“МЭК” ХХК судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар Монголд хүнсний үнэ дөрвөн жилийн өмнөхөөс 56 хувиар нэмэгджээ. Гэвч энэ хугацаанд өрхийн орлого, цалин, тэтгэвэр нэмэгдээгүй гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлд гэхэд ковидийн нөхцөл байдалд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд талбай дээр суулт зарлаж, үсээ хүртэл хусаж байсан. Тэгвэл өчигдөр тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлтэй холбоотой Ахмадын холбооноос мэдэгдэл хийсэн. Мэдэгдлийн үеэр Ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар тэтгэвэр нэмээгүй хоёр жил боллоо. Хүнсний бүтээгдэхүүн, ойр зуурын ахуйн хэрэглээний зүйлсийн үнэ огцом өсөж байгаа энэ үед ахмадуудын амьдрал туйлдаа хүрлээ. Мөн 2022 оны төсөвт тэтгэвэр нэмэх агуулга огт тусгагдаагүй байгаа талаар мэдээлсэн.
Инфляц Улаанбаатарт 14.8, улсын хэмжээнд 13.4 хувьд хүрснийг Монгол банк мэдээлсэн. Хэзээ инфляц тогтворжих нь тодорхойгүй байгааг ч эдийн засагчид хэлж байгаа. Цагаан сар хаяанд тулсан, залгаад олон баяр тохиодог хаврын улиралд нийлүүлэлтийн гаралтай инфляц монголчуудын нурууг “хотойлгосоор” байна.
Импортын бараа, бүтээгдэхүүний үнэ 10-30 хувь өссөн. Монголд үйлдвэрлэдэг боловч гаднаас түүхий эд, сав, баглаа, боодлоо авдаг бараа, бүтээгдэхүүний үнэ ч мэдэгдэхүйц өсөж иргэдийн худалдан авах чадвар буурсныг захын дэлгүүрээс томоохон зах, худалдааны төвийн худалдаа эрхлэгчид ч хэлж байна.
Хүнсний багц үнийн нэмэгдлийн талаар МЕК судалгааны байгууллагын гүйцэтгэх захирал Л.Золбаатар “Энергиэ хангалттай хэмжээнд авна. Айхтар тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн байхгүй. Гэхдээ суурь хэрэгцээг бүгдийг нь багтааж бүтцийг гаргасан. Дөрвөн хүнтэй өрхийн нэг хоногийн хүнсний хэрэгцээнд суурилж судалгаагаа гаргалаа. 2018 оны судалгаатай харьцуулахад төмс хамгийн их буюу 117 хувь өссөн байна. Ургамлын тос 104 хувь өсжээ. Үр тариа, импортын Любимыи жүүс л хамгийн бага хувиар өсөж, бусад бараа бүтээгдэхүүний үнэ мэдэгдэхүйц өссөн” гэв.
Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн өрхийн орлого нэмэгдээгүй. Иймээс үнийн өөрчлөлт иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар тодрууллаа.
Х.Оюун 32 настай “Манай өрхийн орлого сард дунджаар хоёр сая төгрөг. Ам бүл зургаа. Цэцэрлэг, сургуулийн насны дөрвөн хүүхэдтэй. 2018 онд манай өрхийн орлого гурван сая төгрөг байсан. Тухайн үед хүнсэнд мөнгө үрж байна уу гэж санаа зовохоор хэмжээнд юмны үнэ нэмэгдээгүй байсан. Дэлгүүрээс хүнсээ цуглуулахдаа үнийг нь харахгүй л авдаг байлаа. Харин одоо манай гэр бүлийн хувьд барааны үнэ өсөөд цалин буураад ирэхээр барааны үнэд ач холбогдол өгч эхэлдэг юм байна. Яаж хүргэх үү, юугаа хасах гэх зэргээр бодож, тооцоолдог болчихсон. Мах, гурил, будаа, талх, боов, сүү, сахар, тос, ногоог өдөр тутамдаа хэрэглэдэг. Будаа, гурил, мах, талх, сүү, өндөгний үнэ хамгийн их нэмэгдсэн. Одоо бараг хүнсэндээ цалингаа зарцуулж байна даа” гэв.
Гэр бүлтэй иргэдийн хувьд цалин хүрэхгүй байгааг хэлж байгаа бол ахмадуудын хувьд ч мөн адил тэтгэвэр, тэтгэмждээ тааруулан амьдарч байгаагаа хэлсэн юм. Монгол улсад 358 мянган ахмад настан тэтгэвэр авч байгаагийн 60 орчим хувийнх нь тэтгэвэр доод хэмжээ буюу 350,000 төгрөг авдаг аж. Иймээс ч Ахмадын холбооноос нийт ахмадуудын тэтгэврийг 10 орчим хувиар нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгахын тулд 2022 оны төсөвт тодотгол хийх шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлээд байгаа юм.
