Бид энэ удаагийн дугаартаа төрийн шагналт жүжигчин Цэгмидийн Төмөрбаатаргуайг урилаа. 25 насандаа төрийн шагнал хүртэж, урлагт 50-иад жил хүчин зүтгэж буй түүний амьдрал дардан байгаагүй. Тэрбээр амьдралдаа алдаж, онож, мэдэрч байсан зүйлсээ хуваалцахын хажуугаар, саяхан хийлгэсэн гоо сайхны хагалгаа нь олны шүүмжлэлд орсонтой холбоотой байр сууриа илэрхийллээ.
-Сайн байна уу? Нэвтрүүлгийн урилга хүлээн авсан танд баярлалаа. Сүүлийн үед юу хийж байна вэ?
-Баярлалаа. Ф.М.Достоевскийн Гэм зэм романаар хийсэн жүжигт Свидригайловын дүрийг бүтээлээ. Саяхан тоглолт дууссан. Киноны хэд хэдэн санал ирээд байгаа. Одоогоор завтай, иймэрхүү байдалтай л байна даа.
-Гэм зэм таны хувьд их шинэлэг зүйл байсан байх. Мөн жүжгийн бүрэлдэхүүний дийлэнх нь залуучууд шүү дээ. Ахмад жүжигчний хувьд залуу үеэ юу гэж харсан бэ?
-Залуучуудын мэдлэг боловсрол хөгжлийнхөө хэмжээнд явж байгаа. Гол нь урлаг соёлын тал дээр төрөөс бодлого байхгүй гэдэг юм уу. Нэгдсэн ажиллагаа байхгүй учир энд тэнд бололцооны улсууд маань жүжиг тавих, ийм асуудал бий болж байгаа. Нэгдмэл биш гэсэн үг. Би УДЭТ-д ажиллах хугацаандаа нэлээн хэдэн жүжигт тоглосон юм. Өнөөдрийн байдлаар 1950-1960 оны үеийн арга барилаар ажиллаад байна. “Гэм зэм” гэх Ф.М.Достоевскийн зохиолоор пост драмын жүжиг тавихад, Свидригайлов гэх дүрийг бүтээхэд, эхлээд би ойлгоогүй. Соц-реалистаараа тоглодог байсан бол өнөөдөр үзэгч, залуучуудын шаардлага, дэлхийн урлагийн шаардлага ийм байх ёстой юм гэдгийг үндсээр нь ойлгоод ирэхээр энэ жүжигт тоглоход хялбар болдог юм байна. “Гэм зэм” Төмөрбаатарыг дахин төрүүлээд байна.
-Таныг 25 насандаа төрийн шагнал хүртсэн гээд эргэн тойрныхон нь янз бүр болдог байсан бололтой?
– Залуу байхдаа Ю.Цэдэнбал даргын дүрд тоглож 1982 онд төрийн шагнал авсан юм. Залуу байхдаа төрийн шагнал авсан болохоор үеийн хүүхдүүд маань атаархдаг. Би ч байсан бол атаархах л байсан. Янз бүрийн хүмүүс ирж миний тэмдгийг мушгих, намайг гутаах, доромжлох янз бүрийн хэлбэрээр өдөөн турхирч байсан улсууд их бий. Залуу байсан учир одоо бодоход ухаантай хариулж чадаагүй юм билээ. Аль болох эр бяр, уур омог, хор шараар тайлах гэж оролддог байсан. Тэгээд л буруудчихдаг. Төрийн шагнал гэдэг тэмдгийг авчихбал миний нуруунаас хүнд зүйл хаячих юм шиг санагддаг байсан. Тийм болохоор би энэ шагналыг буцаая гээд санал тавьчихсан. Өнөөдрийг хүртэл надтай зууралдаад явж байна. Түүнээс хойш би олон кинонд тоглож төрийн шагналтан гэдэг цолоо хамгаалсан. Хамгийн олон бодит дүр бүтээсэн жүжигчин нь би юм билээ.
-Эрт шагнал хүртлээ гээд таны хувьд алдсан зүйл бий юу?
