Байгаль хамгаалагчаар 30 гаруй жил ажиллаж, устаж үгүй болох эрсдэлтэй амьтдыг хамгаалт, тоо толгойг нь өсөн нэмэгдэхэд хүндтэй хувь нэмэр оруулсан Хөвсгөлийн тайгын улсын хамгааалалтын газрын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй ярилцлаа. Сургуулиа төгссөнөөс хойш хөвчийн гүн тайгыг хамгаалах энхийн манаанд зогссон тэрбээр өнөөдрийг хүртэл ажиллахдаа нэг ч удаа амралт авч байгаагүй юм. Түүнийг халуунд халж, хүйтэнд хөрж ажил мэргэжилдээ үнэнч байсны хүчинд зэрлэг амьтдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
-Сайн байна уу та өөрийгөө танилцуулахгүй юу?
Би Хөвсгөлийн Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын даргын ажлыг хийдэг Жалын Төмөрсүх гэж хүн байна. Үндсэн үүсэл гарал нь Хөвсгөл аймгийн Улаан уул сумын Дархадын цэнхэр хотгорт төрж өссөн ийм хүн байна. Бага насаа Дархад нутагтаа өнгөрөөгөөд 1987 онд МУИС-ийг химич, химийн багшаар төгссөн. Сургуулиа төгсөж нутагтаа ирснээс хойш 35 жил байгаль хамгаалагчаар ажиллаж байна.
-Химийн мэргэжилтэй хүн яагаад байгаль хамгаалагч хийхээр болчхов оо?
Дархадын цэнхэр хотгор бол Монголын хамгийн хойд хязгаар нутаг. Хамгийн гайхамшигтай байгальтай. Ширэн ногоон газар дэлхийтэй, өндөр сүрлэн уулстай, ой мод, ан амьтан багширсан ийм газар бага насаа өнгөрөөсөн учраас байгаль дэлхийд ойр. Багаасаа байгаль дэлхийг таньж мэдэх мэдрэмжтэй өсөж, дуртай хүүхэд байлаа. Сургуульд явахаас өмнө уул тайгаар аавыгаа дагаж яваад ан амьтан, байгалийн талаар мэдлэгтэй болсон. Энэ нь ч байгалийн шинжлэх ухааны мэргэжлийн сонгох нэг шалтгаан болсон. Сургуулиа төгсчхөөд хотод ажил орох гэж байсан юм. Ах эгчийндээ байдаг байлаа. Гэтэл нэг өдөр өглөө эрт таван цагийн үед морь янцгаах дуу сонсогдохоор нь сэтгэл хөдлөөд л гэрээ ч санаж байсан. Эртлэн босоод байгаль хамгаалах аж үйлдвэрийн яаман дээр очоод хөдөө ажиллана, томилолт авъя гээд Хөвсгөл руу явж байлаа.
-Энэ олон жил байгаль хамгаалагчаар ажиллахад тань зэрлэг ан амьтдын тоо толгой нэмэгдэж, хорогдож буй нь танд хэр их анзаарагдсан бэ?
