Гашуун яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт циркийн урлагт 30 жил хүчин зүтгэсэн циркчин Б.Золбаяр оролцлоо. Түүний хувьд 14 жил мөрөөдсөн циркийн бэлтгэлийн байраа босгож энэ салбарт дуртай хүүхэд залуусын итгэлийг унтраахгүйн төлөө ажиллаж буй талаараа ярилаа. Мөн цирк хувьчлагдсанаас хойш энэ салбарт ямар ээдрээтэй асуудал тулгараад буйг хэлсэн юм.
ТОГЛОЛТЫН ҮЕЭР ЯМАР Ч БЭРТЭЛ АВСАН ЁОЛООД ХЭВТЭХ ЭРХ БАЙХГҮЙ
Тэрбээр, Миний хувьд циркэд анх 1992 онд шалгуулаад орсон. Цирк гэж огт мэдэхгүй. Цэрэг гэж андуурч л орсон хүн шүү дээ. Цэргийн хүн болох л санаатай байсан юм шиг байгаа юм. Энэ урлагт босгыг нь даваад орсон л бол салж чаддаггүй байх. Би өөрийгөө өөр салбарт, өөр зүйл хийгээд явж байгаагаар төсөөлж чаддаггүй. Мэдээж манай энэ салбар маш хүнд. Бэртэл аваагүй циркчин гэж байхгүй шүү дээ. Миний олон ч бэртсэн. Сэтгэлээс гардаггүй нь юу гэхээр, бид анх Африкт тоглолтоо хийсэн юм. Тэнд яг тоглолтын үеэр миний өвдөг нөгөө тийшээ нугаларчихсан. Тэр өвдөлт мартагддаггүй. Гэмтчихээд багш руугаа яах вэ багш аа гэсэн янзаар харсан чинь, манай багш, “үзүүлбэрээ хийж дуусга” л гэсэн. Өөр зам бидэнд байхгүй. Үзэгчдийн өмнө ёолоод бархираад хэвтэх эрх байхгүй. Хөшиг хаагдахтай зэрэгцээд захаа тас хазаад л сөхрөөд унаж байгаа юм. Өвдөг маань пэмбийгээд хавдчихсан байсан. Хүн аливаа зүйл хийхдээ итгэлгүй байх юм бол алддаг. Үүнтэй адил үзүүлбэр үзүүлж байхдаа айгаад байх юм бол бэртэх магадлал төдий чинээ өсдөг. Цирк гэдэг эр зоригийн урлаг байгаа юм” гэлээ.
Түүний хувьд 15 жил мөрөөдсөн циркийн бэлтгэлийн байраа Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд барьжээ. Уйлахдаа уйлж, дуулахдаа дуулж, ямар ч ашиг хонжоо хараагүй бүтээн байгуулсан энэ зүйл нь одоо олон хүүхэд залуусын итгэл найдварыг бадрааж байна. Өөрөөр хэлбэл циркийн урлагийг авч үлдэх, унтраахгүй байх хүсэл нь биелжээ.
ЦИРКИЙН УРЛАГИЙГ МӨХӨӨХГҮЙ ЮМ САН ГЭЭД БЭЛТГЭЛИЙН БАЙР БАРЬСАН
Тэрбээр энэ талаар ярихдаа, “Заримдаа санхүүгүй болоод ирэхээр даахгүй нохой булуу хураана гэгчээр юу руу орчхов доо гээд шантрах, уйлах гэх мэт их олон зүйл үзнэ. Манай найзууд намайг, “Золоо чи тэнэг юм уу” гэж байсан. Энэ их хөрөнгөөр бэлтгэлийн заал бариад хэзээ энэ мөнгөө олж авна гэж ийм зүйл бариулж байгаа юм гээд л. Надад буцаад мөнгө олох ямар ч ойлголт, бодол байгаагүй. Найзууд маань үүний оронд 2-3 авто угаалгын газар нээх юм бол өдөртөө ашгаа олно шүү дээ гэсэн юм. Надад бол “юун авто угаалга” гээд л бодогдож байгаа юм. Тэнд хүүхдүүдийн инээд хөөр, хоорондоо бэлтгэл сургуулиа хийгээд , цагаахан өрсөлдөж байгааг нь харахаар, хийх ёстой зүйлээ хийчихсэн юм байна гэж боддог. Гэр хороололд яагаад барьсан гэхээр хүүхдүүд маань хотын төв рүү очиж бэлтгэлд хамрагдана гэдэг хүнд.
Би өөрөө хэцүү амьдралыг туулж гарсан хүүхэд л дээ. Миний аав 38-хан насандаа өнгөрч байсан. Бид ээжтэйгээ үлдсэн. Гурван хүүхдийг хоолтой хонуулчих юм сан гээд зүтгэж л байсан. ТҮЦ-нээс 100 гр есийн тос авдаг. Заримдаа зээлж авдаг. Ийм л байлаа. Хотын төв рүү бэлтгэл рүүгээ явах маш хүнд шүү дээ.
Урлаг хүүхдийг их гоё төлөвшүүлдэг. Би циркэд орсноороо валютаар цалинжиж эхэлсэн. Амьдрал шат шатаар дээшилсэн гэсэн үг. Энэ сайхан боломжуудыг өөртөө авч чадсан шиг хүүхдүүдэд мэдрүүлэхийг хүсдэг.
