Коронавирусээр өвчилсөн хүмүүсийн дунд цус өтгөрөх, зүрх дэлсэх, ядрах гэх мэт олон шинж тэмдэг илэрч байгаа.Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүс "цус өтгөрдөг" гэх дам ярианаас үндэслэн ямар нэгэн эмчид үзүүлэлгүй, шинжилгээгүйгээр "Аспирин 100", "Карио магни" зэрэг эмүүдийг дур мэдэн уусаар байгаа юм. Тэгвэл ямар тохиолдолд эдгээр эмийг уух, ковидийн дараа үнэхээр цус өтгөрдөг эсэх талаар АШУҮИС-ийн цус судлалын тэнхимын эрхлэгч, Монгол Япон эмнэлгийн амбулаторын эрхлэгч, монгол улсын зөвлөх зэргийн эмч, профессор Ц.Одгэрэлээс тодрууллаа.
Энэ талаар тэрбээр "Цус өтгөрнө гэдэг нь эргэлдэж байгаа цусны хэмжээ ихэссэнтэй холбоотой. Эсүүд нь ихсээд цус өтгөрч байгаагийн гол шалтгаан нь юу вэ гэхээр хүчилтөрөгчийн дутагдал. Тэгэхээр ковидийн үед юу болж байна вэ гэхээр уушгинд гол процесс маань болж байгаа шүү дээ. Уушги хатгаа болж байна. Зарим нь хатуураад, холбогч эд урагдаж байна. Тэгэхээр авч байгаа хүчилтөрөгчийн хэмжээ буураад ирэхээр улаан эсийн үйлдвэрлэл биед нэмэгддэг. Улаан эсийн үйлдвэрлэл нь биед нэмэгдээд бүлэгнэлт нь ихэсхээр цус өтгөрөөд байгаа бол цус шингэлэх эмүүд нь илүү ач холбогдолтой. Хэрвээ цусны сийвэнгийн бүтцэд өөрчлөлт ороод цус өтгөрөөд байгаа бол ер нь бүлэгнэлтийн эмүүдийг тодорхой хэмжээгээр ууна. Зарим тохиолдолд цусаа шүүх эмчилгээнүүд хийнэ.
Ерөнхийдөө ковидийн үед бүлэгнэлтийн алдагдлын улмаас бүлэнгүүд үүсээд байгаа юм.
Жижигхэн бүлэнгүүд үүсэж байна. Тийм болохоор ковид туссан хүмүүсийг ялтасны үйл ажиллагааг саатуулагч эмүүдийг уух хэрэгтэй. Тэр нь одоо хамгийн сонгомол жишээ нь аспирин. Дэлхий нийтээрээ уудаг. Дээр нь кардио магни. Гэхдээ тэрийг би ковид тусчихсан юм чинь цус өтгөрөлт байгаа гээд хүн болгон уухгүй.
Ялангуяа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүс, хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүс, амьсгалын дутагдалд орж байсан хүмүүс, эрчимт эмчилгээний тасагт орж байсан, эмчлүүлж байсан хүмүүс, түүнээс гадна эрсдэлтэй хүмүүс цус шингэрүүлэх эмүүдийг зайлшгүй уух нь байна. Гэхдээ эмчийн хяналтан дор л ууна. Цус өтгөрөөд байхаар гол ачаалал зүрхэн дээр ирж байгаа юм. Өтгөн цусыг шахаж байгаа нь зүрх. Тэгэхээр удаашрах юм бол зүрх нь өвдөж болно. Хүндрэх юм бол зүрхний ховдлууд томорно. Тийм болохоор цус шингэлэлт тодорхой хэмжээгээр байх ёстой.
Өөрөө дарж суугаагүй байхад хөл гарын үзүүр бадайрах, чинэрэх, чимчгэнэх, өвдөх зэрэг тиймэрхүү зовуурууд байж болно. Цус өтгөрөхөөр даралт ихэснэ. Даралт ихэсчихсэн цус өтгөрөлт байгаа, зүрхэн дээр жоохон асуудал байгаа бол зүрхний цохилт олширч болно. Амьсгаадаж болно. Янз бүрийн л шинжүүд илэрнэ. Ковид эсвэл томуу тусчхаад шингэн юм хангалттай уу гэж хэлээд байгаагийн гол шалтгаан нь юу вэ гэхээр вирусийн нөлөөгөөр хордлого явж байгаа. Тодорхой хэмжээгээр хордлого тайлахын тулд шингэн уух хэрэгтэй. Нөгөө талаасаа ковидийн үед хөлрөлтүүд явагдаад байгаа. Тэр хөлрөлтөөр усаа, эрдсээ алдаад байгаа болохоор ковидийн дараа ядрах, цус өтгөрөх байдал, өөрөөр хэлэх юм бол цусны шингэн хэсэг нь тодорхой хэмжээгээр алдагдаад байгаа болохоор цус өтгөрөх байдал байгаад байна гэсэн үг. Тэгэхээр хангалттай хэмжээний шингэн уу. Сармисны ханд бас цус шингэлнэ.Эмчилгээний зориулалттай гэвэл эм нь илүү үйлчилгээтэй" гэлээ.