Улаанбаатар хотын хүн амын тоо 1 сая 618 мянга 639 байна. Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш дорвитой парк шинэчлэл хийгээгүй бөгөөд 2022 оны төгсгөлд нийтийн тээврийн үйлчилгээний ашиглалтаас 10 жилээс дээш хугацаанд явсан 975 тээврийн хэрэгсэл хасагдана. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 1432 автобус шаардлагатай, үүний 50 хувийг 2022 ондоо багтаан оруулж ирэхээр төлөвлөсөн хэмээн нийслэлийн Засаг дарга өнгөрсөн лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулах асуудлаа танилцуулсны дараа хэвлэлийнхэнд мэдээлсэн юм.
Тэрбээр, 2022 оны наймдугаар сарын 20-ны дотор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 591 автобус авна. 2023 онд 299, 2024 онд 86 гээд нийт 970 гаруй тээврийн хэрэгслийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна.
-Санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Санхүүужилтийг дотоодын болон гадаадын эх үүсвэрээр шийднэ. Хоёр жилийн хугацаанд 40 орчим сая ам.долларын өр төлбөрийг хот өөрийн үйл ажиллагааны орлогоор нөхөн төлж дуусах санхүүгийн төлөвлөлт гаргасан. Удаан жил явсан 530 гаруй автобус нэн яаралтай шинэчлэх үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн. Энэ асуудлаа бид Засгийн газрын хуралдаанд танилцуулан, тогтоол гаргуулах замаар шууд худалдан авалт хийлгэж, нэмэлтээр засвар үйлчилгээг нь хамт оруулж ирэхээр төлөвлөн ажиллаж байна.
Нийтийн тээврийн парк шинэчлэлд улсын төсвөөс 60 тэрбум төгрөг зарцуулна. Сангийн яамнаас гаалийн болон НӨАТ-аас чөлөөлж өгөх шаардлагатай гэж харж байна. Орчин үеийн шаардлага хангасан дотроо интернэттэй автобус оруулж ирэхээр сонгосон, иргэд ч үүнийг хүсэж байна.
Нийслэлийн түгжрэлийг бууруулах нэг асуудал нь л нийтийн тээвэр. Түгжрэл бол бүх нийтийн асуудал болсон. Улаанбаатар хотод хөнгөн галт тэрэг зайлшгүй хэрэгтэй. Хөнгөн галт тэрэг гэдэг нь 4-5 чирэх бүрэлдэхүүнтэй. Хөнгөн галт тэргийг нэвтрүүлэхэд 510 сая долларын хөрөнгө оруулалтын баталгаа гаргах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар оруулсан. Хот өөрийн дотоод нөөц бололцоог дайчлан хөнгөн галт тэргийг нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Хотын орлогыг өөрт нь хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдээвэл бид тодорхой эх үүсвэрийг гаргах боломжтой гэж тооцоолсон. Нөгөө талаас Засгийн газраас санхүүгийн тодорхой хувийг гаргах, дэмжлэг үзүүлэх хувилбарыг тооцоолж байна.
Улсын өрийн таазанд нөлөөлөхгүйгээр хөнгөн галт тэрэг болон тойрог хурдны зам зэрэг төслүүдээ хэрэгжүүлэх тооцооллуудыг хийсэн байгаа. Олон улсын стандартад нийцсэн цоо шинэ тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод нийлүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ мэт олон шийдлээр хотын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2024 онд тээврийн хэрэгслүүд тэг зогсолтод орно. Зам дээр гарахад машинууд нам зогсоно гэсэн үг. Үүний эсрэг нийтийн тээврийн парк шинэчлэл хийх, ухаалаг удирдлагын систем нэвтрүүлэх, авто зогсоолуудыг ухаалаг удирдлагын мэдрэгчтэй холбож өгнө. Зогсоолуудын тарифын асуудлыг НИТХ-аар оруулж ирэхээр бэлдэж байна.
Мөн автомашины бүртгэлийг зайлшгүй хийх ёстой. Улаанбаатарт 400 мянган тээврийн хэрэгсэл байгааг болов уу гэж бодож байна. Хотын иргэдийн нэр дээр бүртгэлтэй орон нутгийн машинууд олон байгаа байх.
-Улаанбаатар хот бие даан хөрөнгө босгох боломжтой юу?
-Бонд үнэт цаас гаргах, концессийн гэрээ хийх бол Сангийн яамтай зөвшилцөж, Монгол Улсын өрийн таазанд нөлөөлөхгүй байхаар шийдвэрлэхээс гадна хэрэгжүүлж буй төслүүд нь эргэн төлөгдөх нөхцөл сайтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зохицуулалттай. Тиймээс нийслэлийн эзэмшлийн хөрөнгийг тоолж, үнэлгээ хийх ажлыг долоодугаар сард эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Есдүгээр сард гэхэд хэдэн их наяд төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөтэй хот болох нь тодорхой болно. Үнэлгээг олон улсын шаардлага хангасан байгууллагаар хийлгэнэ. Үнэлгээ гаргасны дараа Сангийн яамтай ярилцаж, Засгийн газрын хуралдаанд заавал танилцуулж ажиллана гэлээ.