ОХУ Украин руу довтолж эхэлсний дараахан бүслэгдсэн өмнөд хэсгийн боомт хот Мариуполь Оросын армийн гол бай гэгддэг. Тус хотын даргын мэдэгдсэнээр ойролцоогоор 5000 хүн амиа алдаж, хот даяарх байшин барилга бүгд шахуу бөмбөгдөлт, суманд өртөн нуржээ.
Мариуполийг булаан авснаар Орос улс 2014 онд эзлэн, өөртөө нэгтгэсэн Крымийн бүс нутаг болон Донбас дахь салан тусгаарлагч, өөрсдийгөө тунхагласан хоёр Бүгд найрамдах улсыг хооронд нь холбосон хуурай замын гүүрийг бий болгож чадна гэж тооцоолсон гэж шинжээчид дүгнэсэн нь бий. Ингэж чадвал Оросын арми Херсон боомтыг эзлэн авч, дараагаар нь Азовын тэнгис дэх Украины эрэгт хяналтаа тавьж, Украиныг Хар тэнгисээс тасалж чадах аж.
Мэдээллийн Aljazeera агентлаг хэдэн арван мянган хүнийг амь насыг дээсэн дөрөөн дээр авчирч, хүнс болоод цэвэр ус, эмийн хомсдолд оруулсан Мариуполийн бүслэлт үргэлжилж буйг онцлоод тус хотод оросын арми нэвтэрснээс хойш өнөөг хүртэл ямар ямар үйл явдал болсныг тоймлон, цаг хугацааны дараалалд оруулан бэлтгэснийг хүргэе.
Хоёрдугаар сарын 24
Орос улс түрэмгийллийг эхлүүлж түүнийгээ Украиныг "цэвэршүүлэх" тусгай ажиллагаа гэж тодорхойлсон эхний өдөр. Москвагийн цэргүүд Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын хяналтад байдаг зүүн Украины хэсгээс Мариуполь руу давшин урагшлав.
Гуравдугаар сарын 1
Хотын дарга Вадым Бойченко хот таван өдрийн турш буудлагад өртөж иргэд нь маш хүнд байдалд орсныг мэдэгдэв. Хотын даргын мэдэгдлийн маргааш Мариупольд оросууд 14 цагийн турш зогсолтгүй агаарын цохилт өгсөн юм.
Гуравдугаар сарын 2
Хот эрчим хүч болоод ус, хийн хангамжгүй болов. Оросын арми энгийн иргэд болон орон нутгийн эрх баригчдын дүрвэх гарцыг хаасан бөгөөд энэ өдрийг Оросын бүслэлтийн эхлэл гэж онцлон хэлж болно. Бүслэлтийн тактикт шилжсэн Орос улс энгийн иргэдийг онилдоггүй хэмээн мэдэгдэв.
Гуравдугаар сарын 4
Хотын иргэд хоол хүнсгүй болж байгааг хотын дарга нь мэдэгдэв. Тэрбээр цэргийн тусламж хүсч, хотын 400 000 оршин суугчдын заримыг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор бий болгохыг уриалсан юм.
Гуравдугаар сарын 5
Орос, Украин хоёр хэдэн цагийн турш хэлэлцэж, хүмүүнлэгийн коридор нээхийн тулд хэсэгчлэн гал зогсоохоор тохиролцов. Харамсалтай нь хоёр тал бие биенээ буруутгасаар байсан учир гал зогсоох хэлэлцээр нурж, хүмүүнлэгийн коридор байгуулах асуудал биелсэнгүй.
Гуравдугаар сарын 9
ОХУ-ын нисэх хүчин Мариуполь хотын төрөх эмнэлгийг бөмбөгдөв. Орон нутгийн эрх баригчид уг бөмбөгдөлтөд гурван хүн амиа алдсан гэж мэдэгдсэн бөгөөд удалгүй нас барсан хүний тоо нэгээр нэмэгдсэн талаар мэдээлэв. Харамсалтай нь төрөх эмнэлгийн бөмбөгдөлтөд өртөж нас барагсад нь эмнэлгийн эмч, ажилтан болон төрөхөөр хэвтсэн жирэмсэн эмэгтэй байлаа. ОХУ тус эмнэлэгт өвчтөн байгаагүй, орхигдсон газар байсан гэж мэдээлсэн ч хэргийн газраас авсан гэрэл зургууд бодит байдлыг илчилсэн билээ.
Гуравдугаар сарын 13
Хотын зөвлөлөөс хоол хүнс, усны сүүлчийн нөөц дуусч байна гэж мэдэгдэв. Гэхдээ энэ талаар хэн, ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй үлдсэн юм.
Гуравдугаар сарын 14
ОХУ-тай хүмүүнлэгийн коридор байгуулах тохиролцоо амжилттай болж нүүлгэн шилжүүлэгсдийн анхны цуваа Мариуполь хотоос гарчээ. Тус цуваанд 160 хувийн машин бүртгэгдсэн гэсэн албан бус тоо бий.
