Бид Мэлтэс мед эмнэлгийн тусламж үйлчилгээний дэд захирал А.Сувдаатай “Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ч гэсэн хүн юм” аяны талаар ярилцлаа. Түүнээс алслагдсан бүс нутагт эмч, эмнэлгийн ажилчид хэрхэн амьдарч байгаа, ямар нөхцөлд ажиллаж буй талаар тодруулсан юм.
-“Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ч гэсэн хүн юм” аяныг хэн санаачилсан бэ?
-Манай “Мэлтэс мед” эмнэлгийн удирдлагын баг хамт олон “Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хүн юм аа” аяныг тодорхой үе шаттайгаар алслагдсан орон нутагт ажиллаж амьдардаг эмнэлгийн мэргэжилтнүүддээ нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөөд, ажиллаж байгаа.
Аяны эхлэл гэвэл өнгөрсөн оны 11 дүгээр сарын 26-нд, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум, аймгийн нэгдсэн эмнэлэг, Шаргалжуут сувилалд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдэд үзлэг оношлогоо хийгээд ирсэн. Улаанбаатарын гуравдугаар шатлалын эмнэлгээс 600-800 км зайтай хол газар ард иргэдийнхээ төлөө ажиллаж, хөдөлмөрлөж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдээ зорьж очсон хэрэг. Энэхүү үзлэгт 200-аад хүн оролцсон. Үзлэгт дан ганц эмнэлгийн ажилтнууд биш тухайн эмнэлгийн мэргэжилтний гэр бүлийг нь хамруулсан. Энэхүү үйл ажиллагаа маань олон хүмүүсийн талархлыг хүлээсэн шүү. Өөрөөр хэлбэл хүрч ажиллаж чадсан гэсэн үг.
Манай хамт олон энэ аяныг эхлүүлэхдээ тоног төхөөрөмж гэхээс илүү бидний чадвар, сэтгэл байхад болно гэж бодсон. Энэ ажлыг зөвхөн Мэлтэс мед эмнэлэг биш, орон даяар, боломж нөөцтэй эмнэлгүүд хамтарч, мэргэжил нэгт нөхдөө дэмжиж ажиллаасай гэж боддог.
-Баянхонгорт ажилласнаар ямар дүн гаргасан бэ?
-Үзлэгийн үр дүнд яаралтай хагалгаанд орох хорт хавдартай хүмүүсийг оношилсон. Тэд одоо эмчлүүлж байгаа. Тухайлбал, уушги, улаан хоолой, хөхний хорт хавдраар оношлогдсон. Өөрийгөө өвдөөгүй, өвдсөнөө ч анзаарах сөхөөгүй ажиллаж байсан байх нь шүү дээ. Мөн ковидоор өвчлөөд мэдэхгүй явсаар эдгээчихсэн хэд хэдэн тохиолдол, уушгины зураг авч байхад гарсан. Алслагдсан байрлалд ажиллаж буйгийн хэрээр эмнэлгийн туслам авч чадахгүй байна. Уг нь тэд өөрсдөө эмч, нөгөөтээгүүр даатгал татвараа төлөөд явж байгаа хүмүүс. Гэтэл цаг завгүйн дээр, эрүүл мэнддээ анхаараад, яваад өгвөл тухайн мэргэжилтнийг орлох хүний нөөц байхгүйн улмаас өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ гаргуунд гаргаж байна. Хүн хүчгүйн улмаас л тэд орхигдож байна гэхэд болно.
-Баянхонгорт ажиллах хугацаанд, тэдний эрүүл мэндийн тухайд, ажиглагдсан зүйл бий байх. Ямар өвчлөл зонхилж байв?
-Нэгдсэн эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрүүл мэндийн онцлогийн хувьд дийлэнх хувь нь ковидоор өвдсөн байсан. Энэ дунд өвдөөгүй долоон мэргэжилтэн байгаа гэсэн боловч дөрөв нь өвдөөд, үүнийгээ мэдэхгүй эдгэрсэн байсан юм. Эмнэлгийн ажилтнуудын ар гэрийн хүмүүсийн хувьд ихэвчлэн цус багадалт, даралт ихсэлт, гар хөл нь бадайрч хөлөө чирж явдаг, хүзүү нурууны суулт, шохойжилт гэх мэт зовууртай юм билээ.
“Би энэ эмнэлгийн өвдөөгүй долоон хүний нэг нь шүү” гээд бяцхан хүүгээ тэврээд явж байгаа залуу эмчийг харахад сэтгэл өвдөм байсан. Хүүхдийн хувьд ковидоор өвдөөгүй ч хатгалгаатай байсан. Тэд өөрсдийгөө анхаарахгүйгээр алслагдсан сумын ард иргэдийнхээ төлөө ажиллаж байна шүү дээ. Тэр дүр зургийг хараад миний хувьд бахархсан бас сэтгэл өвдсөн. Өөрийнх нь хүүхэд өвдчихөөд байхад эмнэлэгт аваад хэвтэх завгүй явж байдаг. Хүүхдийг эмчилж байх хугацаанд маш их санаа зовж байсан даа.
