Нийгэм, улс төр, цаг үеийн асуудлыг хөндөж хэлэлцдэг Өрөг хэлэлцүүлэг энэ удаа авлигын гэмт хэргийн ялын бодлого сэдвээр ярилцлаа.
Нэвтрүүлгийн зочдоор:
- УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар
- Монголын криминологичидын холбооны удирдах зөвлөлийн дарга Доктор профессор Б.Батзориг
- Авлигатай тэмцэх газрын гуравдугаар албаны дарга Ч.Жаргалбаатар
Гар утас хулгайлсан иргэн таван жилийн хорих ял авдаг. Гэтэл авилга албан тушаалын хэрэг цар хүрээгээрээ хор хөнөөл нь маш өргөн хэмжээнд байдаг атал хамгийн дээд хэмжээ нь таван жил байгаа нь хэр шударга тогтолцоо вэ?
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
- Яг ингэж харьцуулах нь буруу. Авилгын хэрэг дээр ял нь багадаад байгаа юм биш. Бид чангатгах бодлогыг дэмжиж байгаа. Гол нь авилгын гэмт хэрэгтнүүд ял завшаад байна. Хөөн хэлэлцэх хугацаагаар завшсан, ялаас мултраад байна гэсэн үг. Авилгын гэмт хэргийг сүлжээгээрээ хийдэг. Гэтэл наана нь ганц хоёр хүн золионд гараад, зохион байгуулагчид нь үлддэг. Бид чангатгаад байдаг. Ял авахгүй бол яах вэ. Хорин жилийн өмнө бид авилгын хэргээр хүн шийтгэж чаддаггүй байсан. Хууль нь чанга л байсан шүү дээ. Бидний гол асуудал юу гэвэл эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хэрэгжүүлэх ёстой.
- Яг гол этгээдүүд нь дандаа төлөөний хүмүүсээ барьж өгдөг. Өөрсдөө сугараад үлдчихдэг. Би авилгатай тэмцэх бүлгийн УИХ дахь бүлгийн ахлагчийн хувьд ч, бусад хэлбэрээр оролцож байгаа хүний хувьд засгийн газарт авилгын хэрэг дээр чангатгах бодлого оруулж байгаа. Жишээлбэл, торгох ялыг хасаад, эрх хасна, хорих ял болгоно гээд. Чангатгасан зөөллөсөндөө биш ялын үр нөлөөг тооцох чухал. Үүнд л анхаарал хандуулах ёстой.
- Авилгын хэрэгт холбогдсон зарим нэр бүхий албан тушаалтнууд 40 сая төгрөгөөр торгуулиад, нийтийн албанд таван жил эрхээ хасуулчихлаа гэж байна. Гэтэл бид төрийн албаны хуулинд эрүүгийн ялаас том ял маягийн зүйл хийчихсэн. Хэдийгээр шүүх таван жилээр нийтийн албанд ажиллах эрхийг нь хасч байгаа юм шиг боловч яг нөгөө сонгуулийн хууль, төрийн албаны хуулиар үндсэндээ бүх насаар нь төрийн албанд ажиллахыг нь хориглосон. Шүүхийн шийдвэр хараад тавхан жил гэж дүгнэх биш. Энэ нь бидний хувьд үр нөлөөгөөрөө маш хүчтэй заалт. Тэр хүн өөрийгөө авилга авсан гээд хүлээн зөвшөөрчхөөр дараа нь улс төрд орж чадахгүй, төрд ажиллаж чадахгүй. Төрийн үйлчилгээний зарим ажилд ажиллах бололцоо л одоогоор байгаа. Энэ хялбаршуулсан журмыг одоо хэрэгжүүлээд явж байна. Гэхдээ түүнийг шүүмжлээд байгаа хүмүүс цаад үр дагаврыг нь харахгүй байгаа юм. Хорихгүй байгаад л ач холбогдол өгдөг.
- Буруугаа хүлээчхээрээ яг өнөөдрийн нөхцөлд авилгын гэмт хэрэгт ял оногдуулж байгаа нь бага байсан. Гэхдээ одоо шүүмжлэл байгаа учраас хэдүүлээ засъя. Засахдаа яаж гэвэл зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээг илчлэх юм бол тэр этгээдэд ял наймаалцах боломжоор хангах ёстой.
