Өвлийн улиралд бага насны хүүхдүүд ханиад томуугаар өвчлөх, хоолой нь өвдөх тохиолдол элбэг. Ардын дом ухаанаар бага насны хүүхдэд ээж нар өлөнгөө өгвөл аливаа өвчин тусахгүй дархлаа сайжирна, ханиад хүрэх үед шээсээ ууж, хамраа угаа гэх мэтчилэн шээсээр домнох арга хэрэглэдэг. Тэгвэл шээсэнд хүний биед хэрэгтэй, ханиад эдгээх, хоолойн өвчин анагаах ямар нэг бодис агуулагддаг эсэх талаар эмчээс тодрууллаа.
Хүүхдийн эмч Д.Тунгалаг:
Хүнээс гарч байгаа ялгадсыг хүүхдэд өгч болохгүй. Анагаахын талаас үндэслэл, ямар нэгэн батлагдсан зүйл огт байхгүй. Шээсийг бага хэмжээгээр ч хүүхдэд өгч болохгүй. Хэзээ ч тийм юм байхгүй. Хүүхдэд шээс өгснөөр хамгийн наад зах нь халдвар дамжина, бодисын солилцоонд өөрчлөлт орно. Уувал хүүхэд бөөлжинө. Манай улсад л зарим хүмүүс тэгж өгдөг болохоос дэлхийд тийм юм байхгүй шүү дээ.
Уламжлалын их эмч Ц.Дарьсүрэн:
Анагаах талаасаа хүний ялгадас учраас буруу гэж үздэг. Дээр үед ардын анагаах ухаанд өлөн шээсээрээ домнож эмчилдэг, жин тавьдаг аргууд зөндөө байсан. Гэхдээ орчин үед энэ аргыг хэрэглэх нь буруу. Жишээ нь бөөр шээсний замын өвчлөлтэй, эмэгтэйчүүдийн талын үрэвсэлтэй, мөөгөнцөртэй байх юм бол шээсэнд бактери агуулагдана. Тухайн хүн өөрөө ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс хүүхдэдээ шээсээ уулгавал халдвар дамжина гэсэн үг. Тийм болохоор эмч хүмүүс хэзээ ч хүүхдэдээ шээс өг гэж зөвлөхгүй шүү дээ.
Хүүхдийн халууныг хэрхэн бууруулах талаар хүүхдийн эмч Т.Даваахүү, "Амьсгалын замын өвчний үед хүүхэд нэгдүгээрт халуурна. Халуурахаар хүүхэд биеэсээ өөрийн шингэнийг алдаад маш их хөлөрдөг. Тиймээс халуурч байгаа үед нь шингэн уулгах хэрэгтэй. Амьсгалын замын өвчинг үүсгэж байгаа бактериг нь хордлого өгдөг. Тэгэхээр хордлогоос сэргийлэх, хордлого тайлах зорилгоор шингэн өгдөг. Мөн хүүхэд хатгалгаа ханиадны үед маш их амьсгалдаг учраас амьсгалаараа бас шингэн алддаг. Эм уухад шингэн сайн өгвөл шингэц нь ч сайжирдаг. Иймээс хүүхдэд халуурч байхад нь ердийн хэмжээнээс илүү шингэн өгөхийг зөвлөдөг. Гэхдээ шингэн өг гэсэн гээд их хэмжээгээр өгч болохгүй. Хэтэрхий их өгчихвөл хүүхдийн нүүр цэлхийгээд хөлийн ул, гар нь бандайгаад эхлэдэг. Тэгвэл шингэнийхээ хэмжээг бууруулдаг юм шүү.
Шингэнг хэзээ өгөх хэрэгтэй вэ гэвэл хүүхэд халуунтай үедээ их шингэн уудаг. Уумаар санагдсан тэр үед нь өгөх хэрэгтэй. Яаж өгөх вэ гэвэл аягаар өгөх хэрэгтэй. Шингэнг нөхөх зорилгоор өгч байгаа учраас угжаар өгч болохгүй. Тэрийг нь нөхөх гэж байж Шууд ходоод руу нь орчихдог болохоор шингэнийг нь сайн нөхөж чадахгүй. Тэгэхээр шингэнийг аягаар хүүхдэд балгуулж өгөх ёстой" гэлээ.