Хүн бүр өөрийн хүсэл мөрөөдөлтэй. Хүүхэд ахуй цагаасаа тэрхүү хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн тэмүүлдэг. Бид энэ удаад хүсэл мөрөөдлийнхөө төлөө зорилго тавин тууштай зүтгэн амжилтад хүрч, дэлхийн банк санхүүгийн CFА цолны эзэн болсон Asset Management компанийн Б.Хуланг “Хөрөг” нэвтрүүлэгтээ урьж ярилцлаа.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
Сайн байцгаана уу? Намайг Бат-Эрдэнийн Хулан гэдэг. Завхан аймгийн Улиастай суманд төрж өссөн эдийн засагч, хөрөнгө оруулалтын удирдлагын мэргэжилтэй. Гадаадад магистр хамгаалаад тэр чиглэлээрээ долоон жил ажиллаж байгаад монголдоо ирээд удаагүй байна. Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч цол эзэмшсэн. Малчин айлын хүүхэд.
-Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?
Намайг 12 настай байхад манайх аймгийн төв дээр байж байгаад манай аав ээж хоёр малчин болсон. 12 настайгаасаа эхлээд аав ээж, ээж хоёроосоо өөрөөр хэлэх юм бол сургуульдаа явахын тулд хөдөө сургууль байхгүй болохоор айлаар гурван жил явсан. 15 наснаасаа хоёр дүүтэйгээ хамт сургуулийнхаа хажууд нэг өрөө байранд нэг өрх толгойлсон эгч маягтай амьдарч сурч ирсэн.
Хоёр дүүтэйгээ гурвуулаа байдаг байхад чинь их хөгжилтэй шүү дээ. Хоёр дүүгийнхээ эцэг эхийн хуралд сууна. Өөрийнхөө эцэг эхийн хуралд өрөө сууна. Дүү нарынхаа хичээлийг зааж өгнө. Өвлийн амралт болохоор замын унаанд суугаад л зам дээр буугаад л алхчихдаг. Нэг удаа алхахдаа өвөлжөөн дээр бараг 10 километр алхаад л гэртээ уур савсуулаад л ороод ирдэг. Замын унаанд чинь заримдаа хөлдүү сүүгээр тооцоо хийнэ.
-Бакалаврын боловсролоо дотооддоо эзэмшсэн үү?
Би бакалавраа болохоороо МУИС-ийн Математик, компьютерын сургууль эдийн засгийн математик загварчлал чиглэлээр төгссөн. Математик суурь нэлээн сайн болохоор төгсөөд эрсдэлийн удирдлага тал руугаа, тоо тооцоолол тал руугаа банканд эрсдэлийн чиглэлээр ажилд орсон.
-Хэзээнээс гадаадад суралцах зорилго тавьсан юм бэ?
Ер нь бол 10 жил төгсөх үеэс эхлээд л гадаадад сурна гэж гоё юм байдаг юм байна. Тийшээ нэг сураад үзчих юмсан гэж бодоод хэлээ бэлдээд л явдаг байсан. Тэгээд дотуур байранд явж байгаад зарлалын самбар дээр англи хэлний эссэ бичлэгийн уралдаан гээд зарлагдчихсан байсан. Хамгийн гол нь би чинь тухайн үед шагналыг нь л харж байгаа юм. Ямар шагналтай юм, мөнгөн шагнал юм уу юу юм гээд. Тэгсэн Япон улсад олон улсын оюутны чуулганд оролцох эрх тэргүүн байрных нь шагнал байсан. Өдөр, шөнөгүй хичээгээд тэр эссэ бичлэгийн уралдаанд оролцсон чинь шалгараад тэгээд ёстой нөгөө Эрээн ч явж үзээгүй Улаанбаатарт хөдөөнөөс орж ирсэн гээд өөр ямар ч газар явж үзээгүй байж байгаад л Японы өндөр хөгжилтэй Осака хотод гурван долоо хоногийн Олон улсын оюутнуудын чуулганд анх удаа монголоо төлөөлж оролцож байсан.
Түүнээс хойш ерөнхийдөө зорилготой, би ер нь магистраа гадаадад сурна, туршлага хуримтлуулна. Ялангуяа малчин айлын хүүхэд гэдэг чинь бас хотын хүүхдүүдтэй харьцуулахад тэр нь бүүр л илүү хол санагдаж байгаа юм л даа. Яагаад гэхээр таньдаг, одоо манай хотны ч юм уу, саахалт айлын, манай голын малчин айлын хүүхдүүдээс гадаадад яваад сураад ажилласан тийм ойрхон түүх байхгүй.