ГАНЦ ЯЛЫН БОДЛОГООР АВЛИГАЧТАЙ ТЭМЦЭЭД НЭМЭРГҮЙ
- Хяналт хязгаарлалтын торыг нэмэгдүүлэх учиртай болохоос ганцхан ялаар дамжуулж авилгын гэмт хэргийг бууруулахгүй. Тэр нь юу гэхээр иргэний нийгмийн хяналт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэх мэт. Энд нэг асуудал байгаа нь шүгэл үлээгчийн хууль орсон. Энэ бол авилгын эсрэг олон улсын конвенциор хүлээж байгаа үүрэг дотор хэвлэл мэдээллийнхэн багтахаас гадна иргэд байгаа. Тэр хүмүүсийн эрхийг хамгаалах асуудал хүлээгдэж байгаа. Үүнийг ч бид хамтатгаад авч үзэх ёстой. Засгийн газрын оруулж ирж байгаад би яг цаг үеэ олсон гэсэн бодолтой байгаа.
Хөгжлийн банкны асуудал олон нийтийн бухимдлыг хүргэж байна. Бусдын боломжийг хулгайлсан том асуудал. Хөгжлийн банкны асуудалд холбогдсон хэрэгтнүүдэд та бүхэн шийтгэлийг нь хүлээлгэж чадах уу?
- Хүлээлгэж чадах ёстой гэдэг байр суурь дээр УИХ ажиллаж байна. Тухайлбал, хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, явц байдал, хэрэгжилт, зээлийн гэрээний заалт нь ямар байсан талаар хөгжлийн банк хянан шалгах түр хороо гээд анх удаа үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт их хурлын хяналт шалгалтын тухай хуулиар байгуулагдаж байгаа. Үүнд бид бас ажиллана. Энэ түр хороо маань яах вэ гэвэл энэ үйл явцыг хуулийн байгууллагынхан тэр хавиараа шийдээд өнгөр биш тэнд холбогдож байсан нотлох баримтуудыг өөрсдийн түвшинд авч, ил болгож, нотлох баримт дээр ярилцах замаар олон нийт, хэвлэл мэдээлэл, УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч байгаад энэ үйл явцыг зайлшгүй мултрах аргагүй болох хүртэл нь хүргэнэ.
- Үүнийг даамжруулж, ужигруулах замаар замхруулах байдлыг зогсоох үүднээс түр хороог байгуулсан. Үүнд ч анхаарлаа хандуулж ажиллана. Ялын бодлогын асуудал дээр иргэдийн дуу хоолойг сонсох ёстой. Иргэд бол эд хөрөнгийг нь хураа, чангал гэж байгаа. Гэхдээ нөгөө талаасаа судлаачдаа сонсох ёстой.
- Ял завшсан асуудалд хоёр зүйл гарсан, нэг нь хөөн хэлэлцэх хугацаа. Ялын бодлого гэдэг бол зүгээр нэг ял нааш цааш болгох асуудал биш. Энэ бол эрүүгийн процессын үйл ажиллагааг нарийвчлах асуудал. Цаашлаад тэндээ нүх сүв гаргаад хүн бултаад алга болчихгүй байх асуудлуудыг хэлэлцэж байна.
- Бас нэг яригддаг асуудал бол эд хөрөнгө хураах ял. Үүнийг иргэд их хүсдэг. Үндсэн хуульд тухайн хүний гэм бурууг гэр бүлд нь халдаахгүй байх гэдэг зарчим байдаг. Авлигачид хожоод байна. Гэр бүлийн гишүүдийн ахуйн амжиргааны хэмжээнээс тодорхой төвшинд хангахаас бусад асуудлаар гэр бүлийн хөрөнгийг хураадаг зохицуулалтыг бид судлах ёстой. Түүнээс аав ээжийнх нь гэм буруугаар хүүхдэд ямар нэгэн байдлаар, хөрөнгийн замаар халдаж болохгүй гэдгийг их зөв хэрэглэх хэрэгтэй.
