Өчигдөр буюу энэ сарын 25-нд Оюу толгойн далд уурхайн анхны тэслэгээг хийж малтлагыг эхлүүллээ. Энэ үеэр бид Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, "Рио тинто"-ийн зэсийн группийн захирал Ж.Болд нараас,
- Ашиглалтад орж бгаа гүний уурхайг нээхэд зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн гэж хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарч байсан. Энэ асуудлыг яг яаж шийдээд өнөөдөр гүний уурхайгаа нээв ээ? Зардлаа хаанаас босгов? Зардлын хэтрэлт монголд хамаатай хэвээрээ юу?
- Оюутолгойн засаглалыг сайжруулах санал ТУЗ дээр батлагдсан. Засаглалыг яг яаж сайжруулах вэ? Яг юу хийх вэ? Ямар хяналт хэрхэн яаж тавих вэ?
- Дубайн гэрээг цуцлах эсэх дээр шийдвэр гарсан уу?
- ОТ төслөөс монгол улс авах ёстой татваруудаа авч чаддаггүй? Гүний уурхай ашиглалтад орлоо. Энэ татваруудаа авч чаддаг болох уу? Суурь гэрээнүүдээр энэ асуудлыг шийдэж байгаа юу?
- Төслөөс Рио тинто ч Монгол ч ашиг хүртээгүй байгаа гэж Ж.Болд захирал мэдэгдэж байсан. Гүний уурхай ашиглалтад орлоо. Хоёр тал ашиг хүртэх үү? Зэрэг асуулт асууж тодрууллаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Дубайн гэрээг цуцлах эсэх шийдвэрийн талаар,
“Дубайн гэрээг цуцлах талаар хэлэлцээр ид хийгдэж байгаа. Рио тинтогийн зүгээс ирсэн санал бий. Санал дээр ажлын хэсэг ажиллаж байна. Цуцлагдах үйл явц эхэлсэн гэсэн үг” гэв.
Мөн түүнээс Оюутолгойн засаглалыг хэрхэн сайжруулах талаар тодруулахад,
“Удирдах түвшинд оролцоо өндөр байх ёстой. Монгол инженер техникийн ажилчдын оролцоо маш өндөр байгаа. Тэр утгаараа үйлдвэрийн процессыг удирдах үйл ажиллагаа, мэдээллийн эх үүсвэрт хүрэх, мэдээллийн тэнцвэртэй байдал талаасаа оролцоо их байх ёстой гэж үзэж байгаа. Хэлэлцээр дотор тусгагдаж байгаа нээлттэй асуудлууд бий л дээ. ТУЗ-д ямар удирдлагууд байх вэ? Энэ нь ТУЗ-ийн шийдвэрт яаж нөлөөлөх вэ? гэх асуудал хэлэлцэгдэж байна. Мөн үйл ажиллагаа мэдээлэл, удирдлага, үйлдвэрлэлийн бүх процесст, Оюу толгойн үйл ажиллагаанд, Эрдэнэс Оюу толгой буюу 34 хувийн төлөөлөл бүх шатанд байж байх ёстой гэсэн асуудлыг ярьж байгаа” гэлээ.