Гурван жил ажилласны дараа бол Люксембургийн их сургуульд материалаа явуулаад бүрэн тэтгэлэг авсан. Люксембургийн засгийн газрын бүрэн тэтгэлэг авсан. Тэр бол үнэхээр баяртай мөч байсан.
-Яагаад Люксембург гэж?
-Хүмүүс надаас яагаад Люксембург гэж хүмүүс их асуудаг л даа. Би банканд ажиллаж байхдаа Люксембург гэдэг улс байдаг юм байна. Энэ улс дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг юм байна. Банк санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр Америкийн дараа хоёрт ордог том төв юм байна гэдэг мэдээлэлтэй байсан. Хоёрдугаарт, би хоёр жилийн магистрын хөтөлбөр хийх үү, нэг жилийн магистрын хөтөлбөр хийх вэ гээд бодоод үзэхээр надад нэг жил нь ойрхон байсан. Яагаад гэхээр хоёр жил магистр хийнэ гэдэг хоёр жилийн амьдрах зардал шүү дээ. Би цалиндаа хүртлээ хоёр жил байна гэдэг чинь нэлээн чанга сонсогдож байсан. Ерөнхийдөө нэг жилийн магистрын хөтөлбөр хийгээд аль болох хурдан л буцаад ажилдаа гарч цалин мөнгөтэйгөө залгах нь чухал байсан.
-Тэндээ үлдээд ажиллах болсон шалтгаан тань юу байв?
Анх явахдаа магистрын хөтөлбөртөө хамрагдчихаад л буцаад ирнэ дээ гээд бодсон чинь нэг хаалга нь нээгдэхээр дараагийн олон хаалга нээгддэг гэдэг шиг дадлага хийсэн газар маань ажлын санал тавьсан. Миний өөрийн итгэл, үнэмшил ч гэсэн тухайн үедээ магистрын зэрэг хийчихвэл л болчих юм шиг санагддаг байснаа очсоны дараа илүү туршлага хуримтлуулах хэрэгтэй юм байна. Газар дээр нь, амьдрал дээр хийхээр яг яадаг юм, тэрийг нь сайн мэдмээр байсан. Олон улсын томоохон банк санхүүгийн компаниудад мэргэжлээрээ долоон жил ажиллаад эх орондоо буцаж ирээд удаагүй байна.
-Ирээдүйд хийхээр төлөвлөж байгаа ажлуудаасаа сонирхуулахгүй юу?
Тухайн үедээ би манайх малчин болсон цагаас эхлээд л аав ээж хоёроосоо хол байгаад л нэг бодлын бэрхшээл, саадуудыг туулсан юм шиг байгаа юм. Гэрээ санана, айлаар байна, хөдөөнөөс ирсэн болохоор зарим талаар гадуурхагдана гэдэг ч юм уу. Тэр нь бага наснаасаа биеэ даахад нэлээн тусалсан юм болов уу гэж боддог. Боловсрол их чухал. Монгол цөөхөн хүн амтай, гуравхан сая. Бүгдээрээ сайхан амьдрах боломжтой юм шиг санагддаг. Хамгийн зөв хөрөнгө оруулалт гэх юм бол мэдээж бүх нийтийн боловсрол. Малчин айлын хүүхэд ч байсан хамаагүй, төвийн газрын хүмүүс байсан ч хамаагүй бүгдээрээ ижил түвшний боловсролтой байж л нийгэм урагшилна гэж боддог. Одоо би бол мэргэжилдээ үнэнч явдаг. Алсдаа тэтгэвэрт гараад ч юм уу, одоо болчихлоо гэж бодохоороо хөдөө очоод малчдын хүүхдүүдэд хичээл заадаг ч юм уу тийм мөрөөдөл байдаг.
–CFА цолыг хэрхэн эзэмшсэн бэ. Энэ цолтой болсноор ямар давуу тал, боломжууд бий болдог вэ?
Сhartered financial analyst буюу CFА гэж манай салбарынхан хэлдэг цол байдаг. Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч гэсэн үг. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр ерөнхийдөө тодорхой материалын дагуу бэлдээд гурван шатны шалгалт өгдөг. Нэг шатны шалгалт нь 300 цаг орчим бэлтгэл шаарддаг. Гурван шатны шалгалтаа жил дараалж өгч тэнцээд дээрээс нь мэргэжлээрээ дөрвөн жил ажилласан туршлагаа нотлоод, мэргэжлийн ёс зүйгээ баримталж ажилладаг гэдгээ тодорхойлоод авдаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цол байгаа.
