Хорвоог хоёр хөлөөрөө биш, тэргэнцрээр туулах хатуу тавиланг эдэлж, элээж буй иргэн Б.Даваасүрэнг бид “Гашуун яриа” нэвтрүүлэгтээ урилаа. Хүнд хагалгаануудыг сэтгэлийн хатаар давж гарсан тэрбээр амьд яваадаа баярладаг талаар болон өвдөж зовохын цаг хүнд хөрөнгө мөнгө биш, сэтгэлийн дэм хэрэгтэй байдаг талаар ярьсан юм.
-Юуны өмнө та спортоор хичээллэдэг байсан, одоо ч хичээллэсээр байгаа шүү дээ. Энэ талаар ярихгүй юу?
-Би их хурдан гүйдэг хүүхэд байсан юм. Анх хөнгөн атлетикаар спортын сууриа тавьсан. 2007 оноос жүдо бөхөөр 6-7 жил хичээллэсэн. Ингээд л 2015 оны намрын тэр өдөр халтирч унаснаас болоод л тулгуур эрхтний бэрхшээлтэй болсон.
-2015 оноос хойш таны амьдралыг харах өнцөг, хэв маяг өөрчлөгдсөн байх?
-Эрүүл саруул хүнээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн болж байгаа шүү дээ. Тэр цагаас хойш нэлээн олон хүнд хагалгаануудыг давчихлаа. Нурууны хагалгаа, хөлөө тайруулах хагалгаа, тайруулсных нь дараа оёдол нь задраад хэд хэд орсон. Ингэж явсаар сүүлд сүүжний ясны хагалгаанд орсон.
Би боолтоо хийлгэхдээ машинаа бариад явдаг байлаа. Тэгэх болгонд оёдол нь задраад байсан юм. Олон оёод байхаар арьсанд оёх газар олдохгүй, ангайсан юм болчихсон. Тэгээд эмч, “одоо ер нь оёдол авахад хэцүү болчихлоо. Зүгээр өөрөөр нь ингээд л төлжүүлээд эдгээе” гэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энгийн хүнээс ямар ялгаатай байдгийг өөрийн биеэр туулж ухаарсан даа.
-Яагаад ийм байдалд хүрчхэв ээ?
-Би чинь самар гэдэг зүйлийг бараг амьдралдаа харж байгаагүй шүү дээ. Машин эвдэрчхээд бас цалин буух ч болоогүй, мөнгө хэрэг болоод хоёр хоног самарт явсан юм. Хэд хэдэн модон дээр гараад, самар унагаагаад, нөгөө хоёр шуудайтайгаа түүгээд болоод байсан. Хадан дээрээс харсан чинь доор саглайсан өндөр мод байсан. Бусад модноос нэлээн өндөр. Тэр мод руу авираад, буух гэж байхад мөчир нь хугарсан юм шиг байгаа юм. Тэрийг би санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь ГССҮТ-д сэрсэн. Тэр өдөр самарт яваагүй бол зүгээр байх байсан даа гэж боддог.
-Таны ярилцлагуудыг уншаад тэсвэр хатуужлыг нь бахадсан. Яаж тийм сэтгэлийн хаттай байдаг юм бэ?
-Бөхөөр барилддаг байсан болохоор тэсвэр хатуужил суучихсан байх. Тэр нь хөлөө гэмтсэний дараа, хөлөө тайруулсны дараах сэтгэл зүйд дэм болсон. Түүнээс биш сэтгэл зүйгээ бэлдээгүй бол, хараад л нам хэвтэх байсан байх. Тэрнээсээ болоод бараг үхчихэж болох л байсан. Тэр болгоныг давахад сэтгэлийн хат маш их чухал. “Би ийм болчихлоо шүү” гэж бодохгүйгээр, зүгээр л тэсвэрлээд гарсан.
Хамгийн гол нь тэр том шарх оёдол задарч байхад би өвдөж байгааг нь мэдэхгүй байгаад л байсан. Жаахан өргүүлэхээр, арьсыг сунгаад татсан байгаа оёдол нь шууд тавигдчихна. Арьс нь сэтрээд л орчихно. Шархаа цэвэрлэж байгаад толинд харахаар үнэхээр аймар. Тэгээд л тэр том шархыг хэзээ эдгэх болоо гээд боддог байлаа. Шархаа хараад сэтгэл зүйгээр л унаж болохгүй гэж боддог байсан. Хүн угаасаа сэтгэл санааны амьтан. Сэтгэл санаагаа удирдаад л явах юм болно.
-Ямар нэг харамсал төрдөггүй гэж үү?