- Авлига аалдашгүй байдлын доор асуудал үүсдэг нь үнэн. Энэ нэг гишүүний асуудал биш. Миний ажил ард түмнийг төлөөлөх учраас ард түмнийг төлөөлж байгаа мандатыг хамгаалж байгаа баталгаа. Хэрвээ халдашгүй байдлыг алга болгочихвол УИХ авлигатай тэмцэх газрын барьцаанд, засгийн газрын барьцаанд орчихно. Хууль тогтоох эрх мэдэл ард түмний төлөөлөгчдийн биш болно. 76 дотор байгаа хоёр, гурван гэмт хэрэгтнийг барих гэж байна гээд ард түмний төлөөлөгчдийг хамгаалалтгүй болгочхоор, тэр хүмүүс дуулгавартай хэн нэгэн этгээдэд захирагддаг болохоос хамгаалсан хамгаалалт үгүй болно.
- Нам нь хамгаалаад байна гэж байна. Иргэд бол зөв шүүмжлэл тавьсан. Сая манай эрх баригч улс төрийн хүчин бол их сонин, зоригтой шийдэл гаргасан. Намынхаа 30 дугаар их хурлаар хүний эрх, авлигатай тэмцэх асуудлыг нэн тэргүүнийх болгосон. Авлигын хэрэгт холбогдож байгаа, шалгагдаж байгаа нөхдүүдийг бид хамгаалахгүй гэж байна.
- Намд авлига байна, сонгуульд авлига байна, төрд намын шахаасаар очсон нөхдүүд авлига хийж байгаа гэдэг бодит үнэнтэй эвлэрэх ёстой. Эвлэрэх гэдэг нь үнэнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үг. Одоо намаа цэвэрлэх ёстой. Бидний ажил эхэлж байна. Сонгуулиа янзлах хэрэгтэй. Төрийн албанд төр томилгоо хийх нь хэл ам дагуулж байна. Энэ бүхэнтэй бид санал нэг байгаа Шүүгч, прокурор, мөрдөгчид үлгэрлэх ёстой. Сая хэлсэнчлэн халдашгүй байдал ганц гишүүдэд биш олон хэрэггүй албан тушаалтнуудад байна. Үүнийг бол хумих хэрэгтэй.
Одоогийн мөрдөгдөж байгаа байгаа эрүүгийн хуулиар нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг 2,5 жил хүртэлх хугацаагаар хасах, 5-27 сая төгрөгөөр торгох, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэл эдлүүлнэ гэсэн хууль мөрдөгдөж байна. Энэ үнэхээр авлига албан тушаалын гэмт хэргийг шийтгэх ял мөн үү?
Авлигатай тэмцэх газрын гуравдугаар албаны дарга Ч.Жаргалбаатар:
- Албан тушаалын байдлаа ашиглан, үйлдэж байгаа гэмт хэргүүдийг нийгэмд учруулж байгаа хор уршигтай дүйцүүлэх юм бол хамаагүй хөнгөн ял оногдуулж байгаа. Гэмт явдлаа бид зөв таних ёстой. Үүнийг зөв таньж чадаагүйгээс болоод субъектийн алдаа гардаг.
- Нийтийн албан тушаалтан гээд заачхаар нийтийн албан тушаалтанд хамрагддаггүй төрийн албан тушаалтнууд, төрийн өмчит компанийн захирал, үүрэг гүйцэтгэж байгаа албан тушаалтнуудад ял завших нөхцөл байдал үүсдэг.
- Сүүлийн жилүүдэд авлигын гэмт нэлээн хэргүүд шүүхээр шийдвэрлэгдлээ. Энэ хэргүүд дээр нийт хорих ял оноож байгаа интервалыг нь аваад үзэх юм бол анхан шатны шүүхээр 3,6 жилийн хорих ял авдаг. Давах болон дээд шатны шүүхээр үүнийг тодорхой хэмжээнд бууруулдаг. Ингээд хорих ялаа эдэлж байгаа этгээдүүдийн хувьд тодорхой хэмжээнд ял эдлэхдээ хоногоо нэмүүлдэг. Ингээд хугацаанаас өмнө суллагдах эрх зүйн зохицуулалтуудыг ашигладаг.Улмаар ялын үр нөлөөтэй байх зарчим дахиад л хэрэгжихгүй байгаад байгаа юм.
