Бизнес өрөг нэвтрүүлэг энэ удаа Голомт банкны байгууллагын банк хариуцсан газрын захирал З.Мягмардоржийг онцолж ярилцлаа.
Түүнийг онцлох болсон шалтгаан бол Монголын арилжааны банкууд санхүүгийн салбарт хэрхэн “тоглолт” хийж байгаа тухай юм.
Сургуулиа төгсөөд Голомт банкны теллеерээс ажлын гараагаа эхлүүлсэн түүнтэй бид,
- Энэ замаар явж буй залуус карьерын хувьд хаана хүрч болох
- Банк компаниудад хөрөнгө оруулалт холбох, борлуулалтыг нь нэмэгдүүлэхэд тусалдаг
- Бонд гаргаж хөрөнгө оруулалт татах боломжийг компаниуд хэрхэн ашиглах талаар ярилцлаа.
ЗЭЭЛИЙН АЖИЛ Л ХИЙХГҮЙ БОЛ БИЗНЕСИЙН УДИРДЛАГААР ТӨГССӨНИЙ ХЭРЭГ БАЙХГҮЙ ГЭСЭН ОМГОЛОН, АМБИЦТАЙ БАЙСАН
-Арилжааны банкууд санхүүгийн салбарын тоглоомын дүрэмд гол нөлөөтэй байдаг. IPO хийх гэж байгаахолбоотой арилжааны банкуудаас асуух зүйл их байна. Хамгийн анх та Голомт банканд 15 жилийн өмнө ажилд орохдоо ямар ажлаас эхэлж байсан б? Ямар шатаар өгссөн бэ?
-Би 2007 оноос Голомт банканд ажиллаж эхэлсэн. Тэнд би харилцагчийн зөвлөх хийдэг байлаа. Үйлчлүүлэхээр орж ирсэн харилцагчдад хамгийн түрүүнд үйлчлээд, ямар үйлчилгээг яаж авахыг нь чиглүүлж өгдөг ажилтнаас теллер, харилцагчийн үйлчилгээний менежер, зээлийн ажилтан, ахлах зээлийн ажилтан гээд салбарын хүрээнд хийж болох бүх ажлыг шат дараатай хийж сурсан.
Тэр үед иргэдийн санхүү болон байгууллагын санхүүгийн ажилд ажиллах асар том ялгаатайг ойлгож авсан. Хариуцлагын хувьд ч өөр. Нэг хувь хүнд тусалж, дэмжиж, хамтарч ажилладаг байсан бол байгууллага руу чиглэхээр байгууллагаар дамжуулаад улсын хөгжилд, мөн тухайн төслийн хөгжилд хувь нэмэр оруулж болох хариуцлагыг улам бүр ухамсарлаж ирсэн. Өнгөрсөн жилээс байгууллагын банкны газраа буюу байгууллагыг бүтнээр нь хариуцдаг нэгжээ толгойлж ажиллахаар болсон.
Би анх ажилд ороход таван жил ажилласан хүнийг хараад яаж таван жил ажиллаж чаддаг байна гэж боддог байсан. Гэтэл нэг мэдэхэд л саяхан шинээр орсон хүмүүстэй ярилцахад 15 жил өнгөрчээ. Маш удаан ажилласан байсан. Маш хурдан өнгөрсөн. Урдах ажлаа хийгээд л байдаг, хийж бүтээх зүйл их байгаад байна. Угаасаа амжихгүй байна, хийх зүйл зөндөө байна.
-Теллер хийж байгаад хэдэн жилийн дараа өсөж болох юм байна гэдэг нь тодорхой харагдаж байсан уу? Би бизнесийн удирдлага гэдэг гоё мэргэжлээр төгсчихөөд теллер хийж байхдаа яах вэ гэсэн бодолтой залуус олон байдгийг ажигласан. Шууд энд тэнд менежер болох гээд л.
