Холливудын ахмад жүжигчин Брюс Уиллис зодог тайлахад хүргэсэн афазиа гэх өвчин олны анхаарлыг татаж эхэллээ. Уг өвчин олон шалтгаантай, нийтэд төдийлөн тархаагүй ховор өвчин аж.
Уиллисын гэр бүлийнхэн лхагва гарагт түүнийг саяхан оношлогдсон гэж мэдэгдсэн. Энэ нь жүжигчин эрийн "танин мэдэхүйн чадварт нөлөөлж байна" гэдгийг онцолсон юм. Өвчний улмаас Брюс урлагийн карьераа орхиж байгааг гэр бүлийнхэн нь мэдэгдэлдээ дурджээ. Жүжигчин Брюс Уиллис энэ жил 67 нас хүрч буй. Гэр бүлийнхнийх нь хийсэн мэдэгдэлд түүний биеийн байдлыг огт дурдаагүй юм.
Афазиа нь бичгийн болон ярианы харилцааг хүндрүүлж, ойлгох чадварт нөлөөлдөг өвчин гэнэ. Эмч нар афазиаг эмнэлзүйн олон ангилалд хуваан үздэг байна. Энэ өвчнөөр өвчлөгсөд "ихэвчлэн сайн ойлгодог ч үгээ гаргахад бэрхшээлтэй байдаг" тухай Америкийн хэл яриа, сонсголын нийгэмлэгийн (ASHA) хэл ярианы эмгэг судлаач Брук Хэтфилд AFP-ийн авсан тодруулгад дурджээ.
Хүндэрсэн афазиагийн үед “үг амархан гарч ирдэг. Гэхдээ эдгээр үгс нь зөв үг биш байх магадлалтай. Тэр хүн юу сонсож байгаагаа ойлгоход хэцүү байдагтай энэ нь холбоотой" гэж судлаач Хэтфилд нэмж хэлжээ. Афазиа өвчин ихэвчлэн хүний оюун ухаанд нөлөөлдөггүй байна.
Үндэсний афазиа өвчний нийгэмлэгийн мэдээлснээр уг өвчин ихэнхдээ тархины цус харвалтаас үүдэлтэй үүсдэг. Хүчилтөрөгч, шим тэжээлийн дутагдлаас болж тархины эсүүд үхэж, үг хэлэхэд хүндрэлтэй болдог байна. Хавдар, толгойн гэмтэл, бусад гэмтэл нь тархины хэл ярианы төвүүдэд нөлөөлдөг нь ч энэ өвчний шалтгаан болдог ажээ.
Зарим хүмүүс хэдэн сарын дотор афазиан улмаас үүссэн бэрхшээлээсээ салж чаддаг бол зарим нь урт хугацааны хэл ярианы эмчилгээний тусламжтайгаар эдгэрч чаддаг байна. Эдгэрэл удаантай өвчтөнүүдийн хувьд хүмүүстэй харилцахын тулд туслах төхөөрөмж ашиглах болдог. Судлаачид афазиа өвчний улмаас үүссэн хэл ярианы эмчилгээний шинэ төрлүүд болон тархины эсийг өдөөх соронзон импульс ашиглах зэрэг эмчилгээний шинэ аргуудыг туршиж байгаа ажээ.
Эх сурвалж: Aljazeera