Улаанбаатарт иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байгаа агаарын бохирдол утаанаас гадна алхам тутамд байдаг приус машины батерей хорт хавдар үүсгэгчдийн нэг юм. Бидэнд энгийн мэт энд тэнд хөглөрч байдаг автомашины батарей, хуруу зай зэрэг нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, сэтгэхүй болон дотор эрхтний хямрал үүсгэдэг хүнд металуудыг агуулдаг гэдгийг аюултай хог хаягдлын үндэсний холбооноос ч мэдээлж байсан. Монголд хамгийн элбэг байдаг приус 11 авто машинд 38 ширхэг батарей байдаг бол приус 20 маркийн авто машинд 28 ширхэг батарей байдаг байна. Хуруу зайг ч дахин боловсруулах, хураах үйлдвэр байдаггүй манай улсад энэ олон приус авто машины сольсон батарейг хаана хадгалж, хэрхэн устгалд оруулдаг талаар сурвалжилахаар машин засварын газруудаар орлоо.
Хүнсний дөрвийн хойно байрлах Hybrid машин засвар гэсэн хаягтай машин засварын газарт очиход 4-5 приус маркийн авто машиныг засаж харагдлаа. Засварчнаас асуухад ажил ихтэй байсан учраас төдийлөн тоймтой хариулт хэлээгүй. Хариуцсан эзнийг нь асуухад машин засварын хажууханд байх чингэлэгт байгаа гэлээ. 40 орчим насны эрэгтэйгээс приусны сольсон батарейнуудыг хаана хадгалдагийг нь тодруулахад тус засварын газар долоо хоногт 5-6 эсвэл заримдаа нэг ч батарей солихгүй үе ч байдаг. Яг нэг бүрчлэн тоолдоггүй цугларсан батарейгаа японы батарей авдаг компанид нэг ширхэгийг нь 300 төгрөгөөр өгдөг гэлээ. Сольсон ганц хоёр батарей чингэлгийн хана дагуу байлаа. Нэг батарейг 70 мянган төгрөгөөр ажлын хөлсний 30-40 мянган төгрөгийг нэмээд 100-120 мянган төгрөгөөр сольдог гэлээ.
Бидний очсон дараагийн засварын газар нэлээд томд тооцогдох бөгөөд төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг газар байлаа. Энд машин засварлахаас гадна, машин угаалга, сэлбэгийн худалдаа зэрэг үйл ажиллагаа явуулдаг аж. Тус засварын газрын засварчин хариуцан ажилладаг нярваас приусны сольсон батарейгаа хэрхэн хадгалдаг талаар асуухад бараа бүтээгдэхүүний агуулахынхаа газар ганц, хоёр ширхэг хуучирсан батарей тавьсан байлаа. Саяхан шинээр нээгдсэн салбар учраас төдийлөн их биш өдөртөө нэг батарей л сольдог бол төв салбарт долоо хоногтоо 20 гаруй батарей сольдог гэсэн юм. Гэхдээ бүтнээр нь солихгүй ширхгээр нь сольдог гэдгийг хэлсэн юм. Засварчин хаана тушаадгийг нь мэдэхгүй байсан учраас нярваас нь асуухад ирж авдаг компани байдаг ойрын хугацаанд ирээгүй гэв.
Хуучин приусны батарейгаа Япон руу явуулж дахин цэнэглүүлдэг сураг дуулдсан гэлээ
Хүнсний дөрвөөс 32-ын тойрог хүртэл машин засварын гудамж гэлтэй хоёр талаар эгнэсэн машин засварын газруудын голд байрлах гаднаа бүх төрлийн машин засаж, засварлана гэсэн бичигтэй газарт очиход гадаа засварчин приус машин засаж байгаа бололтой хамрыг нь нээчихсэн боолт эргүүлж байлаа. Дотор байгаа машинууд тос тосолгоогоо солиулж, зарим нь угаалгад орж байлаа. Хариуцсан эзэн нь байгаа эсэх талаар тодруулахад одоохондоо алга гэсэн учраас тус газрын засварчнаас приус машины батарей сольдог эсэх талаар асуухад сольдог гэхдээ хүмүүсийн авчирсан батарейг л сольж өгдөг. Хуучин батарейг нь буцаагаад өгч явуулдаг. Тэгэхээр хуучин батарейгаа хэрхэн хаана хаядгийг төдийлөн сайн мэдэхгүй байна гэлээ. Тус засварын газарт ихэвчлэн хүмүүс батарейгаа ширхгээр солиулдаг гэв. Ширхгээр нь солиулахаар хурдан мууддаг учраас нэг удаа бүтнээр нь батарейгаа солиулчихвал 3-5 жилдээ солих шаардлагаггүй байдаг гэдгийг засварчин хэлсэн юм.
