Ид шидийн Орон хүүхэд хамгаалах төв байгуулагдсан цагаасаа эхлэн хүүхдийн эрхийн төлөө тогтвортой үйл ажиллагаа явуулсаар буй. Энэ хугацаанд Ид шидийн орон I, II төв хүүхдүүдийг хүчирлийллээс хамгаалж, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Тэгвэл удахгүй орон нутагт ид шидийн III буюу “Magic Mongolia Universal Project” тѳслийг эхлүүлэх гэж байна. Энэ талаар "Лантуун дохио" төрийн бус байгууллагын тэргүүн У.Ганбаяртай ярилцлаа.
-Ид шидийн орон I, II төслийн үр дүнг та танилцуулахгүй юу?
Лантуун дохио ТББ байгуулагдаад есөн жил боллоо. Энэ хугацаанд хүүхэд хамгаалал, хөгжил, хүний наймаа, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Ялангуяа 2017 оноос эхлээд Ид шидийн орон төслийг эхлүүлээд хүүхэд хамгаалал хөгжлийн хөтөлбөрт илүү тулж ажилласан. Ид шидийн орон I төсөл бол илүү хамгаалах хөтөлбөр, хөгжих хөтөлбөрийг хослуулсан загвар. Одоо тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улсад хүүхдийн хүчирхийлэл маш их байдаг. Эргээд хүчирхийлэлд өртсөний дараах үйлчилгээ буюу хариу үйлчилгээг илүү стандартжуулах, анхаарал хандуулах нэн шаардлага хэрэгцээ байна гэдэг үүднээс Ид шидийн орон II төвийг барьсан. Мөн тухайн хүүхдүүдийн нийгэмшил, хөгжлийн асуудлыг үлдээхгүйн тулд Ид шидийн орон I төвдөө хөгжлийн хөтөлбөрүүдийг давхар хэрэгжүүлж явсан. Мэдээж олон нийтийн тусламж, дэмжлэг оролцоотойгоор хүүхэд хамгааллын хөгжлийн төвүүдийг бүтээн байгуулсан. Ид шидийн орон I төвөөсөө бид юу олж харсан бэ гэхээр ер нь хөгжил, хамгаалал гэдэг хоёр зүйл тусдаа ойлголт биш юм байна. Маш сайн хөгжсөн хүүхэд илүү хамгаалагдсан байдаг юм байна. Өөрийгөө болон бусдыг хамгаалах ойлголттой байдаг юм байна гэдгийг ойлгосон. Эргээд боловсрох тал дээр анхаардаг юм билээ.
-Энэ хугацаанд хамгаалах байранд хүүхдүүд ямар шалтгааны улмаас ирдэг байсан бэ?
Ид шидийн орон I төв дээр үйлчилгээ авч байгаа хүүхдүүдийн хувьд үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд их ирдэг байсан. Сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийлэл маш их нэмэгдсэн. Бид таван жилийн хугацаанд нийтдээ 340 орчим кейс дээр ажилласан. Энэ кейсүүдийн дийлэнх нь үл хайхрах хүчирхийлэл үүний ардаас бэлгийн хүчирхийлэл зонхилдог. Хүүхдийг тоохгүй орхих, боловсролд нь анхаарахгүй байх, наад захын хэрэгцээг нь хангахгүй байх, аав, ээж нь архины хамааралтай болчихсон ийм кейсүүд маш их ирдэг байсан бол сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийллийн гаралт их болсон. Энэ бол илүү ковидтой холбоотой. Бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх нь танил тал, ойр дотнын ураг төрлийн хүн, ар гэрийнх нь хүмүүс байдаг. Энэ тал дээр бид сүүлийн жилүүдэд анхаараад явж байгаа. Энэ туршлага дээрээ үндэслээд Ид шидийн орон II төв байгуулагдсан. Ер нь асуудал гарахаас өмнө урьдчилан сэргийлэх тал дээр ажиллах ёстой юм байна гэдгийг анзаарсан. Тэгээд олон чиглэлээр боловсролын, өөрийгөө хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд хүүхдүүдийн зан төлөв хөгжиж, өөрчлөгдөн амьдралын идэвхгүй байсан хүүхдүүд илүү мөрөөдөлтэй болох зэрэг асар олон өөрчлөлтүүд бидний нүдэн дээр гарч байгаа нь ажиглагдсан.
