УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган (2022-3-15) нээлтээ хийнэ. Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад нийт 55 хуулийн болон УИХ-ын тогтоолын төсөл багтсан байна. Түүнээс гадна нээлт хийсэн буюу 3 дугаар сарын хоёр дугаар хагаст хэлэлцэх асуултын жагсаалтыг УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гарган баталжээ. Энэ жагсаалтын эхэнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах төслүүд багтжээ.
Монгол улсын Үндсэн хуульд УИХ 2019 оны 11 дүгээр сарын 14-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр ”…Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй…” гэж хуульчилсан.
“Монгол улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын төлөвлөгөө”-ний 3 дахь хэсэгт иргэний мэдэх эрхийг хангах асуудлыг “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулан зохицуулахаар тусгажээ.
"Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн төслийн 4 дүгээр зүйл буюу байгаль орчныг хамгаалах талаарх иргэний эрх, үүрэг гэсэн хэсэгт “тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдэх” эрхийг хангасан заалт оруулсан гэж уг хуулийн төслийн танилцуулгад онцлон дурдсан байна.
Мөн хуулийн “аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын болон Засаг даргын бүрэн эрх гэсэн хэсэгт” харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, байгаль орчны төлөв байдлын мэдээлэлд тусгаж, ИТХ-д тайлагнах” гэсэн үүрэгжүүлсэн (16,17 дугаар зүйл) заалт оруулжээ.
“Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-д дараахь нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар боловсруулжээ. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үүрэг гэсэн хэсэгт “Иргэний хүсэлтийн дагуу өөрийн үйл ажиллагаатай холбоотой газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгальд орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэл өгөх эсхүл танилцах боломжоор хангах үүрэгтэй” (14 дугаар зүйл) гэсэн заалт оруулсан байна.
“Иргэн тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон төрийн эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах хүсэлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад гаргана” (Нөлөөллийн үнэлгээний үйл ажиллагааны олон нийтийн оролцоо 18.5) гэсэн заалт оруулсан байх жишээтэй.
“Иргэн үйл ажиллагаатай нь холбогдуулан газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн талаарх мэдээлэл авах, танилцах боломж олгох хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгчид гаргаж болно” (18.7) гэсэн тодорхой заалтууд нэмж Монгол улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй нийцүүлжээ.
УИХ-ын чуулганы 3 дугаар сарын нэгдсэн хуралдаанаар нэр бүхий дээрх хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн бичигдсэн байдлаар эцэслэн батлагдсан нөхцөлд Байгаль орчны үнэлгээ хийхэд төсөл хэрэгжүүлэгч иргэдийг мэдээллээр хангах үүрэгтэй болох юм байна.