
Мьянмарын арми жил бүр Зэвсэгт хүчний өдөр улсынхаа нийслэлд сүр дуулиантай жагсаал хийж тэмдэглэдэг. Ерөнхий командлагч, ахлах генерал Мин Аун Хлаинг цэргийн жагсаалаа удирддаг. Өнгөрсөн жил армийн генералууд нь энэ баярыг ердийн сүр жавхлантай тэмдэглэж байх үеэр аюулгүй байдлын хүчнийхэн нь төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсагчдын эсрэг халдлага үйлдэж, нэг өдрийн дотор 160 орчим энгийн иргэний аминд хүрч байв.
Энэ жил тэднийг харин НҮБ болон бусад улс хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байна. АНУ, Их Британи, Канад улсууд өнгөрсөн бямба гарагт зэвсгийн наймаачид болон агаарын хүчинд чиглэсэн шинэ хориг арга хэмжээг зарласан. Гэвч Мьянмарын армийнханд олон улсын хэмжээнд тусгаарлагдах болсноо хүндээр хүлээж авахгүй байна.
Өнөөдөр болох цэргийн жагсаалд хэдэн долоо хоногийн турш бэлтгэсэн бөгөөд хоёрдугаар сард Украин руу довтолсон ОХУ тус жагсаалд хүндэт зочноор оролцоно гэж эх сурвалжууд мэдээлж байна.
“ОХУ, Мьянмар маш ойр дотно, чухал харилцаатай. Орос улс Мьянмарын зэвсгийн тогтвортой нийлүүлэгч байсаар ирсэн. Мьянмарын армийнхан Москвад очиж Оросын цэргийн албан тушаалтнууд болон зэвсгийн наймаачидтай уулзсан” гэж Мьянмар дахь НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Том Эндрюс хэлэв.
2021 оны парадад оролцсон ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомины хамт Оросын хэд хэдэн нисгэгчид армийн саяхан худалдаж авсан шинэ сөнөөгч онгоцнуудын үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөж байгаа нь тус дэглэм хамгийн том зэвсгийн эх үүсвэр болох Москватай улам ойр дотно харилцаатай байгааг нотолж буй.
Үнэхээр ч Мьянмарын арми Украин руу довтолсны дараа Кремлийг хамгаалахаар ирсэн цөөхөн хүмүүсийн нэг байсан бөгөөд энэ халдлагыг “зохистой арга хэмжээ” гэж тайлбарласан нь бий.
Эндрюс 2-р сарын сүүлээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд өгсөн тайландаа Оросыг Мьянмарт зэвсэг нийлүүлсэн 3улсын нэг гэдгийг онцолжээ. Тус улсад төрийн эргэлт гарснаас хойш Хятад, Серби, Оросууд зэвсэг нийлүүлжээ. Түүнээс хойш цэргийнхэн Мьянмарын ард түмний эсрэг хэд хэдэн хүчирхийллийн халдлага үйлдэж, 3-р сарын 25-ны байдлаар 1707 энгийн иргэний аминд хүрсэн гэж Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэг мэдэгдлээ.
ОХУ-ын төрийн мэдлийн батлан хамгаалахын конгломератуудын жагсаалтын эхэнд 15 холдинг компани, 70 аж ахуйн нэгжийн цогц сүлжээ болох Ростек багтдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь Мьянмарын армид сөнөөгч онгоц, байлдааны нисдэг тэрэгний эд анги, агаарын пуужин зэрэг техник хэрэгслээр хангадаг.
"Ростек"-ийн хамгийн том охин компаниудын нэг "Рособоронэкспорт" Мьянмарт төрийн эргэлт гарснаас хойш олон тооны зэвсэг, техник, тэр дундаа их бууг арми руу илгээсэн байна.
Рособоронэкспортын тэргүүн 2021 оны 7-р сард Мьянмарын зэвсэгт хүчинтэй нягт хамтран ажиллаж байгаа гэж мэдэгдсэн бөгөөд энэ сарын эхээр цэргийн төлөөлөгчид Орост зэвсгийн үзэсгэлэнд оролцохоор явж, Рособоронэкспортын удирдах албан тушаалтантай уулзаж, "хамтын ажиллагааг сайжруулах" талаар ярилцсан. Энэ тухай Мьянмарын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм.
Эх сурвалж: Aljazeera