Ковидын хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтгүй төрийн албанд ажилтан нэмж, өндөр албан тушаалд томилсон байдаг. Үүнийг олон нийтийн зүгээс ковидыг далимдуулан тэгш бус байдлыг үүсгэсэн, танил талаараа өндөр албан тушаалд хүрэх шударга бус байдлыг бий болгосон гэж үзэж буй юм. Бид үүнтэй холбогдуулан 2020, 2021 онд сонгон шалгаруулалтгүй түр томилогдсон агентлагийн зарим даргаас, тэднийг ямар үндэслэлээр хэн томилсныг тодрууллаа.
Бид мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнээс тодруулга авахаар очиход хуралтай гэсэн тайлбар өгсөн юм. Харин тухайн агентлагийн хэвлэлийн ажилтан н.Уранцэцэгээс асуухад,
-Хурал нь хаана болж байгаа юм бол?
-Сайн мэдэхгүй байна.
-Уг нь цайны цаг болж байна даа. Утсаар ч болов тодруулга авчихбал?
-Засгийн хурал дээр байна гэсэн хариу өгч байна. Өөрөө томилогдъё гээд томилогдоогүй. Манайх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд байдаг. Ц.Нямдорж дарга манай байгууллагыг хариуцдаг. Чиг үүрэг нь Засгийн газар дээр байгаа. Тэгэхээр тэндээс асуу гэсэн хариу өгч байна.
Харин үүний дараагаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй холбогдож шалгаруулалтгүй яаж агентлагийн даргаар томидогдсон, хэн томилсон болохыг асуув.
-ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан нөхдүүд бүгдээрээ л иймэрхүү байдлаар явж байгаа.
-Шалгаруулалтгүйгээр томилогддог гэсэн үг юм уу?
-Тэр нь үүнийг давтаад явах ёстой гэсэн үг биш. Хоёр зүйл байна. Нэгдүгээрт өрсөлдөөний тухай хууль гэж байдаг. Үүнд төрийн албыг гурван жилээр заасан байдаг юм. Хоёрдугаарт ковидын хууль байгаа. Үүгээр ганцхан би томилогдоогүй. Намайг хэн ч дарга болгохгүй шүү дээ. Зарим агентлагууд яамны харьяанд байгаа. ШӨХТГ, ОБЕГ,МХЕГ, Чөлөөт бүсүүд бүгд шадар сайдын харьяанд байдаг.
Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаас 411 дүгээр тогтоолын зорилт болоод хэрэгжилтийн талаар асуусан юм.
Тэрбээр, “Ковидын үед иргэд олон нийт төрийн албан хаагчдыг олноор нь цуглуулахгүй шалгалт авахдаа дээд тал нь арван хүнтэй байх, хүн хоорондын зай 1.5-2.0 метрийн зайтай байх зэрэг зохион байгуулалтын чиг үүрэгтэй ажилласан. Төрийн албанаас зөвлөмж гаргаж байсан. Тэр нь нарийн мэргэжлийн ховор албан тушаалд заавал төрийн албаны сонгон шалгаруулалт гэхгүйгээр иргэдийг гэрээний үндсэн дээр ажиллуулж болно гэж зөвлөмж өгч байсан. Үүнийг гол агуулга нь төрийн ажил тасралтгүй явна. Хоёрдугаарт гол салбар гэдэг дээр бид юуг онцолж хэлсэн гэхээр цагдаагийн байгууллага, хууль хүчний байгууллага, тагнуул, онцгой байдал, мэргэжлийн хяналт гэх зэрэг байгууллага дээр ажил алба нь тасалдчих гээд байвал гэрээний дагуу ажиллуулж болно гэсэн чиг үүрэг өгсөн юм. Харамсалтай нь манай төрийн байгууллагууд нийтлэг байдлаар хавтгайруулж баахан иргэдийг гэрээний үндсэн дээр ажилд авсан. Энэ хугацаанд 1100 орчим иргэн төрийн албанд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр орсон. Зөвлөлөөс үүнийг ярилцаад төрийн албыг тэгш шударга, хууль дүрэм журмын дагуу явуулъя, заавал шалгалт авна гэх энэ зарчмын хүрээнд 411 дүгээр тогтоолыг гаргасан байгаа.
Засгийн Газрын агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн даргын томилгоог Засгийн газраас хийдэг. Төрийн албаны зөвлөлд Засгийн газар захиалгаа ирүүлээд сул орон тоог нөхье, та бүхэн төрийн албаны тусгай шалгалт аваад шаардлага хангасан хүнийг нэр дэвшүүлээд өгөөч гэсний дагуу гүйцэтгэдэг. Одоохондоо нэр дурдагдаж байгаа зарим агентлагийн дарга нарын захиалга Төрийн албаны зөвлөлд ирээгүй байна. Тухайлбал усны газар, Соёл урлагийн газар, Мэдээлэл харилцаа холбоо технологийн газар, Иргэний нисэхийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын дарга нарын сул орон тоог нөхье гэдэг захиалга ирээгүй.
Улсын хэмжээнд 284 байгууллагын 1112 алба хаагчийн зөрчлийг илрүүлсэн байгаа. 1112 хүн зөрчилтэйгээр томилогдсон байна. Нэгдүгээрт албан тушаалын тодорхойлолтын шаардлага хангахгүй байгаа юм. мэргэжил туршлага нь таарахгүй. Төрийн албаны ерөнхий шалгалт, тусгай шалгалт өгөөгүй. Бүгд гэрээгээр томилогдчихсон. Үүнийг арилга гэдэг мэдэгдэл төрийн албаны зөвлөлөөс холбогдох байгууллагуудад хүргүүлчихсэн. Түүнд саяын хэлсэн яам агентлагууд орж байгаа гэсэн үг. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхгүй бол тухайн нөхрийг томилсон албан тушаалтанд ханддаг зохицуулалттай. Тэрний дээд арга хэмжээ нь төрийн албанаас халах.