Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны баталгааны асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Төрийн байгууллагуудын үйлчилгээний ажилчдыг хувийн хэвшилд шилжүүлэх эсэх талаар Засгийн газрын шийдвэр албажиж, өчигдөр МҮЭХ-нд ирлээ.
Засгийн газраас төрийн байгууллагын нийтлэг үйлчилгээний ажилчдыг өөрийн хүсэлтээр, сайн дурын үндсэн дээр хувийн хэвшил болон бусад байгууллагад шилжүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гарсан. Хоёрдугаарт, ажлын байрыг шилжүүлсэн тохиолдол цалин, тэтгэвэр тэтгэмжийг бууруулахгүй. Гагцхүү нэмэгдүүлэх, сайжруулах чиглэл баримтална.
МҮЭХ-ны тэмцлийн үр дүнд ийм тодорхой шийдвэр гарлаа гэж үзэж байгаа. Гэхдээ энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хөрсөн дээрээ буухгүй байна. Төрийн үйлчилгээний ажилчдын цалин өнөөдрийг хүртэл буугаагүй, мөн буухдаа нэмэгдэл урамшууллыг хассан буюу зөвхөн үндсэн цалин буугаад байгааг манай гишүүд хэллээ. 40 хоног хүлээж байж 400,000 төгрөгийн цалинг гар дээрээ авлаа.
Сангийн яамнаас бүх цалинг бүтэн шилжүүлсэн гэдэг мэдэгдлийг манайд өгсөн. Харин нийслэл болон орон нутагт цалинг дутуу олгосон гэх маргаан гараад байгаа юм. Тиймээс цалинг дутуу олгосон этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна. Энэ асуудлыг өнөөдөр, маргаашийн дотор шийдэхгүй бол бид бүхэн тэмцлийн дараагийн хэлбэрт орох болно.
Цалингийн доод хэмжээг 546 мянган төгрөг болгож байж өнгөрсөн хугацаанд бий болсон инфляцыг нөхөх нь ээ. Цагийн хөлс 86 цент байна. Цалингаа инфляц нөхөх хэмжээний дүнгээр нэмээд өгөөч ээ. 1,8 их наяд орчим төгрөгийг цөөн хэдэн хүмүүс Хөгжлийн банкаар дамжуулан хуваагаад иджээ. Хамгийн сүүлд төрийн албаны ажилтнуудын цалинг 2020 онд найман хувиар нэмсэн.
Цалин тэтгэвэр нэмбэл хүнс барааны бүтээгдэхүүний үнэ өснө гэдэг нь цалинг нэмэхгүй байх сонирхолтой улстөрчдийн тархи угаалт юм. Цалин хөлс нэмээгүй байхад инфляц 40-60 хувь өсчихлөө. 2020 онд цалинг найман хувь нэмснээс болоод одоогийн инфляц өссөн гэж харж болохгүй. 2015-2017 онд бараг гурван жил цалин нэмээгүй байхад инфляц бараг 50 хувьд хүрсэн.
Ядарсан ажилчдын цалин дундаас суутгаж авдаг асуудал байж болохгүй. Мөн цалин хоцроосон тохиолдолд хоног тутамд 0.3 хувийн алдангийг нэхэмжилж шүүхэд хандах асуудлыг өнөөдөр тавьж байна" гэлээ.
Үргэлжлүүлэн Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга З.Цогтгэрэл "Төрийн үйлчилгээний ажилчдын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын тогтоол 2021 оны арванхоёрдугаар сарын 22-нд гарсан байна. Гэтэл тэтгэвэрт гарч байгаа төрийн үйлчилгээний ажилчдын оронд хүн авахгүй байх, шинээр байгуулагдаж байгаа сургууль, цэцэрлэгүүдэд гэрээтээр ажиллуулах гэх мэт мэдээлэл хүргүүлсэн нь тэмцлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх шалтгаан боллоо.
Боловсрол, шинжлэх ухааны салбарынхан 40 гаруй хоног цалингаа аваагүй байхад бусад салбарынхан бүгд авчихсан байна" гэдгийг хэллээ.
"Тулаа хийж, илүү цагаар ажилласан хүмүүсийн маань нэмэгдлийг огт олгохгүй гэсэн"
Дорноговь аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл мөн өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцсон бөгөөд илүү цагийн нэмэгдлийг огт өгөхгүй байгааг хэлсэн юм.
Тэрбээр "Өчигдөр БСШУ-ны яамнаас багш нарын цалин ирээд, ТҮ-1, 2, 3 ангилалын ажилчдын цалин орж ирээгүй байна. Мөн коронавируст халдварын улмаас тулаа хийж, илүү цагаар ажилласан хүмүүсийн маань нэмэгдлийг огт олгохгүй гэсэн.
Манай Засгийн газар МҮЭХ-ны түвшинд ярихдаа бүх юм болж бүтэж байна. Цалинг шилжүүлсэн гээд хэлчихдэг. Гэтэл яг амьдрал дээр өөрөөр хэрэгжээд байгаа. Аймагт болохоор зөвхөн үндсэн цалинг өг гэсэн чиглэл өгчихсөн байна" хэмээн ярилаа.
Дээрх нөхцөл байдлын улмаас МҮЭХ-ноос Засгийн газарт хандан дахин шаардлага гаргажээ.
МҮЭ, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хороо, 21 аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийн Засгийн газраас төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн ажилчдыг гэрээт болгохоор гаргасан шийдвэрээ цуцлахыг шаардсан. Монгол Улсад ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн 50 мянган ажилтнууд байдаг ба сургууль, цэцэрлэгийн тогооч, засварчин, галч, үйлчлэгч зэргийг хамруулдаг байна.