-Би хөлөө тайруулахын өмнө, таксинд явж байхдаа хөлөө хөдөлгөж байна гээд боддог байсан. Гэхдээ зөвхөн баруун хөлөө. Нэг өдөр үнэхээр би хөлөө зөөсөн. Өлмий хэсгийг нь л дээ. Ямар ч байсан мэдээ орох юм байна гээд найдаж байлаа. Тэгэхэд нөгөө талын хөлний шарх байж л байсан. Би анзаараагүй. Эмч дээр очиход эмч ч анзаараагүй л байсан. Тэгээд явж явж байгаад л гэнэт нэг өдөр цэвэрлэгээ хийж байхад, цаашаагаа хөндий орчихсон. Тэгж нэлээн хэд хоног явсаар, шарх нь улам цаашлаад байсан байгаа юм. Эмч нар намайг боолт хийх өрөөнд хэвтэж байхад үзээгүй. Сувилагч нь энэ хүүхдийг үзээч, хөл нь ийм байна гэхэд нэг эмч, “үгүй ээ үгүй наадхаа тэр хэнийг дуудаад үзүүлчих” гэсэн. Тэр уг нь намайг үзэх ёстой эмч байсан юм. Хэрвээ эмч үнэхээр өргөсөн тангарагтаа үнэнч байгаад үзчихсэн байсан бол…
Намайг боолт хийлгэх гэж байхад боолт хийх багаж нь ч байгаагүй. Урт ганцхан хямсаа байсан. Хямсаагаар жаахан сөхөөд эм цацаж өгсөн болоод л гаргаж байсан. Тэгээд би маргааш нь очоод ч боолтоо хийлгэж чадаагүй. Хамгийн анх сэргийлж чадах хүн нь тэр эмч байсан шүү дээ.
-Эмч нарын ажилдаа хандаж байгаа нь их л хайнга байжээ дээ?
-Миний хөл үнэр орчихсон байсан. Хоёр гурван залуу эмч орж ирчхээд ёстой муухай үнэртэй байна. Эндээс хурдан гаръя гээд л. Эмч хүмүүс өвчтөнөө өвдөөд ирэх юм бол үзэж байх ёстой хүмүүс шүү дээ. Би тэндээс хувийн эмнэлэг рүү очоод хэвтсэн. Нэг хоёр хоног хэвтээд л хөл пэмбийж хавдсан юм. Тэгээд л ухаанаа алдсан. Намайг сахисан найзын ярьж байгаагаар, хүн явахын аргагүй өмхий байсан гээд. Тусгаарлах өрөөнд амьдаараа өмхийрчихсөн гэсэн. Тухайн үед би маш их халуурчихсан, халуундаа жаахан дэмийрсэн юм уу хаашаа юм. Ганцаараа яриад л хана балбаад, чи авч явахгүй, би явмааргүй байна гээд байсан гэсэн. Тэгж байгаад л хөлөө тайруулсан юм билээ.
-Хичнээн сэтгэлийн хаттай ч тийм зүйлийг харах амаргүй шүү дээ. Тухайн үед юу бодогдож байсан бэ?
-Нэг мэдсэн хөлөө тайруулчихсан, бумбайсан боодог шиг юм. Аягатай ус цайгаа ч дийлэхгүй. Хоолоо ч идэж чадахгүй дотор муухайраад л. Тэр үед ямар ч байсан амьд байгаадаа маш их баярласан. Хүмүүс, хүүхдүүд маань ирээд л. Би тэгэхэд хиймэл хөл хийж болох байх гэсэн бодолтой байсан юм. Хөл хийх ямар ч боломж байхгүй юм билээ.
-Гэр бүлийнхнийх нь хувьд ч энэ үйл явдал амаргүй даваа. Таныг сэтгэлээр хэрхэн дэмжив ээ?
-Намайг хөлөө тайруулчихаад гараад ирсэн чинь ээж гүйж ирээд, машин дотор тэвэрч аваад маш их үнссэн. Миний хайртай хүү гээд л үнэрлэж билээ. Миний ээж маш их зовлон үзсэн хүн. Би дөрвөн наснаас хойших юмыг нэлээн санадаг. Аймар л зодуулдаг байсан. Шууд гэрийн хаалгаар намайг гаргаад шидчихдэг байсан юм. Тэгэхэд ээж бас зодуулж байдаг. Хуучны хээтэй ширээний доогуур ээжийг уйлуулаад, мөлхүүлж байсныг тод санадаг. Аав архинд дуртай. Архи уухаараа аймар агсам. Тэгээд л ээж бид дөрвийг нийлүүлээд л зоддог байлаа. Миний санаж байгаагаар ээж 2000-2004 оны хооронд зодуулаагүй, бүтэн нойртой хоносон шөнө цөөхөн байх. Ээжийг би ааваас салснаас хойш их гоё гүнзгий амьсгаа авч бүтэн нойртой хонож байгаа гээд баярладаг байсан шүү дээ.
