Казахстанд шингэрүүлсэн шатдаг хийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой эсэргүүцлийн жагсаал өрнөж, цагдаа жагсагчдын хооронд мөргөлдөөн үүссэн. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 5-ны өдрийн орой Алматы хотын жагсагчид захиргааны байр, Ерөнхийлөгчийн ордныг галдаж, цагдаа, эмнэлгийн автомашинуудыг эвдэж сүйтгэж эхэлснээр байдал хяналтаас гарч хүндэрсэн. Эмх замбараагүй байдлыг намжаах үүднээс Казахстаны эрх баригчид Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад хандсан байна. Казахстан улс өнөөдөр өглөөнөөс эхлэн хоёр долоо хоногийн онц байдалд шилжиж байна. Онц байдлын дагуу хөл хорио өглөөний 07:00 цагаас оройны 23:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Армени, Беларус, Киргиз, ОХУ, Тажикстан, Казахстан улсууд нэгдэн байгуулсан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас үүний хариуд тус улсад үүсээд буй үймээн самуун нь гадны оролцоотой гэж үзсэн учир энхийг сахиулагчид илгээхээр болжээ.
Энэ талаар Армени улсын Ерөнхий сайд Никол Пашинян "Казахстаны Ерөнхийлөгч Касым Токаевын хүсэлтийн дагуу тус улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, гаднаас оролцсон аюул заналхийллийн эсрэг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн гэрээний 4 дүгээр зүйлийн дагуу энхийг сахиулагч хүчнийг илгээхээр шийдэв" гэж сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Никол Пашиняны уг мэдэгдэл Фэйсбүүк хуудаст нь нийтлэгдсэний дараахан уг шийдвэрийг эсэргүүцсэн цахим өргөх бичиг www.Change.org сайтад нийтлэгджээ.
Роман Кисилев нэртэй хэрэглэгчийн гаргасан цахим өргөх бичигт “Казахстан дахь тайван жагсаалыг хүчний байгууллагуудын зүгээс ирсэн хүчирхийллийг эсэргүүцсэнээс үүдэн хурцадсан” учир энхийг сахиулагчдыг оруулах шаардлагагүй гэжээ. Энхийг сахиулагчдийн дэмжлэг авахыг хүссэн Казахстаны ерөнхийлөгчийн хүсэлт нь түүнийг эрх мэдлээ алдахаас айж, эрх баригчид ард түмний дэмжлэг авч чадахгүй байгаатай холбоотой гэдгийг мөн онцлон дурджээ.
Энхийг сахиулагчдыг Казахстан улсад оруулах эсэх асуудал өөр эсэргүүцлийг эхлүүлж магадгүй гэсэн болгоомжлол бий болгож байгааг шинжээчид анхааруулж байна.