Нөгөөтэйгүүр циркийн урлагийн гал голомтыг мөхөөчихгүй юм сан, хүүхэд залуучуудынхаа итгэл найдварыг унтраачихгүй юм сан гээд, бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна” гэж ярилаа.
Манай циркчид дэлхийд гурав дугаарт эрэмбэлэгддэг. Төрдөө мартагдчихсан шахуу энэ салбар дэлхийд тэргүүлж буй нь бахархмаар. Бид амьдралынхаа дийлэнх хугацааг энэ урлагт зориулсан түүнээс циркийн салбарт тулгамдаад буй асуудлууд, нүүрлээд байгаа аюулын талаар асуусан юм.
ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХОД МАНАЙ УЛСЫН ЦИРКЧИД ӨНЧИН ХҮҮХДҮҮД ШИГ БАЙДАГ
Түүний хувьд, Өнөөдөр монголд ганцхан байгаа циркийн сургууль өөрсдийн гэсэн бэлтгэлийн заалгүй байна шүү дээ. Зориулалтын ганц манай бэлтгэлийн заал байгаа. Манай зааланд бэлтгэлээ хийдэг. Энэ нь 82 жилийн түүхтэй улсын циркийн сургууль манай байрыг тоогоод бэлтгэлээ хийж байна гэдэг надад бол нэр төрийн хэрэг. Улсын хувьд бол эмгэнэл.
Циркийг хувьчилж авсныхаа дараа амьтангүй болголоо. Одоо бүр агаарын гимнастикгүй болголоо шүү дээ. “Есөн өрлөг” хамтлаг маань дэлхийн найман рекордыг эзэмшдэг. Дөрвөн удаагийн алт, хошой мөнгө, хошой хүрэл медалийн шагналтай мөртлөө Монголдоо тоглож чадаагүй зургаан жил болсон байна шүү дээ. Бага насны хүүхдүүдтэйгээ эцэг эхчүүд хаана юу үзэх юм бэ.
Хувьчлаад авч болно. Циркэд элэгтэй, энэ урлагт хайртай, хүнд хэцүү зүйлийг нь ойлгодог хүмүүс авбал ондоо. Мэддэг зүйлээ л хийх хэрэгтэй гэж хэлэх гээд байна. Ор тас мэддэггүй хүмүүс авчхаар хэцүү шүү дээ. Хувьчлалд байх үед наадмын тоглолтоо хийх гээд бэлтгэл ажил явж байсан юм. Гэтэл морьд маань байдаггүй. Эрж сураад явсан чинь, “хувьчилсан улсуудаас асуу” л гэнэ. Тэгээд яваад очиход, “миний юм байгаа биз дээ. Хархорин руу жуулчдад унуулах гээд явуулчихсан” гэж байгаа юм. Хувьчлалд орсноор ийм л үйл явдлууд болж эхэлсэн.
Сая сүүлд Спанид болсон олон улсын циркчдийн тэмцээнд Оросоос бүтэн застав ирж байна билээ. Бүхэл бүтэн том гүрэнтэй ЧД-ийн 17 дугаар хорооны циркийн хэдэн хүүхдүүд очоод л үзлээ шүү дээ. Биднийг тэмцээнд ороод ирэхэд төр засгаас ядаж нэг хүлээж аваад “баярлалаа” гэдэг ч юм уу. Нэг бол заавал санхүү мөнгөөр тусалж дэмжихээсээ илүү төрийн далбаа өгч явуулаад, “миний хүүхдүүд амжилт гаргаад ирээрэй. Спанийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулаад ирээрэй” гээд явуулбал хүүхдүүдийн зүрхэнд гал асна шүү дээ. Очоод бужигнуулаад ураад өгье гэдэг шиг л орно. Гэтэл ямар ч дэмжлэг байхгүй” гэсэн юм.
“ЦИРК ГЭЖ ЮУ ЮМ” БОЛОХОД ОЙРХОН БАЙНА
Циркчин Б.Золбаяр улсын циркэд жүжигчин, аюулгүйн инженер, туслах найруулагчаар ажиллаж байжээ. Хувьчлалаас хойш, өөрөөр хэлбэл АСА циркээс түүнийг гурван удаа хөөсөн байна. Хөөгдсөн шалтгааныхаа тухайд тэр ярихдаа,
“Нэг тоглолтод оролцоход таксины мөнгө ч хүрэхгүй цалин өгөхөөр нь, энэ мөнгөөр чинь хүүхдүүд бэртвэл ГССҮТ орох ч мөнгө нь хүрэхгүй юм байна шүү дээ гэж хэлж байгаад л хөөгдөж байсан. Хэрвээ тоглолтын үед бэртвэл өөрсдөө 100 хувь хариуц гэсэн юм. Төв цэг дээр нь тоглодог. Эрсдэлтэй уран бүтээл хийдэг хүмүүс өөрсдөө бүх зүйлээ хариуцна гэж юу байдаг юм гээд дахиад хөөгдөж л байсан. Наад зах нь ийм зүйлийг ойлгохгүй байна шүү дээ. Тэгэхээр уран бүтээлчид хэнд итгэж, хэнд найдаж явах юм бэ. Хамгийн том эмгэнэлүүд чинь энэ. Хэрвээ циркийг дахиж сэргээж барихгүй л бол ирээдүйд цирк гэж юу юм л гэж асуух байх” гэлээ.