-Та ээжийнхээ хувьд хэр сайн хүү вэ?
-Одоо ээж минь ийм сайхан байхад бид ээжийг яаж зовоох вэ дээ. Тэр их зовлонгоос гараад ирчихсэн байхад нь ээжийгээ дахиж зовоож байвал ёстой мулгуун шинж. Тэрнээс хойш би 29 жил ээжийнхээ өөдөөс нэг ч удаа хатуу үг хэлж үзээгүй. Уурлуулж, гомдоож ч байсан удаагүй. Чанга үг хэлж үзээгүй. Санааг нь чилээсэн байх. Хамгийн их хайрладаг хүн гэвэл ээж минь шүү дээ. Би ээждээ тэр болгон хайртай шүү гэж хэлээд байдаггүй. Ер нь л хэлдэггүй. Ээждээ хайртай шүү л гэж хэлмээр байна.
-Өвдөж зовох цагт хүний чанар танигддаг гэдэг шүү дээ. Таныг хэн дэмжиж хайрладаг, хэн тоохгүй хаяж байгааг анзаарсан байх?
-Хөлөө тайруулчихаад, ирээсэй гэж маш их хүссэн хүмүүс байгаа. Манай аав ирсэн. Над дээр удаан байгаагүй. Орж ирчхээд л, “миний хүү гайгүй юу” гэж хэлээд жаахан суучхаад шууд гараад явсан. Аавын талын дүү нар бий. Би хүүхэд байхдаа тэнд өссөн. Их ойр байсан хүмүүс. Нэг нь ч ирээгүй байна. Би тэрэнд их харамсдаг, гомдолтой байдаг. Авга нартаа л маш их гомддог юм. Бэртэж гэмтчихсэн байх үед сэтгэлийн дэм болоод хүрээд ирж болно шүү дээ. Хүн чинь бас эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа, тэр хүмүүс ирээсэй гээд хүлээж байдаг юм билээ. Анх гэмтэлд хэвтэхэд манай хоёр авга эгч ирж байсан. Би хараад уйлж байсан юм. Хөлөө тайруулчихаад бас ирэхийг нь хүлээж байсан. Хагалгааны зардал гээд хэдэн төгрөг шилжүүлдэг. Хэдэн төгрөг өгөхийн оронд өөрсдөө хүрээд ирэх юм бол тэр чинь надад өгч байгаа маш том сэтгэлийн бэлэг. Сэтгэл нь чухал юм уу, хөрөнгө чухал юм уу.
-Таны хувьд хөлгүй ч амьдралын төлөө алхаж байна шүү дээ. Гэтэл эсрэгээрээ эрүүл саруул атлаа “алхдаггүй” хүмүүс байдаг. Энэ бүхнийг хараад юу гэж боддог вэ?
-Хотын төвөөр ямар ч зорилгогүй, залуучууд архи уугаад л шуудай үүрчихсэн нэг байрны гадаа, эсвэл эмнэлгийн гадаа хоол гуйгаад л байж байдаг юм. Тэр хүмүүсийг харахаар, энэний оронд нэг алхаад үзчих юмсан гэсэн хүсэл төрдөг. Таксинд явж байхад янз янзын хүн таарна шүү дээ. Гар тоногоор машинаа барьдгийг мэдчихээд өчнөөн хол газар хүргүүлчхээд мөнгөө өгөхгүй зугтана. Би гарч ирэхийг нь хүлээгээд байгаад л байна. Итгээд л хүлээгээд байгаа шүү дээ. Одоо би таксинд явахдаа тэргэнцэртэй хүн гэдгээ хэлэхээ байсан. Тэгж хэлэх юм бол зарим нь өрөвдчих гээд, зарим нь намайг залилж, зугтчих гээд байдаг.
-Таны цаашдын зорилго юу вэ?
Цаашид ямар ч байсан хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй хүн болгож, хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд нь ямар ч байсан анхаарна. Мөн дааруулаад байхгүй, хоосон хонуулаад байхгүй, бусдаас дутаахааргүй л амьдрахыг хичээдэг. Ажилтай ч болчихсон.
-Танд амжилт хүсье.
-Баярлалаа.