Сошиал орчинд бензинд ус хольсноос болж цантаж мөстсөн, машин асахгүй байна гэх мэт мэдээллүүд ихээр гарч байгаа юм. Тиймээс энэ талаар Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн химийн инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Д.Хандмаагаас тодрууллаа.
Тэрбээр “Бензин ус хоёр үл холилддог шингэн бодисууд. Бензинд оч хүргэж шатааснаар автомашины хөдөлгүүр ажиллах буюу машин аслаа гэж ярьдаг. Энгийнээр бензин устай байна гэвэл шатаалтыг дэмжихгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр машины мотор асахгүй. Дээрээс нь устай бол моторт мөсжилт үүснэ. Мөс үүсвэл моторын үйл ажиллагаа доголдож эхэлнэ.
Химийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлахад газрын тосноос бензин гарган авдаг. Уг бензин нь олон төрлийн химийн бодисын холимог юм. Газрын тосны найрлагад агуулагдаж буй бодисуудын молекулын дотор дотоод ба гадаад ус гэж байдаг. Гадаад ус нь байгалийн хөрсний ус гэж ойлгож болно. Газрын гүнээс олборлож буй түүхий газрын тос гүний устай холилдсон байхыг үгүйсгэхгүй. Тэр усыг нь олборлолтын талбай салгачихдаг. Онолын талаасаа бензинийг газрын тос боловсруулах үйлдвэрт гаргаж авахаас өмнөх шатанд дотоодод нь байгаа усны молекулуудыг салгадаг тусгай төхөөрөмжөөр оруулаад 100 хувь усгүй болгосон тосыг цааш нь үйлдвэрт нэрж бензин, керосин, дизель түлш зэргийг гаргаж авдаг.
Миний хувьд устай түлш, бензинийг хэрэглэгчдэд худалдаалж байгаа гэж бодохгүй байна.Түлш импортлогч компаниуд ОХУ-аас түлшээ авахдаа нь ус байна уу үгүй юу? чанарын шаардлага хангаж байна уу гэж лабораторит олон төрлийн үзүүлэлтийг шинжилж үздэг. Ус, бензин хоёрыг нэг саванд хадгалвал заавал ёроол хэсэгт нь ус ялгарч тунана. Маш бага хэмжээний ус байсан ч хүндийнхээ жингээр доор нь тунадаг. Үүнийг нягтлах зүйл бол ерөөсөө л лабораторийн шинжилгээ. Түүнээс биш хэн нэгэн очоод нүдээрээ бензинийг устай, үгүйг нь нотолж чадахгүй. Бензин бол олон бодисын холимог. Олон төрлийн химийн шингэн холимог доторх бодис тус бүр тодорхой температурт хөлдөж хатуурах эсвэл шингэнийг халаахад буцалж уурын төлөвт шилждэг тул найрлага дахь ямар нэгэн бодис мөстсөн байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр нэг талаасаа устай байдаг юм шиг мөстөж харагдах онолын үндэслэл бий. Химийн хэлээр шингэн бодис хатуурахыг мөстөлт гэж хэлж болно. Гэхдээ манай улсад импортоор ирж буй бүх төрлийн түлшийг стандартын шаардлагат нийлүүлэн үйлдвэрлэсэн байдаг. Энэ олон шатахуун импортлогч компаниуд бүгдээрээ дотоодын чанарын хяналт хийдэг химийн лабораторитой. Тэр лабораториудад шинжилгээгээ хийдэг. Мөн хөндлөнгийн шинжилгээ гэж хааяа шалгалт хийдэг лабораториуд байдаг. Иймд нийгмийн сүлжээнд тархаж буй устай бензин гэдэг мэдээлэлд би мэргэжилтний хувьд огт итгэдэггүй” гэж хэлэв.
Иймээс иргэд та бүхнийг баталгаатай бус, эх сурвалжгүй мэдээ, мэдээлэлд сонор сэрэмжтэй нягталдаг байхыг анхааруулж байна.