И-Спорт дэлхий дахинд хөгжиж буйн батлагаа бол зохиогдож буй тэмцээн бүрийн хамрах хүрээ хэр их тэлж байгаагаас харж болно. Зүгээр л нэг тоглоом төдий гэж хардаг цаг ард хоцорч, спорт болтлоо хөгжөөд байгаа юм. Бид энэ удаа дэлхийн И-Спортын холбооноос зохион байгуулсан "Global Esports Games 2021" тэмцээнээс хүрэл медаль хүртсэн "Team Mongolia" багийн гишүүдийн төлөөлөл Э.Дөлгөөн, Б.Бямбанаран нартай И-Спортын талаар ярилцлаа.
Global Esports Games 2021 тэмцээний үеэр
-Өөрсдийгөө танилцуулахгүй юу?
Намайг Бямбанаран гэдэг. Акино гэдэг нэрээр тоглодог. Намайг Э.Дөлгөөн гэдэг. Арума гэдэг нэрээр тоглодог.
-Анх И-Спортыг хэрхэн сонирхож, тоглохоор болсон бэ?
Б.Бямбанаран: Анх найзуудыгаа тоглож байхыг харахад маш гоё санагдсан. Дөрөв таван жилийн өмнө Дота 2 эмэгтэйчүүдийн хувьд нээлттэй байгаагүй. Эмэгтэй хүн дота тоглож байхыг харах юм бол хүүеээ гээд гайхаж хардаг, хойно нь ирээд үзээд зогсдог байсан. Миний хувьд гэртээ компьютергүй байсан болохоор PC-нд орж тоглодог. Тухайн үед малгай өмсөөд, маск зүүгээд өөрийгөө эмэгтэй гэж мэдэгдүүлэхгүйгээр орж тоглодог байсан. Найзуудаасаа сурсан ч гэсэн цааш нь зааж өгөх хүн байхгүй байсан болохоор ганцаараа тоглоод бүх юмыг нь сурсан гэж хэлж болно. Ер нь багаараа хоорондоо ярилцаад хожих мэдрэмж л хамгийн гоё.
Э.Дөлгөөн: Миний хувьд бас адилхан найзууд маань тоглож эхлэхэд нөлөөлсөн гэж хэлж болно. Найзуудаараа уулзахаар хийх юм байхгүй PC хамт ордог байсан. Тухайн үед би чаддаггүй байсан болохоор хараад суудаг. Тэгээд дөрвөн жилийн өмнө гэртээ нөүтбүүк дээрээ өөрөө бүх юмаа сурсан. Жил бүр зохион байгуулагддаг TI-ийн финалын бичлэгийг үзээд ийм юм байдаг юм байна гээд л надад боломжтой санагдаж байсан. Дээрээс нь хүмүүсийн өөрийнхөө хүссэн, дуртай зүйлээ хийгээд үүнийгээ ажил болгож байгаа нь үнэхээр гоё санагдсан. Тэгээд илүү мэргэжлийн төвшинд тоглохыг хүссэн. Энэ бодлоо эхнээсээ биелүүлээд явж байна. Хүн дуртай зүйлээ хийж байж л аз жаргалтай байна шүү дээ.
"Тeam Mongolia" багийн гишүүн Э.Дөлгөөн, Б.Бямбанаран
-Баг нь хэзээ байгуулагдсан бэ? Багийнхаа тухай танилцуулбал?
Б.Бямбанаран: Сая 12 сард болсон Сингапурын тэмцээнд явах эрхээ есдүгээр сараас хойш тоглож авсан. Бие биенээ танихгүй таван охин нийлээд Сингапурын энэ тэмцээн хүртэл явна гэсэн зорилготойгоор анх баг маань байгуулагдсан. Есдүгээр сард Монгол улсын аварга буюу Үндэсний аваргын тэмцээндээ түрүүлээд дараа нь 11 дүгээр сард Ази бүсийн аваргын тэмцээнд орж түрүүлээд сая Сингапурт очиж тоглосон. Манай баг анх "For The Gang" нэрээр байгуулагдсан ч гэсэн есдүгээр сараас хойш "Team Mongolia" гэдэг нэрээр Монгол улсаа төлөөлж тэмцээн, уралдаанд оролцсон.
