Монголчууд бид жилд 6 сая орчим гутал хэрэглэдэг гэж үзвэл үүний ердөө нэг саяыг дотооддоо үйлдвэрлэдэг. Харин үлдсэн таван саяыг гадаадаас импортоор оруулж ирдэг. Хэрвээ бид түүхий эд болон арьс ширний үйлдвэрээ зөв зохион байгуулалттай ажиллуулж, ашиглаж чадвал улсдаа жилдээ 1.1 их наядын орлого оруулахаас гадна 10 мянган ажлын байр бий болох талаар өчигдөр сурвалжилсан.
Тэгвэл өнөөдөр энэ салбарт бодлогын хүрээнд ямар шийдэл шийдвэрүүд дутагдаж буй талаар Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай ярилцлаа.
-Өнөөдөр манай арьс шир үнэгүйдээд, түүхий эд хямдхан байгаа шалтгаан нь юунд байна вэ?
-Бид талх авъя гээд дэлгүүрт орчхоод хөгцөрсөн муу талх авахгүй шүү дээ. Шинэ талх авна. Монголын малчдын бэлдээд байгаа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн бэлдээд байгаа арьс шир бол хөгцөрсөн талх. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн шаардлага хангахгүй болохоор үнэгүйдээд байгаа юм. Арьс хаягдаад байгаа нь туранхай мал нядалдаг. Тэр нь авахын аргагүй тарз байж байдаг. Бидний тооцоогоор сая орчим арьс шир бойн дээрээс хаягдаж байна. Ялангуяа дулааны улиралд амь чийгийг нь гаргаагүй байдлаас болж байгаа юм. Мөн малчид малдаа цаг хугацаанд нь ариутгал, туулгалт хийхгүй байгаагаас болж хонины арьс л гэхэд 80-90 хувь нь хачиг, хамууны сорвитой байгаа юм. Монголын ямааны бараг 40 хувь нь хамуурсан шүү дээ. Мал эмнэлгийнхэн үгүй л гэх байх бодит байдал ийм байна. Хамууны хачигтай арьс шир гадаад зах зээл дээр үнэд хүрэхгүй. Нөгөө талдаа бид хаана ч хамаагүй мал нядлаад зардаг ийм зүйл рүү 30 жил явчихлаа. Мах ашигтай, үүнээсээ ашгаа олчхоор арьс ширээ тоохгүй байгаа юм. Арьс өөрөө махны үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн буюу хаягдал. Энэ талаас төрийн бодлогоор маш их зүйл хийх хэрэгтэй байна. Сүүлийн 30 жилийн алдааны гор өнөөдөр арьс шир түүхий эд дээр гарч байна гэсэн үг. Үүнийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй.
-Манай улс жилдээ хичнээн мал нядалж, эдгээрээс хэдэн хувийнх нь түүхий эд, арьс ширийг ашиглаж чаддаг вэ?
-Арьс шир түүхий эдийг үнэгүйдүүлээд байгаа шалтгааныг өөрчлөх ёстой. Монгол улсын статистик тоо их сонин гараад байгаа юм. 2020 онд 27 сая мал нядалсан байсан.2021 онд 17 сая мал. Харин энэ онд 23 сая мал нядалсан үзүүлэлт харагдаж байна билээ. Бидний тооцоогоор жилд 10-15 сая нядалж байна. Ингээд үзвэл дөрвөн сая нь ямаа, дөрвөн сая нь хонь, 15-30 мянган тэмээ, 250 мянган адуу, 500 мянган үхэр нядалж байгаа юм. Үйлдвэрт ирж байгаа хонины арьсны 50 хувь нь гологдол болж байна. Дулааны улиралд бол нэг сая арьс зүгээр л хаягдаж байгаа.
МАНАЙД ГАДНАА АРЬС ТОРДОЛГООНЫ ЦЕХТЭЙ МАХНЫ ҮЙЛДВЭР НЭГ Ч БАЙХГҮЙ
-Бүх бололцоогоо ашиглахын тулд ямар асуудал тулгардаг юм бэ?
