Цар тахлын үед хамгийн их хохирол амссан агаарын тээврийн салбарыг богино хугацаанд сэргээх хүрээнд дамжин өнгөрөх нислэгийн хураамж буюу навигацийн орлогыг нэмэгдүүлэхээр зорьж байна. Агаарын шинэ коридор гаргаж, орон зайгаа тэлснээр олон улсын нислэгийн урсгалыг Монголын нутгаар дайруулах боломж байгааг салбарынхан хэлж байна. Өөрөөр хэлбэл, агаарын хилээ ашиглуулсныхаа төлбөрийг бид онгоц бүрээс, нислэг болгоноос авч байна гэсэн үг юм.
Өнгөрсөн онд гэхэд, манай улс дээгүүр 168 мянган онгоц дайран өнгөрсөн байна. Хэвийн үед буюу олон улсын нислэгийн тоо буурахаас өмнө өдөртөө 400-500 онгоц Монголын агаарын хилээр дамжин өнгөрдөг байжээ. Харин өнөөдрийн байдлаар, навигац буюу өнгөрөлтийн нислэгийн тоо хоёр дахин буурч, олон улсын 250 орчим нислэг агаарын хилээр дамжиж байна. Нэг нислэг Монголоор дайрч өнгөрөхдөө дунджаар 600-900 ам.долларын төлбөр төлдөг. Яг ийм байдлаар, агаарын тээврийн салбар дийлэнх орлогоо навигацын орлогоос бүрдүүлдэг байна.
Агаарын тээврийн салбарын навигацын орлого 2019 онд 320 тэрбум төгрөг байсан бол, 2020 онд 220 тэрбум, 2021 онд 189 тэрбум төгрөг болж буурсан байна. Харин онд дамжин өнгөрөх нислэгээс 220-240 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцоолж байна. Цаашдаа навигацын орлогыг нэмэгдүүлэхийн тулд урт хугацаандаа “Хил хязгааргүй нисэх” бодлого хэрэгжүүлэхээр болжээ. Жишээлбэл, манай улс ОХУ-тай агаарын 9 хаалгаар, БНХАУ-тай 6 хаалгаар хиллэдэг. Эдгээр агаарын замыг нэмэгдүүлэхээр судалж байгаа юм байна. Түүнчлэн, онгоц хоорондын зайг ойртуулж, шинээр коридор гаргах боломжийг судлахаар болжээ. Өнөөдөр Монгол улс дээгүүр дайран өнгөрч байгаа онгоцнууд өөр хоорондоо хамгийн багадаа 30 километрийн зайтай зөрж өнгөрдөг юм байна.