-Одоо баригдах гурав дахь жишиг төвийн онцлог юу вэ?
Эхний загвар хүүхдүүдийг илүү хамгаалах тал руугаа байсан бол хоёр дахь загвар нь илүү хөгжлийн тал руугаа байсан. Тэгэхээр бидний Ид шидийн орон юниверсал загвар илүү хөгжилд суурилсан, хамгаалах хөтөлбөртэй жишиг төв гэж явна. Тэгэхээр энэ загварт байрлаж, хамгаалах үйлчилгээ байхгүй. Зөвхөн хөгжлийн болон урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүд л явагдана гэсэн үг. Тухайн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үедээ илрүүлэг хийж болно. Тэр мэдээллүүддээ тухайн хүүхэдтэй ажиллаж байгаа ажилтнууд маань холбон зуучлах байдлаар төрийн хамтарсан баг болон цэцэрлэг, сургууль холбогдох газруудад нь мэдэгдэх урьдчилан сэргийлэх ажлууд хийнэ. Нөгөө талаасаа хөгжлийн хөтөлбөр байнгын явагддаг загвар байгаа. Тэгэхээр хөгжил бол нэг талаасаа хамгаалалт юм.
-Орон нутагт Ид шидийн орныг жижигрүүлсэн хэлбэрээр хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Тэгэхээр шалгаруулалт хэрхэн явагдах вэ?
Гуравдугаар сарын 10 хүртэл орон нутаг руу бид тендер зарласан. Эхний шатанд материалаа бүрдүүлээд, хоёрдугаарт зураг төслөө өгнө. Тодорхой газартай, дэд бүтэц, урсгал зардлаа шийдсэн аймгуудад материалаа өгөх боломжтой. Аймгуудын дунд сонгон шалгаруулалт хийгээд нэг аймагт жишиг загвараа барих боломж бүрдүүлж хөрөнгө санхүүжилтийг босгохоор багаараа ажиллана. Хэрвээ Ид шидийн орон манай аймагт хэрэгтэй бид бүх санхүүжилтийг нь гаргая гэх хүсэлт тавих юм бол бид цаашдаа аймгуудад зөвлөгөө, шаардлагатай материал эрхээ өгөөд явчихна гэсэн үг.
“Magic Mongolia Universal Project” тѳсѳлд оролцох хүсэлтэй аймаг дараах материалыг бүрдүүлж 2022 оны 02-р сарын 23-ны өдрөөс 03-р сарын 10-ны хугацаанд [email protected] цахим хаягаар илгээнэ үү. Хоёр дугаар шатанд тэнцсэн байгууллага, хувь хүн, төрийн бус байгууллагад эргэн хариу мэдэгдэх болно.
1. Тендерт оролцогч нь бүтээн байгуулалттай холбоотой дараах зүйлсийг бүрэн хариуцах чадамжтай байх:
1.1 Төсөл хэрэгжих боломжтой 3500м2 газартай байх /
1.2 Төсөлд шаардлагатай дэд бүтцийн гадна инженерийн шугам шүлжээний техникийн нөхцөл болон холболт /Дулаан, цэвэр бохир, усан хангамж, цахилгаан, холбоо дохиолол, интернет/
1.3 “ИД ШИДИЙН ОРОН ЖИШИГ” төвийн үйл ажиллагааг цаашид тогтвортой, урт хугацаанд урсгал зардал болон менежментийг хариуцах
2. Тендерт бүрдүүлэх материал:
2.1 Төслийг тухайн аймагт хэрэгжүүлэх үндэслэл, бодит шалтгаан нөхцлийг тусгасан эссэ
2.2 Аймгийн товч танилцуулга /онцлог, хүн амын тоо, нас, хүйс, сургууль цэцэрлэгийн тоо, хөгжлийн төвийн тоо, /
2.3 Аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилд хийгдсэн нийгмийн асуудлыг хөндсөн судалгаа
2.4 Төсөл хэрэгжих газрын бодит зураг болон байршлын цэгийг Google Map-т тэмдэглэн ирүүлэх
2.5 Төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх давуу талууд болон нөөц боломж
Яаралтай холбогдох утас 77076996, 94222888