- Би энд юуг ярих гэж байгаа юм бэ гэхээр авлигын гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс дандаа эрсдэлээ тооцдог. Энэ нь хулгайлж байгаа, бусдын эрүүл мэндэд хохирол учруулж байгаагаас шал өөр зүйл. Би эндээс ямар ашиг олох вэ, хариуцлага хүлээхгүйгээр эндээс мултарч чадна гэдэг ийм тооцоон дээр хийдэг. Одоо зарим улс төрд нөлөө бүхий этгээдүүд гэмт хэрэгт холбогдоод шалгагдаад ирэхээрээ гадаад улсад очоод амьдарчихна. Энэ нь өөрөө баригдахгүй гэдгээ урьдчилаад тооцоолчихсон. Тэнд ажиллаж байхдаа хээл хахууль авлигын гэмт хэргүүдийг үйлдээд өөртөө ашгаа олчихсон цаашдаа амьдралын эх үүсвэрээ болгочихсон. Тэр хүмүүс хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцож байгаа. Хөөн хэлэлцэх хугацаанаас гадна халдашгүй байдал гэдгийг маш ихээр ашигладаг.
ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЦААНА АВЛИГАЧ ЧӨЛӨӨТЭЙ ЯВЖ БАЙДАГ
- Халдашгүй байдал гэдэг зүйлийг өмнө нь аваачаад босгоод тавьчхаар нөгөө хүнд тухайн хүнийг өөрт нь халдахгүй , унаа байр нь дархан хамгаалалттай болж байгаа юм. Хамаг гол нотлох баримтууд, хууль бус хөрөнгөө хадгалдаг сейф савтай. Тэрэнд нь халдаж чадахгүй нөхцөл байдал үүсчхээр энэ хүн чөлөөтэй байна гэсэн үг.
- Хэрэгт холбогдоод шалгагдаад, зорчих эрхийг нь хязгаарлая гэхээр ямар нэгэн өвчний шалтаг тайлбар гаргаад тэрийгээ магадалж чадахгүйгээр маш олон хүмүүсийг хилээр гаргаад алдчихсан. Нөгөө хохирогч нар нь хохирсон хэвээр. Улс орон ч хохироод байж байдаг.
- Ял завшсан этгээдүүд эрх чөлөөтэй хэвээрээ л яваад байна шүү дээ. Тэгэхээр авлигын гэмт хэргийн ял, санкцын асуудал бол энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд зайлшгүй ач холбогдолтой.
Бид авлига албан тушаалын гэмт хэргийг бууруулахын тулд ямар бодлогоор тэмцэх ёстой юм бэ? Олон улсад ер нь хамгийн сайн жишиг тогтсон тогтолцоо нь юу байдаг вэ?
Монголын криминологичидын холбооны удирдах зөвлөлийн дарга Доктор профессор Б.Батзориг:
- Бидний голд яр шархандаа баригдсан хавдартай хүн байна. Энийг яаж эмчлэх вэ гэж асууж байна л даа. Өөрөөр хэлбэл шууд тэрийг чинь ингэх ёстой тэгэх ёстой гэж эмчилж болохгүй. Хавдрыг нь аваад хаячих юм бол хүн үхчихнэ. Өөрөөр хэлбэл авлига нь системдээ нөлөөлчихсөн. Авлигатай тэмцэх янз бүрийн оролдлого хийх тусам янз бүрийн байдлаар эсэргүүцэл үзүүлж эхэлж байна. Тэгэхээр ялыг бодлого маань энгийнээр хэлэх юм бол, “төр, чи ийм хэрэг хийх юм бол чамайг ингэж шийтгэнэ шүү” гэж эрүүгийн хуулиараа айлгаж байгаа юм. Гэтэл тэрнээс айх уу? Үгүй юу гэдэг асуудал хүний сонголт. Хүн гэмт хэрэг үйлдэхийн тулд хүн ашиг сонирхлоо эрсдэлээсээ давуулж гаргадаг.