Монголдоо ганц приус авто машины батарей авдаг “Имай Амка” гэх компани ширхгийг нь 200-300 төгрөгөөр худалдаж авдаг байна. Приусны батарей солих үйлчилгээ үзүүлдэг хүмүүст аюулгүйн зааварчилгаа, хадгалах стандарт огт байдаггүйгээс гадна засварын газрынхаа аль нэг буланд тавьсан байгаа харагдлаа. Энэ хавийн ихэнх засварын газар ижилхэн нөхцөл байдалтай байлаа. Зарим засварын газар ямар компаниас ирж батарей авдгийг ч мэдэхгүй сүүлийн хоёр сар ямар нэгэн газраас батарей авъя гэж ирээгүй дээ гээд сууж байв. Авсан батарейгаа Япон руу явуулж дахин цэнэглүүлдэг сураг дуулдсан гэж хэллээ.
ХИЛ ХААЛТТАЙ ХОЛБООТОЙГООР ШИНЭ БАТАРЕЙ ОРЖ ИРЭХГҮЙ БАЙГАА УЧРААС ХУУЧИН БАТАРЕЙ ОЛДОЦ МУУТАЙ БАЙНА
“Имай Амка” компанитай холбогдож засварын газруудаас авсан батарейгаа хаашаа явуулдаг талаар тодрууллаа. “Имай Амка” компанийн менежер засварын газруудаас батарейг нь цуглуулж, Япон улс руу гаргадаг. Гэвч сүүлийн хоёр жил хуучин батарей олцоц муутай байгаа гэлээ. "Манайх Япон улсаас машины сэлбэг оруулж ирдэг. Тиймээс манай захирал нийгмийн хариуцлагын хүрээнд дахин ашиглах боломжгүй приусны батарейг Toyota руу буцааж явуулъя гээд гэрээ хийсэн. Батарей гадуураа пластик, дотроо олонэ янзын бодис агуулдаг. Судалгааг нь хийж байхад Байгаль орчны яам аюултай хог хаягдлын ангилалд оруулдаггүй юм билээ. Сүүлийн үед засварын газруудаас хадгалах, хураах гээд ч батарей олдохгүй байгаа. Хил хаасантай холбоотойгоор гаднаас шинэ батарей орж ирэхгүй байна. Хүмүүсийн ярианаас дотооддоо өөр хүмүүс аваад сэргээгээд цэнэглэж байх магадлалтай. Гэхдээ энэ бол баттай биш" гэв.
Нийслэлд өдөрт 373 мянга гаруй машин хөдөлгөөнд оролцож байгаагийн ихэнх нь приус авто машин. Гэвч нэг приус автомашинаас 40 ширхэг батарей хаягдал болж дахин ашиглагдахгүйгээр хог болж байхад аюултай хог хаягдалд оруулдаггүй гэв. Энэ талаар байгаль орчны яамнаас тодруулахаар залгахад аюултай хог хаягдал хариуцсан мэргэжилтэн нь хөдөө томилолтоор явсан учраас яриа өгөх боломжгүй гэлээ. Ингээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуунаас тодруулахад манай улсад энэ төрлийн хог хаягдлыг хүлээж авч, боловсруулдаг нэг ч байгууллага байхгүй гэв. Хорт хавдар үүсгэгч, том хэмжээтэй төрөл бүрийн бодисоос бүрдсэн авто машины батарейг яагаад аюултай хог хаягдалд оруулаагүй, цаашид ямар арга хэмжээ авах талаар дахин тодруулна. Улсын хэмжээнд хаягдал батарейг анхаарч үзэхгүй, ямар ч зохион байгуулалт, хараа хяналтгүйгээр нийслэлээр дүүрэн хөглөрсөөр, хэн дуртай нь авсаар байх уу?