Үндэсний аудитын газраас “Нээлттэй аудит” мэдээллийн портал сайтын үйл ажиллагааг өнөөдөр эхлүүлж, олон нийтэд танилцууллаа.
Иргэд, олон нийтэд зориулан шинээр танилцуулж буй “Нээлттэй аудит” (http://open.audit.mn) портал сайтаас Төрийн аудитын байгууллагын аудитын тайлангуудыг дэлгэрэнгүй, хураангуй, визуал зэрэг олон төрлийн хувилбараар хүлээн авах болон холбогдох бусад мэдээлэлтэй цаг алдалгүй танилцах боломж бүрджээ.
Энэ талаар Үндэсний аудитын газар, Аудитын хоёрдугаар газрын захирал Ц.Наранчимэг,
“Төрийн аудитын тухай хуульд Төрийн аудитын байгууллага нь хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ил тод, нээлттэй байдлыг сахин ажиллаж, төрийн байгууллага болон иргэд, олон нийттэй үр нөлөөтэй харилцах, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зохицуулалтыг тусгасны дагуу тодорхой үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Түүнчлэн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д тусгагдсан цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжих, төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлтэй уялдуулан 2021 оныг “Аудитыг цахимжуулж нэгтгэн удирдах, тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх бодлогын жил” болгон зарласан юм.
Энэ хүрээнд аудитын үйл ажиллагаанд иргэдийн мэдээллийг ашиглах, харилцагч талуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор Европын холбооны Итгэлцлийн сангийн санхүүжилтээр Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх нь” төслийн шугамаар http://open.audit.mn сайтын үйл ажиллагааг эхлүүлж байна.
“Нээлттэй аудит” портал сайтаар дамжуулан нийтийн эрх ашгийг хөндсөн, олон нийтийн анхаарлын төвд буй асуудлаар аудит хийх сэдвийн санал болон Шилэн дансны хуулийн хэрэгжилттэй холбоотой санал хүсэлтээ Төрийн аудитын байгууллагад цахимаар илгээх боломжтой.
Аудитад иргэд, олон нийтийн оролцоог хангаснаар санхүүгийн ил тод байдлыг сайжруулах, төсвийн орлого бүрдүүлэлт, зарцуулалтад тавих хяналтыг нэмэгдүүлж, авлигыг бууруулах, ядуурлыг багасах зэрэг бодит үр дүнд хүрч буй олон улсын сайн туршлага бий. Иймээс Төрийн аудитын байгууллага “Нээлттэй аудит” портал сайтдаа дараагийн аудитын сэдэв сонгоход иргэд олон нийтийн саналыг тусгаж, мэдээлэл авах, аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагын хэрэгжилтийн биелэлтэд тавих хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлэхийг зорьж байна” гэлээ.
Харин Дэлхийн банкны улсын салбарын ахлах мэргэжилтэн Д.Бадамчимэг, “Өнөөдөр хянан шалгах чиг үүрэгтэй төрийн аудитын байгууллага өөрөө, өөрсдийнхөө үйл ажиллагааг олон нийтэд ил болгоё, оролцоог хангах ахиц дэвшил гаргаж байгаа нь ил тод байдлыг хангах томоохон алхам болов уу гэж ойлгож байна. Төсөв санхүүгийн чиглэлээр ил тод байдлыг дэмжиж байгаа асуудлыг олон улсад хэмждэг. Нээлттэй төсвийн индексийг “Олон улсын нээлттэй төсвийн түншлэл”-ээс гаргадаг юм. Хоёр жилд нэг удаа гаргадаг үзүүлэлтээс 2017 онд Монгол улс 100-46 оноо авсан бол, 2019 онд 56 оноо болгож ахиулсан амжилттай байгаа. Харин энэ онд энэ оноо өсөх байх гэсэн найдвар тээж байна” гэв.