Ханиад томууны халдвар ихсэж, бага насны хүүхдүүд хүндэрч буй. Энэ цагт зарим цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм. Бид үүнтэй холбогдуулан томуугийн дэгдэлт, түүнээс хэрхэн сэргийлэх, эмнэлгийн ачаалал болон менингегок халдварын талаар Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч н.Батжаргалтай ярилцаж мэдээлэл авлаа.
–Ханиад томууны дэгдэлт ихсэж зарим бүс нутгаар цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо. Өмнөх жилүүдтэй харьцуулахад танай эмнэлгийн ачаалал хэр байна вэ?
–Өмнөх жилийнхтэй харьцуулахад ачаалал ижилхэн байна. Гэхдээ хүүхдийн өвчлөлийн хувьд эрс ихэссэн. Өнгөрсөн жил өдийд амбулатори болон хүлээн авахад нийлээд 50-60 хүүхэд үзүүлж зөвлөгөө авдаг байсан бол энэ жилийн хувьд орны ачаалал 100 хувиа давчихлаа. Бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
–Хэдээс хэдэн насны хүүхдүүд томуугаар хүндэрч байна вэ?
0-1 нас болон 1-4 нас хамгийн их буюу нийт томуугаар өвчлөлтийн 30-40 хувийг эзэлж байна. Яг л цэцэрлэгийн нас гэсэн үг. Өнгөрсөн 2 жил гэртээ байсан харьцангуй дархлаа сул, томуугийн давлагаанд өртөөгүй бүлэг гэж хэлж болно.
–Хүндрээд буй шалтгаан нь юу вэ? иргэд дур мэдэн эмчилгээ хийснээр хүндрэх нөхцөл үүсэж байна уу?
–Бага насны хүүхдийн амьсгалын эрхтэн тогтолцооны хөгжил болон дархлаа нөлөөлж байна. Мэдээж хамгийн их нөлөөлж байгаа зүйл бол xалдвар хамгаалал. Иргэд гэртээ ороод хүүхэд рүү биш угаалгын өрөө рүүгээ яарах хэрэгтэй. Уламжлалт эмчилгээ огтоос муу биш, харин ардын ам дамжсан яриа л муу. Уламжлалт аргаар эмчлэх, дархлаа сэргээх цэгэн массаж зэрэг сайн шүү дээ.
–Томууны хувьд ямар төрлийн вирус зонхилж байна вэ?
Ер нь хавар намрын хувьд Энтеро болон Риновирус бүртгэгдэж байна. Мэдээж хавар намрын цагт Ротовирусийн тархалт ихэсдэг. Яг одоо бол улирлын томуугийн ид үе. 3 сар дуустал үргэлжлэх байх.
–Урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөөч?
–Мэдээж асаргаа. Бага насны хүүхдийн асаргаа маш чухал. Нийгмийн байдлаас болоод хоолтой хоолгүй, шимж тэжээл муутай хоол ундаар хооллох, өдөржингөө шингэн бага уух зэрэг маш их нөлөөлж байна. Цэцэрлэгт явдаг бол яг энэ цагт БСШУЯ-аас зөвлөмж гарган цэцэрлэг бүрд Дархлаажуулалтын аян зохион байгуулж өдөрт хүүхдэд өгөх хооллолт, шингэнд маш сайн анхаарах хэрэгтэй. Мөн цэцэрлэгийн агааржуулалтыг унтсан хойгуур нь 30-40 минут сайн сэлгэх хэрэгтэй байна. Зовууртай ирж байгаа хүүхдийг цэцэрлэг хүлээн авахгүй байх арга хэмжээ авмаар байна.
–Эмчилгээний тухайд ямар эмчилгээ үр дүнтэй вэ? иргэдийн дунд ч юм уу, дур мэдэн антибиотэкээр эмчлэх тохиолдол байдаг байх? Хүүхдийн өвчлөлд антибиотик хэр зохимжтой вэ?
–Эмч хүн хүнээ үзэхгүй эм зөвлөх буруу ч гэлээ Септилинийг би шууд зөвлөдөг.
Антибиотик эмчийн зааваргүй ууж болохгүй. Мөн ууж эхэлсэн бол заавал 5-7 хоног уух хэрэгтэй. Нэгэнт зовуур эхэлсэн бол шингэнийг ойрхон уулгаж, хоол ундан дээрээ л анхаарах маш чухал даа. Халуураагүй бол өдөр бүр усанд оруулж иллэг, массаж хийх хүүхдэд маш сайнаар нөлөөлдөг. Нийт цусны эргэлт сайжирна, хүүхэд бас сайн амарч чаддаг. Ханиалгаж эхэллээ гээд дулаалаад хөлөргөөд хөлстэй нь зууралдуулаад байх тийм тааламжтай биш.
–Антибиотикийн хэрэглээ ихэдвэл хүүхдэд ямар хор уршигтай вэ?
Антибиотик дур мэдэж хэрэглэх явдал сүүлийн 3-4 жил багасаж байна гэж харж байгаа. Одоо сүүлийн үед вирусийн эсрэг эм дураараа хэрэглэдэг боллоо. Энэ бас л болохгүй зүйл.
Антибиотикийн хэрэглээнээс хүүхэд мөөгөнцөрдөх, дархлаа дарангуйлагдах, хоол боловсруулахын хямрал үүснэ, мөн цаашлаад хожим антибиотикт тэсвэртэй нянгийн асуудлууд үүснэ.
–Менингегок халдварын тухай мэдээлээч? Ханиад томуунаас юугаар ялгарах вэ?
Бид бүхэн цахилгаан менингит гэж ярьдаг хамгийн хүнд хэлбэрийн хурц халдварт өвчин. Өвчин үүсгэгч нь 36-37 градусын дулаанд үрждэг нь халуурч байгаа хүүхдийн халууныг хурдан буулгах шаардлага үүсдэг.
Мөн туршлагагүй эмч нар хордлого, улаан бурхан зэрэгтэй андуурах нь их. Хамгийн тод илрэл тууралт, бөөлжилт, халууралт, толгойн өвдөлт цуг л явж байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй. Мөн нэг өвөрмөц юм хүүхдүүдэд ажиглагдаж байдаг нь халуурч бөөлжиж байгаа үедээ хэт мэдрэг болсон байдаг. Зурагтын дуу болон бусад чимээнд чихээ дарж уцаарладаг. Ихэвчлэн бага насны хүүхэд өвчилнө. 10 хүний 8-9 нь бага насны хүүхэд байдаг.
–Шинж тэмдгийг нь тодотгоод хэлбэл?
толгой өвдөх, сульдах, ядарч сульдах, буурах, халуурснаас болж Шингэн алдалт үүснэ. , бөөлжих, толгой эргэх зэрэг нь цөөнгүй тохиолддог.
–Яаж сэргийлэх вэ? Энэ төрлийн өвчлөл хэр их бүртгэгдэж байгаа вэ?
Энэ өвчин нь хэдэн жилд нэг удаа давлагаалдаг боловч өвөл хаврын цагт дархлаа сулдсан үед дэгддэг. Ер нь агааржуулалт, ариутгал нь сайн хийх хэрэгтэй. Хүүхдийнхээ болон өөрсдийнхөө хамар амны хөндийг тогтмол зайлж цэвэрлэж байх хэрэгтэй. Шаардлагатай үед Царван, нимбэг, сода гэх зэрэг уусмалаар зайлж байх хэрэгтэй.