Украины Чернигов хотын нэгэн сургуульд агаарын цохилт өгсний дараа амьд үлдсэн эмэгтэйн дүрс бичлэг Украины олон нийтийн сүлжээгээр хурдацтай тарсан. Гэвч удалгүй түүний хэлсэн үг, зураг, бичлэгийг ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас хуурамч гэж зарласан юм.
Хуурамч хэмээн буруутгагдаж буй бичлэгийн эзэн Таня "Ямар ч исгэрэх, буудах чимээ гараагүй. Ямар нэгэн зүйл байшинг мөргөж, гэнэт бүх зүйл харанхуйлж, барилга нурсан" гэж өөрийн Инстаграм хуудастаа оруулсан нийтлэлдээ дурджээ.
Таня Гуравдугаар сарын эхээр Киевийн хойд хэсэгт орших Чернигов хотын 21-р сургуульд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр ажиллаж байх үеэр тус сургууль бөмбөгдөлтөд өртсөн байна.
Эрх баригчид сургуулийн нэрийг хэлээгүй ч BBC Telegram сошиал медиа аппликейшн дээр байрлуулсан зургаар тухайн сургуулийн байршлыг баталгаажуулж чадсан байна.
Тухайн өдөр Оросын нисэх онгоц хоёр сургуулийг бөмбөгдсөнөөр есөн хүн нас барж, дөрвөн хүн шархадсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлсэн юм.
Таня дэлбэрэлтэд өртөн ухаан алдсан. Мөн ухаан ороод өөрийгөө амьд, алхаж чадахаа мэдсэн гэжээ. Тэр босож, эргэн тойрноо харан хэдхэн минутын өмнө түүний хажууд зогсож байсан эмэгтэйн цогцос шалан дээр хэвтэж байхыг анзаарчээ.
Тэнд тэрбээр инстаграмдаа цусанд будагдсан, нүүрэндээ илэрхий гэмтэлтэй байгаа бичлэгээ нийтэлж юу болсныг тайлбарласан аж.
Тэрбээр Инстаграмдаа байршуулсан дүрс бичлэгтээ "Яагаад би энэ түүхийг бичээд байгаа юм бэ гэж үү? Тэр сургуульд олон хүүхэд байсан. Тэдний амьд үлдсэн эсэхийг мэдэхгүй. Энэ бичлэгийг бүх орос найзууддаа илгээ” гэхчлэн ярьсан байжээ.
Хэдхэн цагийн дотор түүний бичлэг Украин даяар тархаж Инстаграмд л гэхэд хэдэн арван мянган хандалт авч, Украины хэд хэдэн мэдээллийн сайтууд түүнийг бичлэгийг дамжуулсан байна.
Танягийн бичлэг Инстаграмд байршсанаас хойш хэдхэн цагийн дараа Украины олон нийтийн сүлжээнд тарснаар тэрбээр олон мянган шинэ дагагчтай болж, Инстаграмдаа дэмжсэн, заналхийлсэн олон зуун мессеж хүлээн авчээ.
Түүн рүү мессеж илгээсэн хүмүүсийн дунд Оросууд байсан. Мөн эрх баригчдынхаа хийсэн үйлдлийн төлөө уучлалт гуйсан гэнэ. Үүний зэрэгцээ түүний үгэнд итгэлгүй худал мэдээлэл тараалаа гэж шүүмжилсэн хүмүүс ч байжээ.
Танягийн бичлэг цацагдаад удаагүй байхад Орос, Беларусийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний бичлэгийг гаргаж худал мэдээлэл, гүтгэлэг, зохиомол зүйл гэж тодорхойлсон байна.
Эдгээр мэдээллүүдэд түүний нүүрэн дээрх шарх нь хуурамч, нүүр болон хувцас дээрх цус нь бодитой харагдаагүй, бөмбөгдөлтөөс дөнгөж амьд гарсан хүний хувьд хэтэрхий "хэвийн" биеэ авч явсан гэхчлэн мэдэгджээ.
Харамсалтай нь Украинд хийж буй түрэмгийллийнх нь жинхэнэ хохирогчид хэн болж байгаа, энгийн иргэд тэр дундаа хүүхэд эмэгтэйчүүдийн амь эрстэж байгааг харуулсан бичлэгүүдийг ОХУ-ын зүгээс хуурамч мэдээлэл, зориудаар хийсэн зураг авалт, зохион байгуулалттай хийгдэж байгаа гүтгэлэг хэмээн нэрлэсэн тохиолдол цөөнгүй байгаа юм.
Эх сурвалж: BBC News