Энэ сарын 16-нд эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Төлөөлөл ба мөнгө” форум зохион байгууллаа. Энэхүү форумаар,
- Улс төрийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдлын ардчилал, төлөөлөлд үзүүлэх нөлөө
- Эмэгтэйчүүдийн төлөөллийг хангахад ээлтэй улс төрийн санхүжилтийн боломж
- Төсвийн санхүүжилт ба жэндерийн тэгш байдлыг дэмжсэн санхүүжилтийн хувилбар
- Улс төрийн санхүүжилтийн хууль зүйн зохицуулалтыг сайжруулах санал зэргийг хэлэлцсэн юм.
Улс төр, нийгмийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо маш бага байдаг. Үүний нэг жишээ бол УИХ-ын 76 гишүүний ердөө 13 нь эмэгтэй гишүүд. Энэ нь олон улсад ч тэр, Азид ч тэр эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо маш доогуур эрэмбэлэгдэж буй үзүүлэлт юм. Харин дунд буюу ажлыг гүйцэтгэх шатанд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо 60 хувийн гүйцэтгэлтэй байдаг. Бид эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо яагаад бага байдаг, суурь шалтгаан нь юу болох талаар мэдээллийг та бүхэнд хүргэе.
Энэ талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүн Х.Номингэрэл, “Ганцхан Монгол төдийгүй дэлхийн улс орны ардчилалд сорилт болж буй зүйл бол улс төрийн үйл ажиллагаанд мөнгөний хэт нөлөөлөл бий болсон байдал. Жишээ нь сонгуульд маш их мөнгөний үйл явц болсон байгаа. Энэ үйл явцаас шалтгаалаад тодорхой тооны, тодорхой мөнгөний шалгуурыг хангаж чадсан хүн л улс төрд гарч ирэх ийм боломж олгодог. Сонгуулийн үеэр яригдаж байгаа мөнгөн дүнгийн хувьд ил нь 300-500 саяар яригдаж байна шүү дээ. Энэ нөлөөлөл нь өөрөө шударга бус систем юм. үүнээс үүдээд эмэгтэйчүүд өндөр албан тушаалд хүрч чаддаггүй. Хана тулдаг гэсэн үг. Бид үүнийг хэвшүүлээд ингэж л байдаг юм гээд явах юм уу, гарах дуу хоолойгоо өргөх юм уу гэдэг асуудал тулгараад байна. Улс төрийн нам шиг олон нийтэд нээлттэй биш байгууллага хаана ч байхгүй. Тэгэхээр үүнийг ил гаргаж, ялангуяа санхүүжилтийг нь олон нийтэд ил тод байлгах нь ардчилал, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тус болно гэж бодож байгаа. Үүний хүрээнд энэхүү форум өрнөж байна” гэв.
Харин Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Жаргалан, “Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо, хөдөлмөр эрхлэлтийн байдал муудаж байгаа. Эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэхгүй байна гэдэг нь орлого олохгүй байх, санхүүгийн эрх мэдэлгүй болох, мэдлэг чадвараа нийгэмд зориулж чадахгүй байх нөхцөл үүсэж байгаа. Энэ асуудлыг ковид даамжруулсан. Ковидын үеэр хөл хорио тогтоож хүүхдүүдээ харах асуудал байна. Цэцэрлэгийн 3 настай хүүхдийг авахгүй гэх мэт төр засгийн бодлогууд хүртэл эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог хумьж байна. Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг тулгамдсан зүйл биш гээд ярих нь бий. Харьцангуй эрх тэгш хүйсийн харилцааны хувьд боломжтой нийгэм гэж боддог боловч УИХ-ын 76-13 нь эмэгтэй гишүүн байна гэдэг нь дэлхийн дунджаас үлэмж доогуур, Азийн дунджаас доогуур үнэлэгдэж буй жишээ юм. Дунд түвшний төрийн албан хаагчдын судалгаан дээр 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Хэлтсийн дарга гэх зэрэг бодит ажил нугалдаг салбарт гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд нэг ч эмэгтэй аймгийн засаг даргатай байж үзээгүй. 30 жил олон ч сонгууль хийхэд нэг ч эмэгтэй сонгогдоогүй нь асуудал юм” гэв.