Иргэдэд өгч буй цагаан сарын хэвийн боов болон бусад хүнсний багцийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Сүүлийн УИХ-ын гишүүд тойрогтоо иргэдэд бэлэг тарааж байна. Нэг удаагийн бэлэг өгөх, нэг хүний асуудал шийдэх бус улс орны асуудлуудаа дорвитой шийдье гэдэг асуудлыг тавьж байна. Нэг удаагийн бэлэг өгснөөс илүү тэтгэвэр нэмэх, агаар, хөрсний бохирдол, түгжрэлээ шийдэх хэрэгтэй. Мөн татварын орчныг таатай болгож, өрхийн бизнесийг дэмжиж, хавдрын эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж, эмнэлэг сургуулиа бариач гэдгийг иргэд ярьж шүүмжилж байна. Сонгогчдын боловсрол дээшилсэн байхад улс төрчид бид дүлий оргиод шийдэл гаргахгүй байж болохгүй ээ. Тийм учраас бидний зүгээс шийдэл гаргахаар санал болгож байна. Мэдээж УИХ-ын гишүүдийн хэрэгжүүлж байгаа ажлуудаас иргэдийн сэтгэлд нийцэж байгаа маш олон төсөл хөтөлбөрүүд байгаа гэдгийг дурдах хэрэгтэй.
Миний бие дүүрэгтээ хавдрын эсрэг довтолгоо аяныг хэрэгжүүлж байна. Хүүхэд залуучуудыг зөв төлөвшилтэй болгох "Эх орон 36" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь иргэдэд таалагдаж, хүрч энэ ажлуудыг сайн хийх хэрэгтэй гэсэн зүйл их ирж байна.
Нэг удаа бэлэг тараагаад өнгөрөх биш. Ер нь юм тараах нь сөрөг үр дагавартай. Мөнгөний уралдаан болдог. Эмэгтэйчүүд, залуучууд улс төрд ороход маш их саат тотгор болж байгааг хүн бүр хэлж байгаа. Бусад УИХ-ын гишүүдээ бидэнтэй нэгдэж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг асуудлыг дэмжээчээ гэж уриалж байна"
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
Бид Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Иргэдэд боов, эд өлгийн зүйл тараадаг, санал худалдаж авдаг зүйл хавтгайрлаа. Ердөө хоёрхон сарын өмнө Монгол Улсын 2022 оны улсын төсөв батлагдсан. Энэ төсөв дээр үр ашиггүй зардлууд, хавтгайрсан халамжийн бодлого хэвээрээ байгаа. Маш тодорхой жишээ гэхэд Богд Зонховын асуудал өнөөдөр хүртэл яригдаж л байна. Цар тахал хүндрэлтэй, монголчуудын гурван хүн тутмын хоёр нь ажилгүй, ядууралтай ийм нөхцөлд Богд Зонхова мэтийн цемент зуурдаг, ядуу иргэдэд, ахмадуудад цагаан сараар боов, гурил тараадаг ийм зүйлийг бид хязгаарлахгүй бол болохгүй. Бодлого буруу байна. Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Энэ хуулийн 48.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал ямар нэгэн эд өлгийн зүйлийг тарааж болохгүй” гээд зохицуулалт бий. Одоогийн хуулийн хүрээнд юм тарааж болно гэсэн зохицуулалт байна. Хоёрхон жилийн дараа сонгууль болно. Хоёр цагаан сар болно. Гишүүд энэ баяруудаар юмаа амжуулаад эргээд саналаа авна гэсэн л байдалтай хандаж байна. Тиймээс энэ дээр хуулийн хязгаарлалтыг хийе. Нэгдүгээрт, хэрэв та УИХ-ын гишүүн болсон бол дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн эд өлгийн зүйл тараахгүй. Хэрэв тараасан тохиолдолд та дахин сонгогдох эрхгүй болж, эрүүгийн хариуцлага ногдуулна гэсэн ерөнхий зохицуулалтыг санал болгож байна. Зөвхөн УИХ-ын гишүүд ч биш шат шатны сонгогддог албан тушаалтнуудад энэ зохицуулалт хамааралтай. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд энэ агуулга хамаарна. Шат шатны сонгуульд санал авах зорилгоор иргэдэд эд өлгийн зүйл тараахгүй гэх зохицуулалтыг хаврын чуулганд оруулна.
Иргэд зарим УИХ-ын гишүүдийг буруутгаж байх шиг байна. Нийтээрээ шүүмжилж байгаа нь зөв. Гол нь яагаад ийм зүйл болов. УИХ-ын гишүүдийн зүгээс систем нь ийм юм чинь гэж байна.
Эдийн засгийн бодлого нь сул, мөнгө тараадаг, тэтгэврийн чөлөөлөлтийг хийдэг, халамж руу чиглэсэн явах юм бол энэ алдаа засагдахгүй. Тэтгэврийн шинэчлэлийг зоригтой хийх хэрэгтэй. Ахмадууд маань өөрсдөө мөнгөө өсгөдөг, үржүүлдэг, хангалттай цагаан сараа хийдэг болох хэрэгтэй. Иргэдэд тогтмол орлого хэрэгтэй болохоос биш нэг удаагийн сонгуулийн мөнгө хэрэггүй. Иймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчилье гэж Үндсэн хуулийн цэцэд хандсан агуулгатай байх хэрэгтэй. 76 жижиг тойрогт 76 гишүүн ул боов тараадаг биш Монгол гэсэн нэг том тойргийнхоо бодлогоороо өрсөлддөг, иргэддээ бодитой орлого болдог ийм л байдлаар явбал Монгол Улсын хөгжил зөв зүйтэй. УИХ-ын гишүүд маань ч дэмжээрэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаралтай хийж, тогтолцооны гажуудлыг засах хэрэгтэй байна. Парламент нь боов тараадаг биш бодлогоороо өрсөлддөг байх хэрэгтэй.
Тиймээс сөрөг хүчний төлөөлөл тэдний зүгээс УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд дараах өөрчлөлт оруулахаар өргөн барих гэж байна. Үүнд,
- УИХ болон ИТХ-д сонгогдсон аливаа этгээд сонгогдсон хугацааны турш өөрөө болон бусдаар дамжуулж иргэдэд мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдахыг хориглоно.