Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн ач холбогдол, гол өөрчлөлтийн асуудлаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт “Монгол Улс хэрэглэгч биш үйлдвэрлэгч, импортлогч биш экспортлогч улс болж байж хөгжих нь цагийн шалгуураар нотлогдсон.
Хүн ардаа ажил орлоготой, байгалийн баялаг, түүхий эдээ үнэ цэнэтэй болгох нь өнөөдрийн эн тэргүүний зорилт болоод байна. Хөтөлгөө морьтой хүн хол явдаг шиг хөгжлийн төслүүдээ хөдөлгөж байж улс орон урагшлан хөгжинө, жинхэнэ утгаараа ШИНЭ СЭРГЭЛТ болж чадна. Тийм ч учраас төрөөс үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих нь нэн чухал байна. Зөвхөн түүхий эдэд шүтсэн биш оюуны багтаамж өндөртэй технологийг хөгжүүлэх нь хамгийн оновчтой шийдэл болоод байна.
Төвлөрлийг сааруулж, зах зээлийг тэлж, АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТ-ийг бодитоор бий болгоход, ХОТ ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ-ийг холын мөрөөдөл биш ойрын биелэл байлгахад бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах нь хамгийн чухал.
Одоогоос аль 12 жилийн өмнө бид Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хуультай болсон ч хэрэгжихгүй, үр дүнгээ өгөлгүй өдийг хүрлээ. Батлагдсан хууль маань хөрсөн дээрээ буухгүй байгаагаас болж тусгай зөвшөөрөл авсан Үйлдвэрлэл технологийн паркууд өнөөдрийг хүртэл үүдээ нээж чадсангүй. Бид Үйлдвэрлэл технологийн паркийн хуультай болсон ч бодит амьдрал дээр хэрэгжсэнгүй. Санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэдгийг сайтар тусгаж өгөөгүйгээс болж саад тотгор учирсан байна. Хөрөнгө оруулалт татах нөхцөл шаардлага, үнэт цаас гаргах боломжийг нь нарийвчлан зохицуулж өгч чадаагүйгээс болоод хөшиж царцсан байна. Үйлдвэрлэл технологийн парк үйл ажиллагаа явуулах үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах, хөрөнгийн баталгаа гаргах асуудлыг дутуу орхисноос үүдэн дундаа гацсан байна. Ийм учраас Үйлдвэрлэл технологийн паркийн хуулийг үндсээр нь өөрчилж шинэчлэн найруулах нь зүйтэй гэж хууль санаачлагчдын хувьд үзсэн. Хуулийн төсөл батлагдсанаар:
- ҮТП-ын тусгай зөвшөөрлийг Засгийн газраас олгоно.
- Паркийн ЭРЧИМ ХҮЧ, ДУЛААН, ГАЗАР, ЦЭВЭР БОХИР УС, ЗАМ ТАЛБАЙ, ХАШАА гээд үйлдвэрлэгчдэд шаардлагатай бүхий л дэд бүтцийг төрөөс бүрэн шийдвэрлэнэ.
- ҮТП-д үйл ажиллагаа явуулах ААН-үүдээ БҮХ ТӨРЛИЙН ТАТВАРААС эхний 5 жил 100 хувь, дараагийн 5 жил 50 хувь чөлөөлнө. Ийнхүү үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсэнээр:
- Үйлдвэрүүдийн үүдийг нээнэ.
- Олон мянган ажлын байр бий болно.
- Импортоос хараат бус улс болно.
- Түүхий эд бэлтгэн нийлүүлэгч биш бүх салбарын үйлдвэрлэлийг дэмжсэн экспортлогч улс болно.
- Улсын төсвийн орлого нэмэгдэнэ.
- Гадаад худалдааны эргэлт сайжирна.
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчин бүрдэнэ.
- ЖДҮ, өрхийн үйлдвэрлэл хөгжих боломж бүрэн утгаараа бий болно.