-Би их сургуулиа төгссөний дараа зээлийн ажил л хийхгүй юм бол бизнесийн удирдлагаар төгссөний хэрэг юу байна гэсэн омголон, амбицтай байсан. Ажилд ороод,банкны үйл ажиллагаатай нь яг танилцаад, ярилцлага өгөөд, захиралуудтай нь уулзаад үзэхэд “юм аа л сайн сурах ёстой юм байна”, “би ажлаа сайн ойлгохгүй байж зээлийн ажилтан хийнэ гэж байхгүй юм байна” гэдгийг ойлгоод теллерээс эхэлсэн. Теллер хийж байх явцдаа харин би долоо хоноод л багш болсон. Яагаад гэвэл долоо хоногийн дараа дахиад нэг теллер шинээр орж байсан юм. Хүнд юм хэлж өгнө гэдэг нь өөрөө мэдлэгээ бататгаад, цаашаа ахих боломж бүрддэг юм байна гэдэг итгэл төрж байлаа.
-Хэдэн жил теллер хийж, хэдэн жилийн хугацаанд өссөн бэ?
– Яг намайг зээлийн ажилтан болох үед Америкаас гаралтай эдийн засгийн хямрал болсон. Монголд ч хямрал болсон. Тухайн үед хэд хэдэн банкны асуудал хөндөгдөж байсан. Анод банк гэх мэт асуудлууд гарч байсан. Тэр үед нийгэмд, зах зээлд зээл гаргахаа больсон. Зээлийн ажилтан болчихоод байдаг, зээл гаргадаггүй. Хэрэглээний зээл ч гаргадаггүй. Тэгсэн мөртлөө зээлийн ажилтан байгаад байдаг. Тэгэхээр юу хийх вэ гэхээр өмнө нь гаргасан зээлийнхээ чанарт анхаардаг. Зээлүүдийн эргэн төлөлт, хүмүүстэй нь очиж уулздаг ажлыг бүтэн жил орчим 2009 оныг хүртэл хийж явсан.
ЭХЛҮҮЛСЭН АЖЛАА ЗӨВ ДУУСГАХГҮЙ БОЛ АРААС НЬ АСУУДЛУУД ГАРЧ ИРЭЭД БАЙВАЛ ХЭЦҮҮ
-Хүссэн ажлын байрандаа нэг жилийн дараа л оччихсон юм байна. Нэгхэн жилд хариуцсан ажлаа сайн хийж, өөрийгөө харуулж чадсан гэсэн үг үү.Эсвэл Голомт банканд теллер хийж байгаад өсөх дундаж хугацаа нь нэг жил байдаг уу?
-Нэг жилээс илүү ажиллаж байж албан тушаал солих дүрэм байдаг. Өөрийгөө харуулах ёстой. Түүний дараа дараагийн шатандаа очно. Гэхдээ тэгж чадаж байгаа нь их цөөхөн. Мэдээж хүн бүр түүнийг ашиглаж чадаж байна уу гэвэл цөөхөн. Миний хувьд бол хийж байгаа ажлаа нэг эхлүүлсэн л бол заавал дуусгана. Зөв дуусгахгүй бол араас нь асуудлууд гарч ирээд байвал хэцүү. Би тийм зүйлд дургүй учраас тэр талаа маш сайн шахаж явдаг. Надад бол зээлийн ажилтан болоход “за болохоор байна” гэдэг итгэл төрж байсан. Зээл гаргадаггүй байсан ч гэсэн хүмүүстэй уулзаад, яагаад зээл авав, одоо яагаад зээлээ төлж чадахгүй байна, би дараа гаргах зээлийнхээ юун дээр анхаарах вэ гэдгээ ойлгож байсан.
-Та одоо байгууллагын банкыг хариуцаж ажиллаж байгаа. КОВИД-ын нөлөө монголчуудын бизнест хэрхэн нөлөөлж байна вэ?