1980-аад онд Монголын байгаль орчин тэр дундаа зэрлэг амьтан тэр аяараа бүрэн тархчихсан, тоо толгой хэвийн өсөлттэй, тогтвортой байлаа. Төлөвлөгөөтэй агнадаг, хууль бус ан агнуур харьцангуй байхгүй шахуу байсан учраас зэрлэг амьтны нөөц хэвийн байсан. Гэтэл 1990-ээд он зах зээл, нийгэм өөрчлөгдөхөд Монголын байгаль орчин хамгийн их хэлмэгдсэн. Түүний дотор зэрлэг амьтны хувь заяа дууссан. Зэрлэг амьтныг хайрладаг, хамгаалдаг хүн байхгүй болсон. Монголын төр эмх замбараагүй болж, хууль нь үйлчлэхгүй, аль замаар явах нь тодорхойгүй байсан үе. 1990-ээд оноос 2010 он хүртэл зарим ан амьтан устсан. Хүдэр, халиун буга, аргал гэх мэт. Жишээ нь хүдэр гэхэд 40 гаруй мянган хүдэр байсан бол 2009, 2010 онд 1000 хүрэхгүй болчихсон байсан. Харин 2010 оноос хойш хил гааль чангарч, хүмүүсийн аж ахуй ч өөрчлөгдсөн. Одоо бол зэрлэг амьтны тоо толгой өсөх хандлагатай болж байна. Миний гэхдээ нэг санаа зовж байгаа зүйл бол Монголын зэрлэг амьтан эзэнгүй байна. Тийм учраас Монголын төр зэрлэг амьтныг хамгаалалттай болгох ямар арга байна шинэ бүтэц бүрэлдэхүүн гаргах шаардлага байна. Монголд 120 гаруй газар тусгай хамгаалалттай газар байгаа ч цаана нь 80 гаруй хувь нь эзэнгүй байна.
-Өнөөдрийг хүртэл таны хувьд бороо, цастай өдөр гэж ялгалгүй ажил үүргээ гүйцэтгэсэн байх. Хамгийн хэцүү санагдсан нь юу вэ?
Миний хувьд гурван том тусгай хамгаалалттай газрын сүүлийн 10 жил хариуцаж байна. Алтны нинжа орох, гал түймэр, хаш чулуу их байлаа, хууль бус ан уул хадыг эзэлчихсэн дайн шиг л байлаа шүү дээ. Энд хууль хяналт гэж байхгүй байлаа. Ийм нөхцөлд байгаль хамгаалагч ямар ч зэвсэггүй гар нүцгэн ажиллана. Хойд тайгад гэхэд 7000 нинжа байлаа шүү дээ. Хэн ч хянаж чадахаа байчихсан. Тайгын гүн рүү явган явахаас өөр арга байхгүй. Өвлийн хүйтэнд 40, 50 градус хүйтэн. Хэцүү байна гээд шантарч болохгүй. Гэхдээ энэ бүгдийг хэвийн болгоход зүрх сэтгэлээ зориулсан. Ингэж явлаа гээд томилолтын мөнгө төгрөг гэж байхгүй. Тухайн үед сард 385 мянган төгрөгийн цалин авдаг байлаа. Одоо бол 540 мянган төгрөгийн цалинтай байна. Ийм цалин авахын тулд явж байгаа юм биш. Яагаад гэхээр энэ сайхан нутгийг хайрлаж хамгаалахаар зорьсон бол зүрх сэтгэлээрээ шулуудаж хамгаална шүү дээ. дардан замаар яваагүй ээ. Байгалийн асар хүнд нөхцөлд ажиллаж байсан олон үе бий. Шөнө хүйтэнд гадаа гал түлээд модны ёроолд унтана. Морь даараад метрийн цастай гүвээ даваа давах амар биш. Зун бол тайгын гол усны араншинг таахын аргагүй. Гэнэт үер ус болох, 30 минутын дотор уул чулуугаараа буух, морь унах шавар намаг гэх мэт олон асуудлууд бий. Тэгээд л байгаль дэлхийн хуульд л байгаль хамгаалагч захирагдаад л зөн совин, мэдрэмжээрээ явж байгаа юм шүү дээ.
-Тоо толгой олширсон ан амьтдаа эргэж сэргээд камерт бичигдсэн байгаа дүрсийг нь харах ямар санагддаг вэ? Таны хувьд устаж үгүй болох аюултай ан амьтдыг насаараа хамгааллаа шүү дээ
Байгаль руугаа татагдаж явж чадахгүй байгаа чинь ерөөсөө л энэ үр дүн. Янгир ямаа гэхэд үр төлтэйгээ бүрэн бүтэн хагацал үзээгүй, буун дуу сонсоогүй, хүн үзээгүй ийм сүргийг харахаар байгаль хамгаалагч хүн чинь өөрөө огшдог. Онгирч баярладаг, хээр газар ганцаараа уйлдаг. Би үүний төлөө л явсан шүү дээ гэж боддог. Баярын үеэр ан их хийгддэг болохоор энд ингээд шампанск буудуулж байхад тэнд өөр амьтны амь үрэгдэж байх вий гээд л санаа зовоод эхнэр хүүхдээ уурлуулаад л, арга эвийг нь олоод уул руу явдаг даа.