- Манай урд хөрш Азийн орнууд өндөр ялын бодлоготой шүү дээ. Өөрөөр хэлбэл Азичуудын соёл Европчуудын соёл өөр. Европчуудын айдаг зүйл өөр. Азиудын айдаг зүйл өөр. Тэр тусмаа монгол хүний айдаг зүйл өөр. Тэгэхээр нөгөө Ж.Сүхбаатар гишүүний хэлдгээр ялыг бол чангалах болон хөнгөлөхөд гол асуудал байгаа юм биш. Системээр нь арилгах, тэр хүмүүсийг айдаг эмээдэг болгох, шийтгэх тэр тогтолцоог нь бий болгох хэрэгтэй.
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙГ ЯРИХААР, ХОХИРОГЧ НЬ ИЛ ГАРДАГГҮЙ
- Ганцхан авилгатай тэмцэх бодлого бол авлигын гэмт хэргийн ял биш. Маш олон төрлийн гэмт хэргүүдийн ялыг жигд харж үзээд түүн дээр нь харилцан адилгүйгээр зохицуулах чухал.
- Авлигын хэргийг оногдуулах ялыг өндөр болгох нэг асуудал. Хялбаршуулсан журмаар тэр авлигын хэргийг оруулах ёстой гэдэг дээр Ж.Сүхбаатар гишүүнтэй санал нийлж байна. Энэ чинь гэмт хэрэг илрүүлдэг, онц ноцтой гэмт хэргийг илрүүлдэг арга шүү дээ. Ямар ялын бодлого барих вэ гэхээр мөнгө угаах. Нөгөө авлигач хүмүүс маань хахуулийнхаа, авилгынхаа, эрх мэдлийнхээ олж авсан асар их мөнгийг эхнэрийнхээ нэр дээр шилжүүлчхэж байна. Дараа нь эхнэрээсээ салж байна. Энэ чинь мөнгө угааж буй хэлбэр. Тэгэхээр эхнэрийг шийтгэж болохгүй биз.
- Авлигын гэмт хэргийг ярихаар, хохирогч нь ил гардаггүй. Хор уршиг нь тодорхой хэмжээнд ил гардаггүй гэсэн үг. Онолын хувьд бол дандаа 25-30 жилийн дараа хор уршиг нь илэрч байдаг ийм хэрэг. Авлигын гэмт хэргийн талаар мэдээлэл өгдөг, шүгэл үлээдэг, гомдол гаргадаг хүн ховор. Мөрдөн шалгах байгууллагуудын өөрсдийн үйл ажиллагааны үр дүнд л энэ авлигын гэмт хэргүүдийг илрүүлж байгаа юм.
- Ер нь авлигатай тэмцсэн үр дүнгүүдийг амжилт олсон ус орнуудын сайн жишээг судлаад үзэхээр, улс төрчдийн манлайлал гэдэг юм маш өндөр байдаг. Улс орнуудад авлигатай тэмцэхээ илэрхийлээд манлайллаа үзүүлдэг. Гэтэл манай улс төр, тэр тусмаа улс төрийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн үйлдэж байгаа гэмт хэргийн нийгмийн хороо жил болгон өсөж байгаа шүү дээ.
- Монгол улсад байгаа мөнгө угаах эрсдэл нь юу юм гэхээр хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг, аж ахуйн эсрэг гэмт хэргүүд. Гэтэл энэ гэмт хэргүүдийн мөнгө угаах үйлдлүүдийг ил болгож чадахгүй эдийн засагт далд эдийн засаг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ хэт их давчихсан далд эдийн засаг эргэлдээд байдаг. Үүнийг ил болгож чадахгүй байгаа шалтгаан нь ерөөсөө л гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын хувьд бол тэр тусмаа гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлохгүйд байна. Өөрөө өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэг мөнгө угаах гэдэг бол өөрийнхөө хууль бусаар олсон орлого мөнгөө эдийн засагт байршуулаад өөрөө ашиглах боломжтой болох нөхцөл байдал. Гэтэл үүнийг бид гэмт хэрэгт тооцож чадаагүй байгаа. Энэ нөхцөл байдлууд нөлөөлж байна л гэж үзэж байна.