Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Эверестийн хамгийн өндөр мөсөн гол хурдацтай хайлж байгааг шинэ судалгаагаар тогтоолоо.
Мэйн их сургуулийн тэргүүлсэн судлаачид Өмнөд Колын мөсөн гол сүүлийн 25 жилийн хугацаанд 180 фут (54 метр) зузаанаа алдсан байна гэв.
Далайн түвшнээс дээш 7,906 м (25,938 фут) өндөрт орших мөсөн гол нь гадаргуу дээр анх үүссэн мөсөөсөө 80 дахин хурдан нимгэрч байгаа аж. Мөсөн голын хайлж буй хурдыг дулааралт, хүчтэй салхитай холбон тайлбарлаж байна. Судалгааг удирдаж буй эрдэмтэд 1990-ээд оноос хойш 2000 орчим жил үүссэн мөс хайлж алга болсныг тогтоожээ.
Мөн мөсөн голын зузаан цасан бүрхүүл элэгдэн үндсэн хар мөсийг наранд ил гаргаж, хайлах үйл явцыг түргэсгэж байгааг онцоллоо.
Судалгааны багийн ахлах судлаачдын нэг, доктор Мариус Потоцки хэлэхдээ, "Өмнөд Колын мөсөн гол ил гарах замдаа орсон байж магадгүй. Энэ нь аль хэдийн хуучин, илүү хүйтэн цаг үеийн "үлдэгдэл" байж магадгүй" гэсэн дүгнэлт гаргажээ.
Мөсөн голын хайлалтыг өргөнөөр судалж байсан ч өндөрт байгаа мөсөн голуудад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө хэр тусч буйг урьд өмнө нь судалж байгаагүй юм. Мөсөн голд 10 эрдэмтний баг очиж, дэлхийн хамгийн өндөр хоёр цаг агаарын ажиглалтын станцыг суурилуулж, 10 метр урт (ойролцоогоор 32 фут) мөсөн голоос дээж авчээ.
Экспедицийн удирдагч доктор Пол Майевски ВВС-д хэлэхдээ, мөсөн гол хурдацтай хайлах нь олон төрлийн "бүс нутгийн болон дэлхийн хэмжээний чухал үр дагавартай" болохыг анхааруулжээ.
Нэг тэрбум орчим хүн Гималайн нуруунаас ундны усаа хангадаг бөгөөд хэрэв бүс нутгийн болон дэлхийн бусад мөсөн голууд Эверестийн жишгээр хайлвал тэдний ундны болон усалгааны усаар хангах чадвар мэдэгдэхүйц буурч магадгүй аж.
Энэхүү мөсөн голын бууралт нь уулчдад хүндрэл учруулж болзошгүй тул ууланд хийх ирээдүйн экспедицүүд илүү ил гарсан үндсэн чулуулаг, мөсөн бүрхүүлтэй тулгарах тул авирахад илүү хэцүү болох гэнэ.