2021 онд буюу нэг жилийн хугацаанд 9340 бэлгийн замын халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Тэмбүү өвчин хамгийн их тархалттай байгаа ба нас нь залуужиж байгаа нь Монголчуудын бэлгийн боловсрол дутмаг байгаатай холбоотой.
БЗДХ-ын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Бэлгийн замаар дамжих халдвар авсан үед дараах шинж тэмдгүүд илэрч болно. Үүнд:
• Шодой болон үтрээнээс хэвийн бус ялгадас гарах
• Шодой, үтрээ эсвэл шулуун гэдэсний орчим яр, шарх, цэврүү гарах
• Шээх үед шээсний сүвээр хорсож өвдөх
• Хэвлийн доод хэсгээр эсвэл бэлгийн хавьтлын үед өвдөлт мэдрэгдэх
• Бэлэг эрхтний орчмоор загатнах
АНХААР!!! Өвчний шинж тэмдэг зарим хүнд огт илрэхгүй байж болно.
БЗДХ тархах замууд:
• Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноор
• Халдварлагдсан цус цусан бүтээгдэхүүн хэрэглэснээр
• Халдвартай эхээс урагт
• Халдварлагдсан зүү тариур, сахлын хутга зэргийг хэрэглэх
Энэ талаар ХӨСҮТ-ийн эмч Ц.Амгалан "Ер нь бэлгийн замын халдварууд сүүлийн үед шинж тэмдэггүй болж байгаа. Ийм учраас тохиолдлын хавьталд орсон эсвэл эрсдэлтэй хавьталд орсон тохиолдолд мэргэжлийн эмнэлэгт хандах ёстой. Түүнээс биш дураараа дур мэдэн эмийн сангаас эм авч уух, найз нөхдийн яриагаар эм, тариа хэрэглэх нь бэлгийн замын халдварын шинж тэмдгийг дарахаас гадна бусдад халдвар тараах нөхцөл үүсгэдэг.
Ер нь бэлгийн идэвхтэй амьдралтай 18-35 насны хүмүүсийн дунд бэлгийн замын халдвар их байдаг. Ихэнх хүндрэлүүд бол эрэгтэй хүнд төмсөгний дайвар, үрийн цулцан, түрүү булчирхайн үрэвсэл, эмэгтэй хүнд бол бага аарцагны үрэвсэлт өвчнүүд, өгсөх замын халдварууд өндгөвч, умайн хүзүү, умайн гуурсан хоолой, умайн гаднах жирэмслэлт, үргүйдэлд хүргэж болно. Залуучуудад хандахад ер нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд бэлгийн замын дайвар халдварын шинжилгээ, эмчилгээ, зөвлөгөөг тогтмол өгч байгаа. Үүд хаалга үргэлж нээлттэй байгаа. Тийм учраас өөрийгөө эрсдэлд оруулахгүй, бусдыгаа хамгаалах, ер нь урьдчилан сэргийлээд бэлгийн замын дамжих халдварын шинжилгээ сайн дурын зөвлөгөөндөө хамрагддаг болцгооё" гэсэн юм.
Нэмж мэдээлэхэд, бэлгэвч 99 хувь найдвартай. Бэлгэвчийн бүрэн байдал алдагдаагүй, зөв, тогтмол хэрэглэсэн тохиолдолд БЗДХ болон ХДХВ/ДОХ-аас сэргийлэх боломжтой. Бэлгэвч нь буруу нөхцөлд хадгалах, хумс, бөгж, шүд зэрэг хурц үзүүртэй зүйлд урагдах, бэлэг эрхтэнд буруу углах, бэлгийн хавьтлын үед хангалтгүй тосолгоотой байх, бэлгэвчийг зориулалтын бус тосоор тослох, бэлгийн хавьтал хэт удаан үргэлжлэх, огцом хөдлөх зэрэгт бэлгэвч гэмтсэн байж болзошгүй үед шинэ бэлгэвч хэрэглэх ёстой.