Ерөнхийдөө виз гэдэг утгаараа, өөрөөр хэлэх юм бол олон улсын санхүүгийн зах зээл дээр тэр цол маань нэг талаас виз болчихдог. Үүнийг давсан хүн гэдэг бол тодорхой хэмжээний шалгуур давчихсан, тодорхой мэдлэгтэй, өөрийгөө дайчилдаг, хаттай, тууштай гэдэг нь салбараар маань хүлээн зөвшөөрөгдчихдөг учраас тэр талаа бодоод давхар үүнийг хийх нь зүйтэй юм байна гэж бодоод хийсэн. Нэгдүгээр шатныхаа шалгалтыг даваад л надад хэрэг нь гараад эхэлсэн. Дараа дараагийн ажлын санал аваад л, дараагийн боломжууд нээгдээд л.
Би ингээд зүгээр малаа маллаад, хонио хариулаад, ямаагаа саагаад, ааруулаа хийгээд байх боломж нь надад бүрэн дүүрэн байсан. Гэхдээ нэг талаас аав ээж маань боловсрол эзэмших боломжийг олгосон. Хоёрдугаарт, боловсролын хэрэг миний амьдрал дээр өдөр тутам гардаг, үнэ цэнэтэй зүйл учраас ямар нэгэн байдлаар л би ингээд боловсролын салбартай холбогдчихоод байдаг. Оюутан байхдаа халаасны мөнгө олох гээд л янз бүрийн ажил хийдэг байсан. Тэр нь дандаа давтлага өгөх ч юм уу, орчуулга хийх ч юм уу.
–Люксембургийн их сургуульдаа багшилдаг гэсэн шүү дээ. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
Сүүлийн хоёр жил төгссөн сургуульдаа буюу Люксембургийн их сургуульдаа гэрээт профессор гэж явж байгаа. Хөрөнгө оруулалтын стратегийн талаар хичээл заадаг.
Хүн өөрөөсөө шалтгаалах юмаа тултал хийгээд би өөрөөсөө шалтгаалахгүй юмыг би бол яаж ч чадахгүй шүү дээ. Түүнд санаа зовоод ч бараг ямар ч нэмэргүй. Гэхдээ хүнд алхам тутам бүрд өөрөөсөө шалтгаалах юмаа тултал хийх боломж, хүчин чармайлт гаргах, шаргуу хөдөлмөрлөх ч юм уу тэр зүйлүүдээ хийгээд явж байхад үр шим нь хэзээ нэгэн цагт буцаж ирнэ гэдэгт би итгэдэг.
-Яагаад эх орондоо ирэх болов?
Яагаад ирэх болсон бэ гэхээр, тэнд үргэлжлүүлээд ажиллах юм бол мэдээж тавтай, тухтай орчиндоо өндөр цалин аваад мэргэжлээрээ ажиллаад олон улсад өөр газар луу байршиж ажиллах боломж байсан. Би наашаа ирэхийн өмнө Монгол руу ирэх үү, Лондон руу очих уу гэдэг хоёр сонголтын өмнө тулгарсан. Нөгөө талаас над шиг CFА зэрэгтэй, магистртай, над шиг туршлага, боловсролтой хүн тэнд дүүрэн байгаа. Гэтэл монголд өөр. Яг цол эзэмшигч нь 20-30 байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Тэгэхээр хийж байгаа ажлыг чинь шууд болон дам нөлөө буцаад нийгэмдээ яаж хүрч байна вэ гэдэг нь монголд хамаагүй их байдаг. Чиний оролцоо их, орон зай өргөн уудам байдаг монголд. Тэр шийдвэр гаргалтад нэлээн нөлөөлсөн. Нөгөө талаас би болохоороо монголдоо ирээд өөрөө өөрийнхөө ажил олгогч болмоор байсан. Өөрөө өөрийнхөө ажил олгогч болоод зогсохгүй би хүмүүст ажлын байр бий болгоод, цомхон ч гэсэн чадварлаг баг хамт олон үүсгээд олон улсын стандарт жишгийнх нь дагуу ажлаа хийгээд явдаг, тэр нь өөрөө үнэ цэнэ болдог, зах зээлийнхээ одоо стандартыг дээш нь өргөөд явдаг байхыг их хүссэн. Тэр бүх зүйлийн уулзвар нь миний буцаж монголд ирэх шийдвэр байсан. Санаа, үзэл бодол нийлсэн хүмүүстэй хамтраад хөрөнгө оруулалтын менежментийн компани үүсгэн байгуулаад явж байна. Баг хамт олон бүрдүүлчихсэн эхлээд л явж байгаа, түүнтэй бас холбоотой.