 сая 300 мянга хүртэлх төгрөгөөр торгох хуулийн заалт оруулахаар ярьж байна. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөочлөлтийн төсөл олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Учир нь, уг хуулийн өөрчлөлтийн доромжлохтой холбоотой асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулахаар ярьж байна. Энэ нь иргэдийг үг хэлэх эрхийг хязгаарлаж, олон улсын жишгээс гажсан, ухралт болно гэж зарим хуульч шүүмжлэлтэй хандаж байна. Бид энэ асуудлыг “Глоб интернэшнл төв” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “Доромжлох заалт Эрүүгийн хуульд орвол иргэд засгийн газраа шүүмжилж болохгүй байдалд хүрнэ гэж ойлгож болно. Шударга шүүмжлэл өрнүүлэх, чөлөөт илэрхийллээ гаргах, улмаар үг хэлэх эрх чөлөөг нухчин дарах хамгийн том эрсдэл учирна.
Нэгдүгээрт, “Доромжлох” гэдэг заалт орох хэрэгцээ шаардлага манай улсад үүсээгүй. Хоёрдугаарт, дэлхийн чиг хандлагын хувьд доромжлохтой холбоотой зүйл заалтаа халж байгаа.
Илт худал мэдээлэл тараасан бол гэж хуулийн төсөлд заасан байсан. Гэхдээ “илт” гэж юуг хэлэх тухай аливаа хуулийн тайлбар алга. Дээд шүүхээс холбогдуулан гаргасан тайлбар гэж байдаг. Энэ хэргийг шалгаж буй эрх бүхий албан тушаалтан өөрийн дотоод итгэл үнэмшлээр өөрөө хуулийг дур мэдэн тайлбарлах хэрэглэх боломжийг бүрдүүлчихсэн байна . Нөгөө талаас, эрүүгийн хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд “илт” гэдэг нэр томьёог хасах заалтыг өргөн барьсан байсан. Гэтэл үүнийг хасах юм бол худлаа хэлж болохгүй. Ямар ч нийгмийн харилцаан дээр худлаа хэлэх юм бол эрүүгийн хуулийн хариуцлагад орох гээд байна. Тэгэхээр цахим орчинд тухайн анхдагч мэдээллийг гаргаж тавьсан иргэнээр зогсохгүй, иргэний мэдээллийг хуваалцсан иргэн бүр хариуцлага оногдуулах боломжтой болчхоод байна гэсэн үг.
Энэ заалтын гол үр нөлөө хэзээ хэрэгждэг вэ гэхээр сонгуулийн жилүүдэд эрчимтэй хэрэгждэг. Зарим хүний хэлж байгаа тайлбараар, энэ гэмт хэргийн улмаас сэтгүүлчид, комедианууд эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэдэг. Энэ бол үндсэндээ хууль зүйн анхан шатны ойлголтгүй хүний л үг. Магадгүй энэ доромжлох вий гэсэндээ доромжлохтой, гүтгэхтэй холбоотой заалт дээр гомдож буй хүмүүсийг аваад үзэхэд ердөө л улс төрд нөлөө бүхий этгээдүүд төрийн албан тушаалтан, төрийн байгууллага л байдаг. Гурван хэрэг тутмын нэгд нь эдгээр хүмүүсээс гомдол гаргасан байдаг ” гэлээ.
"Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд:
“13.15 дугаар зүйл.Доромжлох
1. Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.
Видео ярилцлагыг дээрээс үзнэ үү.