– Яах вэ намайг тухайн үед биеэ тоолоо энэ тэр гэдэг л байсан. Миний хувьд тйим зүйл байгаагүй. Сайн уран бүтээлч сахилагагүй. 1979 онд би хойшоо мөрдөнд хүртэл орж л байсан. Бууны хэргээр. Буу барьж гүйж хүн амьтан айлгаж байгаад ийм байдалд орж байсан. Театрын буу гэж ямар ч ажиллагаа байхгүй. Дүрс нь бол буу. Тэр явдлаас их хаширсан. Миний өссөн орчин жаахан сахилагагүй, хулигаан их, хүн алсан, хутгалсан тийм орчинд байсан хүн. Төмөрбаатар аа чи үнэхээр Цэгмидийн хүүхэд юм бол ийм байдлаас холдох ёстой гэдэг юмыг би өөртөө тавьсан. Холдож чадсан. Дүү нартаа ч сургадаг байсан. Миний толгойд байнга бодогддог зүйл гэхээр, чи Цагааны Цэгмидийн хүүхэд шүү. Зууны манлай жүжигчний хүүхэд шүү гэдэг зүйл хүссэн хүсээгүй надад дохио өгч байдаг. Тийм учир ямар нэгэн дүр бүтээхдээ тултал нь хийх ёстой гэдэг зүйл надад суучихсан. Хүмүүс нэг их сүрхий бичдэг юм л даа. Аавынхаа хаана ч хүрэхгүй гээд. Заавал би дээр нь гарах гээд яах юм. Заавал дээр нь гаргаж яах гээд байгаа юм. Байгалаас заяасан тэр авъяасыг хүүгийн хувьд хэр хэмжээнд нь авч явж чадаж байвал миний гавьяа.
-Таны хувьд урлагт амжилттай яваагаа ижий аавтайгаа их холбож ярьдаг шүү дээ. Ээж аавынхаа тухай яриач?
-Би ээжийнхээ гарыг хажууд нь сууж, атгаж байгаад өнгөрүүлсэн. Тэр гарыг дахиж атгамаар л байна. Ногоон торгон дээлээрээ хичнээн жил гоёлоо гэдэг шиг, ээж маань нэг ногоон торгон дээлтэй. Цэцгэн хээтэй. Тэрийгээ өмсөөд л гүйж байдаг сан. “Хүний амь” кинонд тоглоод анх 1800 төгрөг авчхаад, цээжиндээ атгаж автобусанд суугаад, ээждээ авчирч өгч байлаа шүү дээ. Ээжийгээ л баярлуулах гээд байгаа юм болов уу даа. Ээж минь их тамхи татдаг байсан юм. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тамхиа татахаа байчихсан. Тэгээд толгой нь их өвддөг. Насаараа тамхи татсан хүн чинь тархины судасны хатууралтай. Толгойгоо ханаруу цохиод байдаг. Тэр үед нь, одоо бодоход би ээждээ тамхийг нь татуулдаг байж дээ л гэж бодсон. Одоо бодоход ээждээ тэврүүлээд үнсүүлэх л хамгийн жаргалтай мөч байж.
Намайг бага байхад аав маань бурхан болсон. Аавыгаа амьд байхад хүүхдийн өмсдөггүйг өмсөж, иддэггүйг иддэг байсан. Аав маань өнгөрчхөөд, 1963 он шүү дээ. Бараг 1974 он хүртэл бидний иддэг хоол голцуу толгой, цувдай. Нэг их сайхан талх маслон дээр сахар түрхээд идэх юм сан гэж боддог байлаа.
-Ингэхэд таныг гоо сайхны хагалгаа хийлгэлээ гээд олон нийтийн зүгээс шүүмжилж байна. Яагаад ийм шийдвэр гаргах болсон бэ?
-Нас хөгшрөөд, нүүр ам үрчийгээд ирэхээр миний тоглох дүр ховордож эхэлж байна. Ингэхээр миний орлого багасаад ирнэ. Уран бүтээлдээ залуу байя л гэж бодсон юм. Уг нь миний хувийн л асуудал. Хүмүүс янз бүрээр бичсэн байна билээ. Зарим нь ч доромжилж л байсан. Дөнгөж хийлгэсний дараа хавдар буугаагүй байхад нүүр ам будаж байгаад, яарчихсан юм шиг байгаа юм. Тэр нь зураг нь эвгүй харагдсан биз. Би хөгширчхөөд таяг тулаад, хүүхдүүдээрээ түшүүлээд явбал хүүхдүүд маань л зовно. Хүмүүс ийм зүйл боддоггүй юм билээ. Зүгээр л миний нүүрийг хараад чавганц шиг гэнэ. Тэр болгон руу би тэнэгтээд яах вэ дээ.
-Таны хувьд залуу үедээ анхааруулж хэлмээр зүйл байдаг уу?
-Эх орон ард түмнийхээ төлөө би амиа ч хайрлахгүй. Үзэл бодол маань тэр. Би ганц зүйлд эмзэглэж явдаг юм. Залуучууд маань Монгол үндэсний өв уламжлал, үүх түүхээ мартаж. Би урлагийн хүн. Залуус түүхэн жүжиг түүхэн кино үздэггүй. Нэг тийм хачин тоглолттой солонгос кино үзэх их дуртай. Эмэгтэй нь эрэгтэйгээ хүндэлж чадахгүй. Эрэгтэй нь эмэгтэйгээ хүндэлж чадахгүй. Ахмадаа ад үздэг. Ажил голдог. Зүгээр гадны соёлыг шүтдэг болжtt. Тэгэхээр эх орноо яаж хайрлах вэ. Эх орноо хамгаалах сэтгэл байх болов уу л гэж боддог юм.