Британийн цэргүүдийн гарт амиа алдсан иргэний эрхийн төлөө тэмцэгчдийн гэр бүл, нутаг нэгтнүүд Цуст ням гарагийн 50 жилийг ойг тэмдэглэн гашуудаж байна.
Дерри гэгддэг Лондондерри хотын оршин суугчид Их Британийн цэргүүд иргэний эрхийг хамгаалахыг эсэргүүцэгчид рүү гал нээж, Умард Ирландын 14 иргэний амийг хороосон Ням гараг Их Британийн түүхэн дэх аймшигт явдлуудын нэг юм.
1972 оны 1-р сарын 30-нд уг явдал Умард Ирландын хоёр дахь том хотын гудамжинд католик шашны 14 жагсагчийг буудан хороосон Ням гарагт болсон учир Цуст ням гараг хэмээн нэрлэгдэх болжээ. Цуст Ням гараг бол 3500 гаруй хүний амь насыг хохироосон Хойд Ирландад гучин жилийн турш үргэлжилсэн хүчирхийллийн эргэлтийн цэг болсон гэдэг. Британи цэргүүд, Умард Ирландчуудын сөргөлдөөн нь Ирландын нэгдсэн улсыг хүсдэг Умард Ирландын католик үндсэрхэг үзэлтнүүд болон Их Британид үнэнч протестантуудын нэгдэлчдийн хооронд үүссэн хамгийн аймшигтай, хохирол ихтэй нь байлаа.
1968 онд иргэний эрхийн төлөөх жагсагчид Католик шашинт цөөнх иргэдийн эсрэг санал өгөх, орон байр, ажлын байраар ялгаварлан гадуурхах явдлыг зогсоохыг шаардаж эхэлснээс хойш Умард Ирландын протестант эрх баригчид бүх жагсаал цуглааныг жилийн турш хориглох шийдвэр гаргажээ. Гэсэн хэдий ч шаардаж буй эрхийнхээ төлөө болон эрх баригчдын гаргасан хоригийн эсрэг 15000 хүн эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн байна. Хотын төвөөс хэдхэн км-ийн зайд орших Крегган эдлэнгээс “Католик” Богсайдын дүүргээр дамжин Гилдхолл талбай хүртэл үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалыг тухайн өдөр цэрэгт татагдсан Британийн 1-р батальоны шүхрийн ангийн цэргүүд хотын төвд хүрэх жагсаалыг зогсоохоор отож байжээ.
Хотын төвд ойртсон жагсагчид отоонд зогссон Британийн арми руу чулуу шидэж эхлэв. Цэргүүдэд баривчлах ажиллагааг эхлүүлэх тушаал өгч, хуягт машинууд цугларсан хүмүүсийн дунд орж ирсэн байна. Оройн 16:10 цагийн үед цэргүүд гал нээж эхэлсэн бөгөөд 10 минут дараа гэхэд л 13 хүн нас барж, 15 хүн шархаджээ. Амиа алдсан хүмүүсийн зургаа нь 17 настай байсан гэдэг.
Цуст ням гарагаас хойш нэг жилийн дараа нийтлэгдсэн Их Британийн Дээд шүүхийн ахлах шүүгч Жон Виджерийн албан ёсны тайланд гомдол гаргагч талын нэхэмжлэлийг нотлох баримтгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгожээ. Цуст ням гарагт оролцсон цэргүүдээс хэн ч бэртэж гэмтээгүй төдийгүй тэднийг буу, тэсрэх бөмбөг хэрэглэсэн гэх нотолгоо олдоогүй аж. Амь үрэгдэгсдийн гэр бүлийн шүүхийн тайланг “Цагаан зураг” хэмээн шүүмжилдэг.