Крипто сонирхогчид санхүүгийн зах зээл нь улам тогтворгүй болж буй өнөөгийн ертөнцөд санхүүгийн тогтвортой байдлыг хангадаг хэмээн тодорхойлох нь бий.
Дэлхий нийтийг үхлийн аюултай тахал донсолгосон үе, Орос улс дайн өдөөснийхөө төлөөсөнд эдийн засгийн мухардалд орсон нь, АНУ сүүлийн 40 жил дэх хамгийн өндөр инфляцитай болсон гэхчилэн дэлхийн эдийн засгийн орчин улам дордох төлөвтэй байна. Валютын болон хөрөнгийн зах зээлийг олон жилийн турш үзэгдээгүй хэлбэлзлийн хэмжүүрээр барьж байгаа гэдгээ эдийн засагчид онцолж буй.
Энэ цаг үед криптовалютын зах зээл дээрх 3 их наяд ам.доллар хүмүүсийг дэлхийн санхүүгийн системийн барьцнаас чөлөөлөх болно гэж криптовалютын ертөнцийнхөн онцолж байна.
Криптовалютууд түгээмэл болж байгааг таван жилийн өмнө энэ зах зээлийн үнэлгээ ердөө 14 тэрбум ам.доллар байснаас дүгнэж болно.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт засгийн газраас өөрийн төв банкны дижитал валютыг (CBDC) бий болгохын эрсдэл, ашиг тусыг үнэлэхийг шаардсан захирамжид гарын үсэг зурсан.
Криптовалютаас санаа авч, ижил зарчмуудыг дагаж мөрддөг ч CBDC нь төв байгууллагаас зохицуулагддаг тул крипто гэж тооцогддоггүй онцлогтой. Цагаан ордноос хэрэглэгчдэд учирч буй криптогийн эрсдлийг бууруулах, эдийн засаг, технологийн өрсөлдөх чадвар, инновацийг тэргүүлэх асуудлыг авч үзэхээр болсон бол Хятад улс өнгөрсөн сард Бээжингийн Өвлийн Олимпийн наадмын үеэр CBDC буюу дижитал юанийн хувилбараа гаргасан.
Pew Research Center-ийн мэдээлснээр Америкчуудын 16 хувь нь криптовалютыг арилжаалах, ашиглах, хөрөнгө оруулалт хийх чиглэлийн сургалт авчээ. Энэ тоо мэдэгдэхүйц өсөх магадлалтай гэдгийг Al Jazeera суваг онцолсон юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу довтлох шийдвэр гаргасантай холбогдуулан АНУ болон түүний холбоотнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн билээ.
Дэлхийн хамгийн том зээлийн картын сүлжээ болох Visa, Mastercard болон интернет төлбөрийн аварга PayPal өнгөрсөн амралтын өдрүүдэд Орос дахь үйлчилгээгээ зогсоож байгаагаа зарласан нь Оросын банкуудын гаргасан зээлийн болон дебит картууд ОХУ-аас гадуур ажиллахгүй гэсэн үг юм. Үүгээр зогсохгүй Оросын бизнес эрхлэгчид гадаадаас гаргасан картыг хүлээн авах боломжгүй болж байна.
АНУ, Барууны орнуудын Оросын эсрэг авч буй эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээнд Оросуудад гүйлгээ хийхэд чухал ач холбогдолтой олон улсын банкны мессежийн систем болох SWIFT-ийг ашиглахыг хориглож, технологи, газрын тос, хэвлэл мэдээлэл, өргөн хэрэглээний барааны салбар дахь олон зуун компаниуд тус улсаас үйл ажиллагаагаа цуцалж, улмаар өнгөрсөн долоо хоногт рублийн ханш түүхэндээ байгаагүй доод түвшинд хүрсэн.
Хэрэв дэлхийн санхүүгийн системд таны оролцоо АНУ болон түүний холбоотнуудын танд хандах хандлагаас шалтгаалдаг бол, хэрэв та тэдгээр хүмүүстэй сайн харилцаатай биш бол тэд таныг энэ системээс хөөж, өөр систем хайхаас аргагүй болно гэдгийг Оросын жишээ харуулж байгаа юм.
Магадгүй тэрхүү өөр санхүүгийн систем нь криптовалют байж ч болно.
Bitcoin бол дэлхийн хамгийн алдартай бүрэн төвлөрсөн бус криптовалют юм. Дижитал зоосны арилжааны банкуудаас ялгаатай тал нь зуучлагч байхгүй бөгөөд гүйлгээг блокчэйн буюу компьютерийн сүлжээгээр хөтөлдөг дижитал дэвтэр дээр бүртгэдэгт оршдог.
Хүмүүс таны мөнгөн тэмдэгтийг ашиглаж байгаа тохиолдолд л хориг арга хэмжээ хэрэгжинэ. Гэвч хэрэв Орос, Хятад хоёр Бээжингийн дижитал төв банкны дижитал валютыг ашиглахаар шийдсэн эсвэл Москва өөрөө бий болгохоор шийдсэн бол хориг арга хэмжээ авахаа болино гэсэн үг.
Нэгдүгээр сард АНУ-ын Холбооны нөөцийн сан өөрийн CBDC нь ам.долларын дэлхийн хэмжээнд давамгайлах үүргийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдсэн. Улс орнуудын CBDC нь долларын дэлхийн хэрэглээ, ноёрхлыг бууруулж болзошгүй "ирээдүйн боломжит төлөв"-ийг Төв банк анхааруулсан.
Хятад улс Оросын эдийн засгийн шинэ бодит байдлын хэрэгцээг хангахад “нээлттэй” хандаж магадгүй юм.
Visa болон Mastercard-ыг блоклосонтой холбогдуулан Сбербанк болон Оросын бусад банкууд карт гаргахдаа Хятадын ЮнионПэй кредит картын компанийг ашиглах талаар хэлэлцэж байна. Хятадын дижитал юань ч тохиромжтой валютын жагсаалтад багтсан.
"Дижитал юань нь Хятадын Коммунист намд дотоодын бүх гүйлгээг хянах, хянах боломжийг олгох боловч юанийг нөөц болгон экспортлох боломжтой болгодог нууцлалын хамгаалалтыг багтаасан" аж. Тиймээс АНУ тэргүүтэй Барууныхны эдийн засгийн хоригт хүлэгдсэн ОХУ-ын хүлээснээс гарах боломж нь криптовалютын зах зээл байхыг үгүйсгэх аргагүй.
Эх сурвалж: Aljazeera