Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэт ЭНҮТ-д ажиллаж, төрөх эмнэлгийн бүх орыг сольж байгаа талаар мэдээ дуулгав. Цахим орчинд иргэд үүнийг баяртай хүлээн авч, төсвийн мөнгөөр зөв зүйлдээ хөрөнгө оруулжээ, ашгүй эхчүүд дайны үеийнх шиг нөхцөлд төрдөг байснаа болих нь ээ зэргээр ам сайтай байлаа. Эмнэлгийн салбарын ард түмэндээ дуулгасан хамгийн сүүлийн үеийн таатай мэдээ энэ. Төрөх эмнэлгийн бүх орыг сольж өгсөнд баярлалаа. Гэхдээ том жижиг олон бугшсан асуудал хэвэндээ. Зөвхөн нэг л өдөр хүүхэд эмэгтэйчүүддээ ийнхүү анхаарах биш цаашдаа хүүхэд эмэгтэйчүүддээ чирэгдэл бага учруулж, бага зовооё гэж байгаа бол эмнэлгүүдийнхээ үйлчилгээг сайжруулмаар байна.
Жишээ нэг.
БЗД дэх 10-р төв хэзээ ч утсаар болон цахимаар үйлчлүүлэгчдэдээ цаг өгдөггүй. Утсаа ч авдаггүй. Жирэмсэн, хүүхэдтэй хүмүүсийн голдуу үйлчлүүлдэг энэ төвөөр үйлчлүүлэхийн тулд хүмүүс заавал биеэр очиж байж цаг аваад буцаж яваад цаг авсан өдрөө ирдэг. Өөрөөр хэлбэл 20 минутын үзлэгийн төлөө түгжрэл ихтэй, коронавирусийн тархалттай, ханиад ихтэй байгаа үед эрсдэл үүрэн барин багадаа хоёр удаа энэ төв рүү явах болдог. Энэ төвд цахимаар цаг өгөх ч цахим хаяг байхгүй. Утсаар цаг өгдөггүй гээд утсаа тасална. Нэгэн настай эмэгтэй бүр хатуу хөл хориотой үед хүртэл утсаар цаг өгөхгүй, би биеэрээ ирж цаг авч байсан гэх. Ийм эмнэлгүүдээ цахим руу шилжүүлж, удирдлагуудынх нь менежментийг нь ч өөрчилмөөр… Улсын хэмжээнд утсаар, цахимаар цаг өгдөггүй гээд утсаа тас шидчихдэг хэдэн эмнэлэг байгаа вэ? Тоог нь гаргаад ажил болгооч ээ!
Жишээ хоёр.
Жижиг асуудал мэт боловч эмнэлэгт авилга цэцэглэж байгаа өөр нэг хөрс суурь бол хоол. Гаднаас эргэлт оруулахгүй, оруулбал хоол оруулахгүй гэх эмнэлгүүд зөндөө. Тайлбар нь коронавирус. Гэтэл эмнэлгийн өдрийн тал аяга шөл, нэг мантуун буузанд цадахгүй өвчтөнүүд аргагүйдэж, эмнэлгийн манаач, асрагч, сувилагчид багадаа 20 мянган төгрөг атгуулж байж, эргэлтийнхээ торонд нууцаар хоол хийж байж эмнэлгийн босго давуулж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа хүн заавал цадталаа идэх гээгүй. Гэхдээ өвдсөн хүнийг 12 цагийн турш тал аяга шөл, нэг мантуун буузаар голоо зогоож, энергиэ нөхөж, шим тэжээлээ ав гэх нь арай л харгис. Хоолонд төсөвлөсөн мөнгөө эмнэлгийн дарга, нягтлан хоёр нь идчихдэггүй юм бол тэр хоолны мөнгө яг хаачдаг болоод өвчтнүүдээ өлсгөөд байж байдаг юм бэ. Өдрийн нэгээс хоёр хоолтой. Тэр хоолоо хугасалж өгдөг эмнэлгүүдийнхээ тоог гаргаад, шалгаад, хоолны шим тэжээлд нь шалгалт хийгээд энэ асуудлаа шийдээч ээ!
Наад захын энгийн хоёр жишээ бичихэд л энэ. Эмнэлгээ цахимжуул, утсаар, цахимаар цаг өг. Шим тэжээл авч, энергиэ нөхөх хэмжээний хоол өг. Энэ жижиг мэт боловч том асуудал тул өдий хүртэл шийдэгдээгүй удсан биз. Харин үнэхээр л иргэдээ зовоомооргүй эмнэлгийн үйлчилгээндээ анхаармаар байгаа бол наад захын хэрэгцүүдийг нь хангаач ТӨР ЗАСАГ ГУАЙ! Засгийн хурал, салбарын асуудал, тоног төхөөрөмж гээд завгүй гүйж байгаа гэж бодон ийнхүү “хов” зөөлөө. Онгорхой чихтэй нь өлгөж аваад ажил болгоод оноо авах л асуудал ба сэдэв.