-Өөрийгөө анхааралгүй бусдын төлөө ажиллаж буй мэргэжилтнүүдийг хараад ямар нэг бодол төрсөн байх?
-Ард иргэд эмнэлгийн мэргэжилтнүүдийг хүн гэдэг утгаар нь ойлгож дэмжмээр байгаа юм. Үүний тулд эрүүл мэндийн асуудалдаа хариуцлагатай хандаж, өөрийгөө хайрладаг анхаардаг баймаар байна. Энэ нь өвдөхөөсөө өмнө эмчээс зөвлөгөө авдаг байхаас эхэлнэ шүү дээ. Манайхан өвдөөд хүндэрсний дараа л эмчид нь хандаж буй харагддаг. Энэ сэтгэлгээгээ больж, маргааш өвдөхгүйн тулд өнөөдөр эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэж зөвлөмөөр байдаг юм. Өөрийнхөө эрүүл мэндэд өөрөө л хариуцлага хүлээнэ шүү дээ. Эрүүл мэнд бол зөвхөн эмч бидний үүрэг биш.
Мөн бидний тэр бүр мэдэхгүй нөхцөл, хол зайнд ажиллаж буй эмнэлгийн байгууллагад байна. Ийм хүнд асуудал тулгамдаж байгааг холбогдох салбарынхан, дээд албан тушаалтнууд мэдээсэй л гэж бодсон. Адаглаад хүний нөөцийн асуудалд санаа тавих хэрэгтэй.
Тэд бол цагаан нөмрөгт баатрууд. Өөрсдийгөө хэвлэл мэдээллээр магтаж ярих, эсвэл хийж буй ажилдаа ялархах завгүй байна. Өвчтэй аав ээжийгээ хотод авчран эмчлүүлэх, сайн охин, сайн хүү байх боломж ч олддоггүй юм билээ.
-Ингэхэд анх аяныг санаачлахдаа ямар зорилго тавьж байв?
Энэ аяны зорилго юу гэхээр, эмч нарт тулгардаг асуудлууд байдаг. Цайны цагаар цайгаа уух гэхээр л яаралтай өвчтөн биш атлаа биднээс хариуцлага нэхэх, яаруулах, бухимдах зэргээр сөрөг хандлага гаргадаг. Наад захын жишээ шүү дээ. Энэ мэтчилэн үйлдлүүд их гарна. Тиймээс биднийг бусадтай адилхан хүн юм аа гэдгийг ойлгуулахыг л зорьсон байгаа. Тиймээс эхлээд нэг салбарт ажиллаж байгаа бид л нэгнийгээ ойлгож дэмжих нь зөв юм байна гэж бодсон.
Миний хувьд энэхүү аянаас гадна “Эмч эмнэлгийн мэргэжилтнүүд эвлэлдэн нэгдье” гээд цахим групп ажиллуулдаг. Энэ группыг, эмч нарт тохиолддог нийтлэг асуудлыг хамтдаа даван туулах зорилгоор нээж байсан юм. 30 мянган гишүүнтэй л дээ. Ингээд аяны хүрээнд Баянхонгорт очиход бүгд л намайг таньж, дотно дулаанаар хүлээж авсан. Үүний дараагаар бусад аймгийн мэргэжилтнүүд ч биднийг урьсан байгаа. Бид төлөвлөгөөндөө олон газар очиж сайн үйлсийн аянаа үргэлжлүүлэх талаар тусгасан. Гэвч манай эмнэлэг богино хугацаанд бүх аймаг сумдаар очих хэцүү. Тиймээс бусад байгууллагуудад ч хамтран ажиллахыг уриалж байна.
-Аяны хүрээнд болж байсан хамгийн сэтгэл хөдлөм зүйлээ яриач?
-Баянхонгорт ажиллаж байхад нэг зүйл миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн. Шөнийн гурван цагт гадаа бие засаад орох гэж байтал эмнэлгийн нэг цонх гэрэлтэй. Одод түгсэн тэр шөнө ямар нэг зүйлийг чамбайлан бичиж байгаа нэгэн сувилагч нүдэнд туссан. Яагаад ч юм энэ агшин миний хувьд үнэхээр хайралж хүндэлмээр сайхан дүр зураг. Ямар ч түүртсэн, ядарсан байдал харагдаагүй нь бахархалтай. Тиймдээ ч гар утсаараа зургийг нь дарсан. Хүн бүрт харуулахыг хүссэндээ тэр шүү дээ.
-Цаашдын ажил нь амжилт хүсье. Баярлалаа.