-Түүхий эдийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр боловсон хүчнээ сайн бэлдэх хэрэгтэй байгаа. Ядаж л аймгуудын хөдөө аж ахуйн газар, мах нядалгаа буюу махны цехүүд дээр судлаач нарыг ажиллуулах хэрэгтэй байгаа юм. Махны үйлдвэрт гарч байгаа түүхий эд буюу дайвар бүтээгдэхүүнээ халимлаад, зэрэглэж дугаарлах шаардлагатай гэсэн үг.
Жишээ нь энэ бол Завхан аймгийн хоньны арьс есөн сарынх. Энэ нь харин найман сарынх гэх зэргээр ангилаад, энэ нь нэхий дээлний зориулалттай, энэ нь гутлын зориулалттай гээд боловсруулах ёстой. Үүнийг махны үйлдвэр бэлдэх хэрэгтэй. Өнөөдөр манайд гаднаа арьс тордолгооны цехтэй махны үйлдвэр нэг ч байхгүй. Тэгэхээр бодлогоор махны үйлдвэрүүд арьс ширээ үндэснийхээ үйлдвэрт өгдөг болмоор байна.
-Та сая чанараас шалтгаалсан механизмын талаар дурдаж байсан шүү дээ. Энэ талаар тодруулаач?
-2012 онд УИХ-ын 74 дүгээр тогтоол гараад үндэсний үйлдвэрт түүхий эдээ тушаасан малчин, мал хоршооны гишүүдэд урамшуулал олгосугай гэж шийдвэрлэсэн. Ингэхдээ арьс нь уранхай муу байна уу, сайн байна уу хамаагүй тушаасан л бол урамшуулж байсан юм. Уг нь үүнийг нэг, хоёр дугаар зэргээр ангилж чанараас нь шалтгаалж урамшуулдаг систем рүү явмаар байна.
Нөгөө талдаа Монгол Улсын маш олон бизнесрүү гадныхан орсон шүү дээ. Ингэхдээ чанараас шалтгаалсан үнээр биш, тооноос шалтгаалсан үнээр арьс шир авч байгаа. Өөрөөр хэлбэл манай түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид буюу ченжүүд эндээс ямар ч хамаагүй үнээр аваад, ямар ч хамаагүй үнээр нийлүүлж байгаа учраас чанараас шалтгаалсан механизм байхгүй байгаа юм. Энэ мэтээр түүхий эдийг муудуулж байна гэсэн үг.
ГАДНЫНХАН МАНАЙД АРЬС ШИР ХУДАЛДААЛЖ АШИГ ОЛОХДОО ЯМАР Ч ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ
-Арьс шир, түүхий эдийн худалдаан дээр манайх татварын ямар бодлого барьдаг юм бэ?
-Монгол улсын маш олон салбар дээр далд эдийн засаг явж байна. Арьс, шир, ноос, ноолуурыг гадны худалдаачид аваад гаалийн зуулчлалын байгууллагаар эзэн биегүй зүйл зуулчлаад гаргачихаж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын иргэн эх орондоо түүхий эд худалдаж авах юм бол балансан дээр тусаад ААН-ийн орлогын албан татвар буюу түүхий эд авч борлуулсандаа татвар төлж байгаа. Гадны худалдаачид ямар нэг үнээр Монголоос түүхий эд аваад зарна. Энэ дундаас ашиг олж байна. Монголд харьяалалгүй учраас ямар ч татвар төлөхгүй байна шүү дээ. Монгол хүн эх орондоо татвар төлөөд байхад гаднынхан төлдлөггүй. Энэ далд эдийн засгийг халах ёстой. Гаалийн зуучлалын байгууллагаар гаргаж байгаа малын гаралтай түүхий эдийг хэн авсан, хаашаа борлуулсан гээд ашгийн татвар заавал төлөх ёстой. Энэ далд эдийн засгийг өөрчлөөд, орж ирж байгаа мөнгийг ил болгоод явбал чанараас шалтгаалсан үнэлгээний системрүү бид явна.
Сүүлийн хэдэн жил бид дулааны аргаар боловсруулсан мах буюу зумласан махыг хятад улс руу нийлүүллээ шүү дээ. Ингэхээр жилд 4-5 сая мах гулуузтайгаа гараад явж байна гэж бид тооцоолсон. Цаана нь 10 байна гэж үзвэл лөрвөн сая хонь дөрвөн сая ямаа бусад мал нийлээд 9 гаруй сая л болж байгаа. Тэгэхээр статистик тоог тодорхой болгох хэрэгтэй.
