УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг байнгын хороодоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар “Айл өрхийн ариун цэврийн байгууламж, гудамжны тохижилт” гэдэг хэсгийг хасах санал гаргасан байна. Иймд чуулганы хуралдааны үеэр энэ саналд гишүүдийн санал хураахыг УИХ-ын дарга Г.Занданшатараас хүсэд УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Төслийн 13-р зүйлийн 13.4.7 дахь заалт "Айл өрхийн ариун цэврийн байгууламж" гэснийг хасах санал гаргасан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа. Нийгмийн бодлогын байнгын хороо дэмжсэн. Эдийн засгийн байнгын хороо дэмжээгүй. Төсвийн байнгын хороо дэмжээгүй" гэж хэллээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Эдийн засгийн байнгын хорооноос дэмжсэн шүү. Жорлонгоо өөрчилье. Хэсэгчилсэн дэд бүтцийг сайжруулъя. Нийслэлийн хүн амын 70 гаруй хувийг бүрдүүлдэг гэр хорооллын иргэдийг нүхэн жорлон, яндангаас салгаж, амьдрах нөхцөлийг сайжруулахыг зорьж байгаа. Гэтэл төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр уг асуудлыг шийдэх ямар ч боломжгүй. Тиймээс гишүүдээс энэхүү саналыг дэмжиж өгөхийг хүсэж байна” гэлээ.
Харин энэ саналд Сангийн сайд Б.Жавхлан Төрийн хэмнэлтийн тухай хуулийг бараг буцааж татахаар болж байна. Ийм хэмнэлтийн хууль гаргаад ч хэрэггүй болж байх шиг байна. М.Оюунчимэг гишүүний хэлж байгаагаар улсын төсвөөр айлын хашаанд жорлон бариад тухайн айлд нь бэлэглээд яваад байх юм байна л даа. Тийм байж болохгүй. Улсын төсвөөр тийм хөрөнгө оруулалт хийж болохгүй.
Өөрөөр бол гудамжаар явах дэд бүтэц нь тэрийг улсын төсвөөр хөрөнгө оруулалт хийгээд дүүрэг дээр нь үндсэн хөрөнгөөр нь бэлтгэгдээд үлдэж байна. Тэгэхгүй төсвийн хөрөнгөөр, төсвийн байгууллагад үлдэхгүй айл өрхийн түвшний зүйлийг санхүүжүүлээд, янзлаад яваад байж болохгүй. Тэгэхээр М.Оюунчимэг гишүүн та энэ саналаа буцааж татах нь зүйтэй.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газраас оруулж ирсэн их олон асуудлыг унагаагаад байна. Би Б.Жавхлан сайдтай санал нэг байна. Гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг улсын төсвөөр хийх нь нээлттэй. Харин айлын хашаан доторхыг төсвөөс битгий хий гэдэг зүйлийг хуульд тусгасан. Тэгвэл улсын төсвөөс айлын хашаанд жорлон бариад өглөө. Айлын хашаа руу явж ороод улсын төсвөөр барьсан жорлонд бие засах болж байна уу. Улсын төсвөөс мөнгө зарцуулчихсан юм чинь хэний нэр дээр бүртгэх юм. Гэр нь өөрийнх нь, жорлон нь улсынх байх нь. Ийм зүйл хийж болохгүй.Татвар төлөгчдийн мөнгийг дураараа цацаад байх юм уу.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хуулиа татаж авна гээд дэмий байх. Олон байнгын хороодууд ажилласан. Яам тамгын газрынхан ажилласан. Зарчмын зөрүүтэй ойлголтууд л яваад байна л даа.
УИХ-ын дарга Г.Занданшатар Хуулийн төслийг ойлгомжгүй, салаа утгатай бичсэнээс болж гишүүдийн дунд үл ойлголцож гарч байна. Хууль татах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар л шийдвэрлэнэ. Эцсийн найруулга дээр тодорхой болгох хэрэгтэй. Айл өрхийн цэвэрлэх байгууламжийг айлын жорлон гэж ойлгож болохгүй.
Гишүүдийн санал хураалтаар “Айл өрхийн ариун цэврийн байгууламж, гудамжны тохижилт” заалтыг хасах санал дэмжигдлээ.