Өнөөдөр "Үндсэн хууль-30жил" үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Монгол Улс Ардчиллын замыг сонгож шинэ Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үндсэн хуулийн төслийг хэвлэлд нийтлэн бүх ард түмнээр хоёр удаа хэлэлцүүлсний дараа Улсын бага хурлаар дөрвөн удаа хэлэлцүүлжээ.
Эцэст нь хууль тогтоох дээд байгууллага АИХ-ын хуралдаанаар 75 хоног хэлэлцэн батлав. АИХ-ын 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд нэг бүрчлэн уншиж сонсгон, мөн өдрийн 11.35 цагт баталсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.
Ингэснээр Монгол хүн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, амьдрах газраа чөлөөтэй сонгох зэрэг язгуур эрхээ батлан, тунхагласан түүхтэй.
Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан.
Тодруулбал, 1924 оны Үндсэн хуулиар “хаант улсыг халж, Бүгд Найрамдах улсыг тунхагласан”, 1940 оны Үндсэн хуулиар “Улс орноо хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангах”, 1960 оны Үндсэн хуулиар “Социализмыг төгөлдөр байгуулж, цаашдаа коммунист нийгэм байгуулна”, 1992 он Үндсэн хуулиар “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх”-ийг зорилго болгон тус тус дэвшүүлжээ.
Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэхээр заасан байдаг.