-Олон нийтийн зүгээр арьс ширний үйлдвэр хомс учраас түүхий эд үнэгүйдээд байна гэж ойлгодог. Энэ өрөөсгөл ойлголт уу?
-Бид жил болгон мал тоолдог. Ингэхдээ утсаар, амаар асуучихдаг. Малчны хэлсэн тоог л бид тоо гэж үзээд байгаа. Үнэхээр Монгол улс малаа тоолох гээд байгаа юм бол хашаанд нэг хоёроор нь хийж байгаад, бэлчээрт байгаа бодыг нь очиж үзэх зэргээр ядаж нэг удаа малаа зөв тоолох хэрэгтэй байна. Монгол улс мал аж ахуйн орон гээд байгаа мөртлөө малаа зөв тоолоогүй. Малын тоо чинь эдийн засгийн тулгуур нэг тоо шүү дээ. Энэ нь худлаа байгаагаас болоод төрийн бодлого худлаа яваад байдаг.
Өнөөдөр 22 арьс шир боловсруулах үйлдвэр Монгол байгаад байдаг. Гэтэл үйлдвэр байхгүй болохоор түүхий эд үнэгүйдээд байгаа юм шиг. Төр үйлдвэр барьж өгөх гээд байгаа юм шиг бодлогын алдаа яваад байна. Эдгээрийг сайжруулж зөв зохицуулах ёстой. Мөн энэ салбарт инженерүүдийг бэлдэх шаардлагтай байна.
БИД АРЬС ШИРНИЙ САЛБАРААС ЖИЛДЭЭ 1.1 ИХ НАЯДЫН ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖТОЙ
-Арьс ширний салбарт залуу боловсон хүчин их дутагдаж байгаа байх нь ээ?
-Яах вэ арьс ширний салбарт гэгээтэй зүйл их олон байгаа. Турк, Чех, Америкт төгсөж ирсэн залуучууд арьс ширний салбарт ажил хийж байгаа. Энэ залуусыг л илүү олон болгомоор байгаа юм.
Үүнээс гадна дотоодын зах зээлээ хамгаалсан хуультай болмоор байгаа. Ингэх юм бол бид их хэмжээгээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Дотоодын зах зээлдээ их хэмжээгээр үйлдвэрлээд, монголдоо том тоглогч болчих юм бол гадаад зах зээл рүү гарна шүү дээ. Үүний үр дүнд хэдэн зуугаараа гадаад явж ажиллаад байдаг залуус эх орондоо хангалттай цалин аваад амьдарна. Энэ болгоныг шийдэх хэрэгтэй. Арьс ширний салбарынхан маш сайн ажиллаж байгаа. ХХААХҮЯ-тай хамтраад явж байна. Энэ жил бид ХХААХҮЯ-ны судалгаа үйлдвэрлэл хөгжлийнхөнтэй хамтраад олон судалгаа хийхээр төлөвлөж буй. Судалгаа гараад ирэхээр төрийн бодлогыг яаж явуулах, түүхий эдийг хэрхэн чанаржуулах, үйлдвэрийн бүтээмжийг ямар аргаар нэмэх гэх зэрэг асуудлууд дээр илүү төвлөрч ажиллана.
-Бодлогын хүрээнд дэмжих хэрэгтэй юм байна. Тийм үү?
-Явж явж Монголчууд хаа хаанаа хариуцлагатай байх хэрэгтэй. Малчин нь малаа сайн нядалж, түүхий эдээ чанартай бэлддэг. Түүхий эдийн салбарынхан арьсаа гэмтээхгүй өвчдөг байх, үйлдвэрүүд орчин үеийн технологиор ажиллаж байгальд учруулж байгаа сөрөг нөлөөллийг багасгаh, хэрэглэгчид болж өгвөл үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээ авдаг болох хэрэгтэй.
Арьс ширний салбар жилдээ бүх төрлийн татвараар улсад 200 тэрбум нийлүүлэх, 1.1 их наядыг олох бүрэн бололцоотой. Дээрээс нь 10 мянган шинэ ажлын байр бий болгох чадамжтай ийм л том салбар.
-Ярилцсанд баярлалаа