-Судалгаануудаас харахад КОВИД-ын нөлөөгөөр жижиг, дунд бизнес гэж ярьдаг бизнесийнхний 28 орчим хувь нь хаалгаа барьсан байна. Судалгаанд оролцсон компаниудаас түүвэрлээд авч үзэхэд шүү дээ. Маш өндөр тоо. Гуравны нэг нь гэсэн үг. Хаалгаа барьсан салбар нь юу вэ гэхээр дандаа үйлчилгээний салбар. Биет харилцагчидтай уулздаг, харилцдаг үйлчилгээнийхэн. Манайд тэр салбарын тоо өндөр байдаг юм. Том бизнес болох, манайхан corporate гэж ярьдаг бизнесийн долоо орчим хувь нь хаалгаа барьсан байна.
-Хил гааль хаагдангуут дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглээд үзье гэсэн хандлага гарч байна гэсэн үг үү?
-Яг тэгж харж байна. Бид өмнөхөө бодвол ядаж хүнсээ үйлдвэрлэдэг болсон байгаа. Тэр хүнсний хэрэгцээнд холбогдох салбар дэлгүүр, супермаркетуудаар борлуулж байна. Супермаркетуудын борлуулалт бас өссөн байна. Өссөн салбар бол үйлдвэрлэл худалдааныхан л байна. Бусад үйлчилгээ чиглэлийн бизнесүүд үндсэндээ дийлэнх нь хаалгаа барьсан, үлдсэн нь зогсонги байдалтай, одоо болтол тэсч байгаа гэсэн үг. Харин 2021 оны төгсгөлөөс нэлээн эрчимтэй сэргэж байна. Хөрөнгө оруулалтыг хайж олж байна гэсэн үг.
-Сүүлийн нэг жилийн хугацаанд хэчнээн байгууллагыг холбоод, хэд нь хөрөнгө оруулалт авч, амжилттай явж байгаа вэ?
Тоогоор хэлэхэд, нэлээн төвөгтэй. Яагаад гэвэд зарим нь ил явдаггүй. Томоор нь хэлэхэд хоёр компанийн хоорондох бизнесийн синержийг хүртэл биднээр хийлгэж болно. Нэг нэгэндээ дэм болоод, борлуулалтын сувгаа хооронд нь холбоод явж байгаа төслүүд бий.
-Хөрөнгө оруулалт хайж байгаа компаниудыг эднийх ингэж хайж байгаа, энэ хөрөнгө оруулах гэж байгаа компанитай нийцэх юм байна гэдэг анализыг та нар өөрсдөө хийгээд, уулзалтыг нь зохион байгуулаад, уулзуулж өгдөг гэсэн үг үү?
Тийм. Энэ нь банканд давуу тал гэхээсээ илүү харилцагчид давуу талтай. Тэр хоёр компани хамтраад хоорондоо бүтээд явбалсайн. Бид бизнесийг нь дэмжсэн учраас манай банк үйлчилгээг нь үзүүлдэг, зээлийг нь хийдэг, санхүүжилтийг нь олгодог гэх мэт байдлаар л бидэнд давуу тал болно. Гэхдээ энэ бол бидэнд давуу тал гэхээс илүү нөгөө талд давуу тал бий болгохыг зорьдог үүрэг гэж ойлгодог.
-Энэ намар крипто салбар нэлээн эрчимжлээ. Бараг хөөсөрсөн гэж эдийн засагчид үздэг. Энэ салбарын хөөсрөлт танай салбарт ямар өөрчлөлт авчирсан бэ?
-Хадгаламжийн хүү буурахаар, КОВИД-ын хуулийн дагуу харилцах данс хүүгүй болсон. Хүмүүс банканд байгаа мөнгөөрөө илүү үр өгөөжтэй зүйл авах гэж оролдож эхэлсэн. Тэр дундаа хувьцаа, бонд авбал илүү үр ашигтай. Энэ дундуур крипто валют орж ирээд 300-аад тэрбумын анхны хөрөнгө оруулалтаа босгосон крипто валютын нийт зах зээл гурван их наяд орчим болсон байх жишээтэй. Түүний 20,30 хувь нь гадагшаа технологио хөгжүүлэх зорилготой гарсан байх. Бидэнд харагдаж байгаа дата нэг иймэрхүү. Банканд яаж нөлөөлөх вэ гэхээр иргэдэд байсан мөнгө тухайн төсөл хэрэгжүүлэгч байгууллагад очоод байгууллагынхаа дансаар банканд байршиж байгаа. Энэ бол их чухал сөрөг нөлөө биш. Хамгийн гол нь төсөл хэрэгжүүлэгчид төслөө амжилттай хэрэгжүүлж чадвал хэн хэнийх нь хүсээд байгаа зүйл болох байх.