Гуравдугаар сарын 15
Хүмүүнлэгийн коридороор Мариуполь хотоос үд дунд гэхэд 2000 иргэн гарсан гэж эх сурвалжууд мэдээлэв.
Гуравдугаар сарын 16
Олон зуун хүн хоргодож байсан Мариуполь хотын драмын театрыг Оросын арми бөмбөгдсөн гэдгийг орон нутгийн эрх баригчид мэдэгдэв. Гуравдугаар сарын 25-нд хотын захирагчийн албанаас мэдээлснээр, театрыг бөмбөгдөхөд амиа алдагсдын тоо 300-д хүрчээ. Харин Орос улс театрын барилгыг бөмбөгдөөгүй хэмээн мэдэгдэв.
Гуравдугаар сарын 18
ОХУ-ын тал Мариуполь хотын төвд цэргүүд нь бүрэн нэвтэрсэн гэж мэдэгдэв. Харин тус хотын дарга Вадим Бойченко “Украины армийнхан хотоо хамгаалж идэвхтэй тулалдсаар байгаа” гэв.
Гуравдугаар сарын 19
Оросын цэргүүд хотын гүн рүү нэвтэрчээ. Хотыг эзлэх, хамгаалах гэсэн талуудын ширүүн тулалдааны улмаас томоохон гангийн үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Үүний зэрэгцээ Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр "нүүлгэн шилжүүлэх автобус" Мариуполь хотоос Орос руу олон зуун энгийн иргэдийг тээвэрлэж явсан гэж мэдээлсний дараа Украины тал ОХУ-ыг олон мянган Мариуполийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх нэрийдлээр Орос руу хууль бусаар албадан гаргасан гэж буруутгасан юм.
Гуравдугаар сарын 20
Украины эрх баригчид Оросын зэвсэгт хүчин Мариуполь хотод олон зуун хүн, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд орогнож байсан сургуулийг бөмбөгдсөн гэдгийг мэдэгдэв.Бөмбөгдүүлсэн сургуулийн барилгад 400 орчим эмэгтэй, хүүхэд, өндөр настан хоргодож байжээ.
Гуравдугаар сарын 21
Москва Мариуполь дахь Украины хүчнийхэнд зэвсгээ хаявал, товчхондоо бууж өгвөл хотоос аюулгүй гарах боломжийг олгох санал тавьжээ. Украин энэ саналыг няцааж, бууж өгөхгүй гэж эрс мэдэгдсэн юм.
Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел Оросууд Мариуполь руу дайрсныг "дайны гэмт хэрэг" хэмээн тодорхойлжээ.
Гуравдугаар сарын 24
Мариуполийн эрх баригчид Оросууд тус хотоос 15 мянга хүртэлх хүнийг хууль бусаар албадан гаргасан буюу Орос руу хүчээр аваачсан гэж мэдэгдэв.
Гуравдугаар сарын 25
Мариуполь хотын драмын театрт болсон халдлагын улмаас 300 орчим хүн амиа алдсан гэж Украины эрх баригчид мэдэгдлээ.
Гуравдугаар сарын 28
Мариуполь хотын дарга Вадим Бойченкогийн ажлын албаны мэдээлснээр тус хот бүслэлтэд орсноос хойш 5000 орчим хүн амь үрэгджээ. Барилгуудын 90 хувь нь эвдэрч, 40 хувь нь нурж балгас болсон гэсэн тооцоо гарчээ. Ойролцоогоор 290 000 оршин суугч нь хотыг орхин гарсан бөгөөд 170 000 орчим хүн бүслэгдсэн хотдоо үлдсэн ажээ.
Гуравдугаар сарын 29
Орос улс Туркт болж буй эвлэрлийн хэлэлцээний үеэр нийслэл Киев болон Украины хойд хэсэгт орших Черниговыг тойрсон цэргийн ажиллагаагаа багасгана гэж мэдэгдсэн ч Мариуполийн талаар огт дурдаагүй байна.
Гуравдугаар сарын 30
Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Мариуполь хотод гудамжны тулаан ширүүн болж, хотын тал хувь нь Оросын армийн гарт байна гэж мэдэгджээ. Оросууд энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд гал зогсооно гэж мэдэгдэв.
Гуравдугаар сарын 31
Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг (ОУУЗХ) Мариуполь руу тусламжийн бараа хүргэж, энгийн иргэдийг хотоос нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн ч Оросын бүслэлтэд байгаа хотод хэрхэн нэвтрэх, хүмүүнлэгийн тусламж хүргэх бололцоо бий эсэх талаар ямар ч мэдээлэл, шийдэл байхгүй байна.
Эх сурвалж: Aljazeera