-Ажил мэргэжилдээ эзэн болж, чин сэтгэлээсээ хийхийн тухайд та ямар үзэл бодолтой байдаг вэ?
Миний хувьд анх энэ ажилдаа орж байхад цалин хөлс бага, гурил будаа ховор байсан. Тэр үед миний үеийн найзууд ажил амьдралаа бодоод ганзагын наймаа хийх нь хийгээд ажлаа хаяад явах нь явсан. Би гэхэд тайгад хэдэн хүүхдүүдтэйгээ өлсөх үедээ өлсөөд тэжээл зуурч идэхээс наагуур амьдраад яваад ирсэн. Гэхдээ ямар ч хүнд хэцүү үед хаяж чадаагүй юм. Тэгэхээр ажил хийвэл хийсэн шиг хийгээд хийж чадахгүй бол болих хэрэгтэй гэж хатуу боддог хүн. Төмөрсүх гэж хүнээр ажил хийлгээд хүмүүс харамсах биш баярлах ёстой шүү дээ. Тэгэхийн тулд хүмүүсийн сэтгэл санаанд хүртэл, байгаль дэлхийг баястал ажиллая гэж бодоод би баяр ёслол, амралт гэж мэддэггүй. 35 жил ажиллахдаа нэг ч удаа ээлжийн амралт авч байгаагүй. Ажил хийх сэтгэл байвал тууштай байвал өөрийнхөө сэтгэл баясгах үр дүнд хүрдэг юмаа.
-Өнөөдрийг хүртэл ажиллахад хорогдсон амьтдаа хамгаалаад тоо толгойг нь сэргэхийг харах л их баяр баясгалан байх даа байгаль хамгаалагч хүний хувьд?
Аргал гэхэд 33 байж байгаад одоо 100 болсон юм. Судалгаанд яваад байдаг газруудаар нь яваад байна гэсэн газар очиход байхгүй болохоор сэтгэл өмөрчихдөг. Энд байгаа болов уу, тэнд байгаа болов уу, хааччихав, хүн хороочих вуу гээд санаа зовж эхэлдэг. Тэгж яваад өөр газраас олоод харах сайхан шүү дээ. сүүлийн үед камер тавиад шинэ амьтан олж харсан. Урд өмнө нь 40, 50 жил байдаггүй гэж бодож байтал сүүлийн 2019, 2020 оноос хойш камерт цоохор ирвэсийг хараад одон медаль авснаас илүү их баярласан даа. Энэ бол байгаль хамгаалагч хүний бахдал, баяр шүү дээ. Урд нь байхгүй байсан газар 10 гаруй хандгай явж байхыг хараад л огшино шүү дээ. Байгаль хамгаалагчийн ажил нүднээс далд явагдаж байдаг шүү дээ. Үүнийг тэтгэврийн өвгөн хийдэг гэж бодохоо болих хэрэгтэй. Хулгайн анчинтай таарлаа гэхэд маш олон зэвсэг дунд байгаль хамгаалагч гар нүцгэн зогсоно шүү дээ.
-Хууль сул байгаа учраас хууль бус ан агнуур ингэтлээ газар авсан уу?