Харин хүмүүс койн, крипто валютад нь итгээд, хэрвээ тэр хүссэн үр дүнд нь хүрэхгүй бол энэ нэлээн том сөрөг нөлөөлөл болох болов уу гэж харж байна. Дийлэнх крипто валютад оролцож байгаа хүмүүс богино хугацааны үр ашиг хараад, өгөөж гэхээсээ илүү өнөөдөр нэг төгрөгөөр аваад маргааш тав, арван төгрөгөөр зарна гэсэн бодолтой хүмүүс оролцож байгаа. Харамсалтай нь тэр зүйл болохгүй байгаа. Тэгэхээр хүмүүс бодит байдалтайгаа эвлэрч ирэх байх.Хамгийн гол нь хөрөнгө оруулалт босгосон компани хийх ёстой зүйлээ хийгээд үнэ цэнийг нь өсгөж байвал болох л байх. Банкны зүгээс түүнийг буруу ч гэдэггүй, зөв ч гэдэггүй. Бидний харж байгаа өнцөг ерөөсөө л энэ.
-Төгрөгийн ханш тогтворгүй, өдөр ирэх тусам унаад байна. Тийм учраас иргэд хадгаламж хэлбэрээр байгаа төгрөгөө өөр үнэт цаасаар хувиргах гээд байна?
-Хамгийн өндөр өгөөжийг төгрөг дээрээ олохын тулд хамгийн өндөр эрсдэлтэй зүйлийг хийж байна гэсэн үг.
ЗАЛУУС АЖИЛ ХИЙХЭЭС ИЛҮҮ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХИЙГ ЧУХАЛЧИЛЖ, ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТНҮҮД БАГАСАЖ БАЙГАА
-Хөрөнгө оруулалтын нэг хэлбэр бол бонд. Бид хувьцааг илүү хараад байдаг. Манай хөрөнгийн зах зээлд бонд элбэг байдаг уу. Бонд гаргаж байгаа компаниуд ч юм уу?
Өнгөрсөн жилийн сүүлээр Хөрөнгийн биржийн оролцоотой OTC бонд гээд хаалттай бондны хэлбэрээр бонд гаргах бололцоог дэмжсэн. Тэр хүрээнд маш олон компаниуд бонд гаргасан. Шунхлай, Тэсо, Мик, Монголын ипотекийн корпораци гээд жижиг томгүй бүгдээрээ бонд босгож үзсэн. Маш идэвхтэй байгаа. Мэдээж өгөөж нь хадгаламжаас илүү. 12 хувиас илүү бараг 15,16 хувьтай байгаа болохоор тэр нь илүү бодитой санагдаж байгаа юм хүмүүст. Хугацаа нь бас тодорхой.
Бонд хийж байгаа нь байгууллага талынх. Худалдан авагч нь хэн ч байж болно. Иргэн байна уу, компани байна уу. Худалдан авагчдад нь бид ийм төрлийн хувьцаа, бонд байна, ийм боломж байна гэдгийг нь тайлбарлаж өгдөг. Өөрөөр хэлбэл, нэг компани бонд эсвэл хувьцаа гаргаж байна. Энэ компанийн талаар судалгааг хийгээд, энэ компанийн бонд бол өгөөжтэй бөгөөд эрсдэлгүй байна. Боломжтой байна. Та мөнгөө өөр бизнест хөрөнгө оруулах эсвэл хадгаламжид хийх гэж байгаа бол энэ компанийн бонд эсвэл хувьцааг худалдаж авбал ийм өгөөжтэй бөгөөд эрсдэлгүй байна шүү гэдгийг тайлбарлаж өгдөг.