С.Дулам 78 настай “Ам бүл гурвуулаа амьдардаг. 350 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. 2000 оны зургаадугаар сард анх тэтгэврээ 15 мянган төгрөгөөр тогтоолгож байсан. Түүнээс хойш төр засаг бага багаар нэмсээр сүүлийн 2-3 жил тогтмол 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Тэтгэврээ боломжоороо өөрөө зохицуулаад л хүргэдэг дээ. Сард хамгийн багадаа л 150 мянган төгрөгийн эм, тариа хэрэглэдэг. Тогтмол даралт, зүрх гээд төрөл бүрийн эм авч уудаг. Ийш тийшээ эмчилгээнд явна, цагаан сар зэрэг баяр ёслолоор зээл авдаг. Тэтгэвэр нэмэгдээгүй ч барааны үнэ айхтар нэмэгдсэн. Дэлгүүрээс юм авах гэхээр доод тал нь 5000-9000 төгрөг. Барааны үнэ ер нь нэлээн нэмэгдсэн. Төр засаг тэтгэвэр нэмэхээр бол нэмэх байх. Нэмэхгүй бол аль боломжоороо бага багаар ч болов хүргээд, зээл аваад амьдарна даа” гэж хэллээ.
Залуучуудын хувьд ч мөн адил цалин бага учраас давхар ажил хийх шаардлага тулгардаг гэлээ. Т.Намуунболор 23 настай “Ганцаараа амьдардаг. Ажлын байранд гараад хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Цалингийн хэмжээ анх авдаг байсан үеэ бодоход нэмэгдсэн. 600 мянган төгрөгөөс эхлээд ерөнхийдөө сая орчим төгрөг одоо авдаг. Өнгөрсөн жил дөнгөж хөл хорио тавигдаж эхлэх гэж байх үед буюу 2020 онд 150 мянган төгрөгт багтаагаад хангалттай хүнсээ бэлдчихдэг байсан. Одоо 150 мянган төгрөгт 10 хоногийн хүнсээ л авч чадахаар байна. Тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн энэ мөнгөн дүнд багтах ямар ч боломжгүй. Зөвхөн 10 хоногийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн авахад л хүрнэ. Миний 17 мянган төгрөгөөр авдаг будаа 24 мянган төгрөг болтлоо нэмэгдчихсэн. Ургамлын тос 8000 болчихсон. Одоо бол сард 300 мянган төгрөгт хүнсээ бэлддэг болсон байналээ. Энд махны үнэ огт ороогүй гэж хэлж болно. Хэрвээ хөдөө аав, ээжээс мах ирдэггүй байсан бол энэ дүн хэдэн төгрөг болж өсөхийг би хэлж мэдэхгүй байна. Цалингаа аваад ипотекийн зээлээ төлдөг. Утасны төлбөр, угаалгын машины лизингээ төлдөг. Тэгээд ойр зуурын хэрэглээний мөнгө гээд цалингаас үлддэггүй. Заавал нэмэлт ажил хийж байж л лизингээ төлөхөөс гадна хэрэгцээгээ зохицуулж амьдарч байна даа.
Хэрвээ гэр бүлтэй бол энэ цалин маань хүрэхгүй юм байна. Цалинтай тулдаа л өртэй амьдарч байна гэдэг шиг. Хүрэхгүй шүү дээ. Гадуур ковид халдварын тархалт өндөр. Автобус маш эрсдэлтэй. Хүйтэн, зай барих ямар ч боломжгүй. Миний хувьд хоёр удаа ковидоор өвчилсөн учраас гурав дахь удаа өвдөхөөс сэрэмжилж таксигаар явдаг гэх мэт зарлага ихээр гарах болсон” гэв.
Нэгтгэн дүгнэвэл, монголчуудын өдөр тутам хэрэглэдэг хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 29.5 хувиар, гурил, будааны үнэ 22.8 хувиар, талх нарийн боовны үнэ 18 хувиар, ундаа, жүүсний үнэ 16 хувиар, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн 9.1-11.2 хувиар үнэ нь өслөө. Дэлхий нийтээр бараа бүтээгдэхүүн хомсдож, тээвэр ложистикийн хүндрэл гарч, өртөг зардал нэмэгдсэн. Монголын эдийн засаг ч энэ нь хүнд цохилт болсон. Гэвч эдийн засгийн уналт, инфляцийн өсөлт, үнийн нэмэгдэлд бэлдэх хугацаа хангалттай байсан ч сонгуулийн шоу хийсээр өнөөдрийн түвшинд хүрсэн нь үнэ. Тэгвэл одоо цалингаа нэмэх үү, барааны үнэ тогтвортой байлгах уу? Иргэд цалин, тэтгэврээ хүргэж амьдрахын тулд хуруу хумсаа хугалан байж өдөр хоногийг өнгөрөөсөөр байх уу?