Хуульд шүүмжлэх зүйл, зөвтгөх зүйл ч байна. Байгаль хамгаалагч бол хүнтэй ажилладаг хүн шүү. Байгаль хамгаалагч зөрчил гаргагч хоёрын хооронд яс хаясан хууль байж болохгүй. Хууль бус ангийн төлөө насаараа л явлаа. Олон ч тохиолдолтой таарлаа. Нутгийн ч хүн бай, гаднын ч хүн бай байгаль хамгаалагч нэг л зарчимтай очдог. Тэгэхэд нэг хүүхэд санаа, санаандгүй нэг ширхэг хадран загас барьсан гэж бодоход тэр хүнийг яах уу. Барьсан бол шоронд орно. Тэгэхээр нэг хадар загасны төлөө 1-5 жил шоронд оруулах уу? Оруулахгүй бол хууль зөрчиж байна. Оруулбал тэр нутаг усны хүмүүс дунд байж чадах уу? Бодож үзмээр байгаа биз энэ хуулийг. Ийм хүнд нөхцөлд хууль хэрэгжүүлэх байдалд байгаль хамгаалагчийг оруулчихсан. Шумуул алахад хүртэл эрүү үүсгэдэг. Энэ байж болох уу. Амьдралаас хол хууль байгаа биз.
-Байгаль хамгаалагч хэчнээн га газар хариуцдаг вэ? Түрүүний ярьсанчлан цалин маш бага авдаг шүү дээ?
Хөдөө, орон нутагт ажиллаж байгаа эмч, багш, цагдаа онцгой байдал цалингийн нэмэгдэл таван жил тутам авдаг. Тэд байгаль хамгаалагчийг бодвол өндөр цалинтай. Гэтэл байгаль хамгаалагч сумын төвд биш ой мод, тайга, ууланд гэр бүлээ хаяад, амь насаа золиослоод ажилладаг. Ямар ч нэмэгдэл байхгүй. Цалингаа нэмэгдүүлэх талаар нэг ч байгаль хамгаалагч дуугараагүй.
Нэг байгаль хамгаалагч тусгай хамгаалалттай газарт ойролцоогоор 50 мянга га газар. Цогцолбор газарт 70 мянган га газар хариуцдаг. Хүн хүчээсээ хамаараад 50-90 мянган га газар хариуцаж байна. Говь хээр талд 150 мянган га газар хариуцаж байгаа. Бага улсын хэмжээний газар шүү дээ.
-Ан амьтдын тоо толгой нэг хэсээн нэлээн хорогдсон. Одоо буцаад нэмэгдсэн үү?
Мал шиг нэг бүрчлэн тоолох боломжгүй ч миний хариуцаж авсан газруудын нэг болох Хорьдол саридагт гэхэд аргал 1990-ээд онд 33 байсан бол 2019-2020 онд 100 гаруй болж өссөн. Янгир ямаа 70-80 байсан бол одоо 300-400 болсон байна. 180 гаруй хандгай, 210 зэрлэг гахай байна.
-Гурван бамбарууш тэжээдэг юм билээ. Энэ талаараа ярихгүй юу?
Гурван бамбарууш тэжээдэг. Ховд аймгаас баригдаж ирсэн. Тайгад тавь гэхэд өвөл болчихсон байсан болохоор шууд үхнэ эсвэл хүн хороочихно шүү дээ. Тэгээд тэжээсэн. Хөвсгөл аймгийн Цагаан уул суманд бас баавгай холбоотой асуудал гараад манай байгаль орчныхон бамбарууш бариад ирсэн. Тэгээд хоёр болчихсон байж байсан. Тэгсэн удаагүй дахиад нэг бамбарууш асуудал болоод байна гээд одоо энэ гурван бамбаруушаа тэжээгээд, ичээ бэлдээд энэ өвөл өвөлжиж байна.
-Ярилцлагын төгсгөлд та юу гэж хэлэх вэ?
Ойрын үед байгаль хамгаалгч ирэх шинж алга. Үүнд л миний санаа зовж байна. Амьтдыг агнаж биш хайрласан хүн сайхан харагддаг цаг үе ирсэн.