-Би санхүүгийн зөвлөгөө авъя, энэ компанийн бонд хэр амжилттай болох вэ, хэдэн хувийг авч болох, өгөөж үнэхээр байх уу, үгүй юу гэдгийг банкнаас ирээд асуух боломжтой юу?
– Банканд ирээд асуух бүрэн боломжтой. Тэр дундаа өөрийнхөө хариуцаж байгаа нэгж дээр очоод ийм боломж байна уу гэхэд манайхан бүгд тэр хэсгийн судалгаа хийдэг нэгжтэй, эдийн засгийн албатай байдаг. Бид өдөр бүр салбар нэгжүүддээ зах зээлд болж байгаа мөнгөний талаар мэдээ мэдээлэл, тайлан өгдөг. Бүгд ойлголттой.
-Бондыг төрөлжүүлэх, ямар ч төрлийн байгууллага гаргах боломжтой болж байгаа юм. Бонд хэлбэрээр хөрөнгө оруулалт татах. Гэхдээ үүнийг байгууллагууд төдийлөн сайн мэдэхгүй байх шиг байна. Санхүүгийн хувьд ямар компаниуд бонд босгох боломжтой вэ?
-Бүх компани бонд босгох боломжтой. Яг ямар төсөлд хийх гэж байгаа, тэр төслийн өгөөж нь ямар байх, бонд худалдан авагчдад ямар хугацаанд хэр өгөөж өгч чадах вэ гэдгээ зөв тайлбарлах хэрэгтэй. Бүгд боломжтой, тэнд нь зөвлөөд хамтарч ажиллах мэргэжлийн хүмүүс хэрэгтэй. Харьцангуй худалдан авагчид олширч байгаа учраас бонд гаргах хүмүүс нь олшрох ёстой. Тэнд нь бид идэвхтэй оролцоно.
Том компаниуд эхэндээ бонд гаргаж байна. Мөнгө босгож үзэж байна. Түүгээрээ хөрөнгө оруулалт амжилттай болгож үзэж байна. Эхний хөрөнгө оруулалт нь амжилттай болоод ирэхээр яваандаа бүгд IPO хийж хувьцаат компани болох тал руугаа явах байх.
IPO гаргах бэлдэж байгаа нэг шат байх. Нээлттэй болгоод, олонд түгээгээд, олуулаа тэр бизнесээ сэтгэл зүрхээрээ удирдах чиглэл рүү явж байна гэж харж байна.
Сүүлийн үед залуучууд арай амар хялбар аргаар мөнгө олохыг сонгож байна. Хөдөлмөрлөнө гэхээсээ илүү мэдээ мэдээлэлд үндэслээд гэдэг юм уу, крипто байна уу, өөр байдлаар хөрөнгө оруулалт хийж үзээд нэг хоёр удаа амжилттай болохоор нь ажил хийж цаг алдаж байхаар тэрийг хийгээд үзье гэж бодож байгаа хүмүүс цөөнгүй байна. Дан ганц энэ биш. Нөгөө талдаа эдийн засаг сэргэхийн хэрээр олон старт-ап, технологид суурилсан бизнесүүд хөгжиж байна. Энэ хөгжиж байгаа бизнесүүдэд дан ганц технологи, IT-ийн чиглэлийн ажилтнаас гадна үйл ажиллагаа бизнес процесс ойлгодог хүмүүс хэрэгтэй учраас туршлагатай болсон байгууллагын ажилтнуудыг урвуулан татаж байна. Тэнд манай салбар хамгийн ихээр өртөж байгаа. Яагаад гэвэл шинэ технологид суурилсан ББСБ, гоё гоё шийдлүүд гарч ирж байна. Энд дандаа банкны үндсэн туршлагатай хүмүүс хэрэг болдог юм байна. Тийшээ хүмүүс ихээр орж байна.