-Танихгүй охид нийлээд нэг баг болно гэдэг амаргүй байх. Багаар ажиллаж сурав уу?
Б.Бямбанаран: Амаргүй байсан. Охидууд бардам зантай байдаг болохоор бие биедээ бууж өгөх дургүй байдаг юм билээ. ТNT гэдэг компани биднийг бэлтгэлийн байраар хангаж, дэмжиж ажилладаг байсан. Бие ажиллахаар хүн ядардаг. Толгой ажиллахаар бас маш их ядардаг. Тоглоом тоглож байхад тархи, бие зэрэг ажиллахаар маш их ядардаг юм билээ. Унтаад л босоод бэлтгэлээ хийнэ. Тэр бэлтгэл хийсэн гурван сарын хугацаа маш удаан санагдаж байсан. Бидний цол маш доороос эхэлсэн. Тэгээд хоорондоо муудалцах үе ч зөндөө байлаа. Бие биедээ гомдоод бараг хүчээр бэлтгэлдээ очиж байсан үеүд бидэнд байсан. Гэхдээ дотроо бодож байсан зорилго нэг байсан болохоор бие биенийгээ ойлгох ёстой гээд л бэлтгэлээ хийсэн дээ.
-И-Спорт Дота гэж ер нь юу вэ? Ямар ашиг тустай вэ?
Э.Дөлгөөн: Маш олон И-Спорт байдгаас бидний тоглодог нь Дота 2. Энэ тэмцээний шагналын сан өндөр. Үүгээрээ бусад спортоос онцлог гэж хэлж болно. Жишээлбэл жил болгон зохион байгуулагддаг “The International” тэмцээн буюу TI-ийн нийт шагналын сан нь 40 гаруй сая доллар байдаг. Энэ жилийн TI тэмцээнээс ялсан баг нь 18 сая доллар авсан байгаа. Эндээс харах юм бол маш өргөн цар хүрээтэй, дэлхийд чансаагаараа өндөрт ордог. И-Спорт дундаа хөгжих боломжтой төрөл.
Б.Бямбанаран: Дота 2 бол тавын эсрэг таваар тоглодог тоглоом. Би сая тэмцээнд явахдаа өөрийгөө маш их юм сурсан гэж бодож байна. Хүмүүстэй харилцах харилцаанаас эхлээд төлөвшдөг, ухаан суудаг спорт юм байна гэдгийг ойлгосон. Энэ спорт маш ирээдүйтэй. Өмнө нь бүс, нутгийн л тэмцээн болдог байсан бол одоо дэлхий дахинд хүмүүс тоглож байна. Манай охины хэлсэн шиг шагналын сан өндөр. Нэг тэмцээний шагналын сан гэхэд монгол мөнгөөр 50-аад тэрбум гэх мэт байдаг. Бусад компьютерын тоглоомоос илүү ухаан шаарддаг. Хэдхэн товчлуур дараад суух биш эсрэг талын баатруудаа хараад өөрсдийн баатраа сонгохоос эхлээд дуусах хүртэл төлөвлөгөө, техник шаарддаг учраас толгойгоо сайн ажиллуулдаг.
Global Esports Games 2021 тэмцээний үеэр
-Сая Сингапурын тэмцээнд хэчнээн орны баг тамирчид оролцсон бэ?
Э.Дөлгөөн: Тэмцээнд 40 гаруй улс орны тамирчид оролцсон. Бүсээс шалгарсан шилдэг дөрвөн баг тэр тайзан дээр очиж тоглосон. Ер нь и спортын тэмцээн улирал болгон зохион байгуулагддаг. Дотагийн тэмцээнд гэхэд The International-ийн эрхээ авахын тулд жижиг жижиг олон тэмцээнд оролцдог.
-Гэр бүлийнхэн хэрхэн хүлээж авдаг вэ?
Б.Бямбанаран: Гэр бүлийн зүгээс эхлээд боль гээд уурладаг байсан л даа. Гэхдээ хориглож байгаагүй. Тэгээд ч миний хувьд анхнаасаа энэ зүйлийг хийнэ гээд шийдчихсэн байсан болохоор хэцүү байгаагүй.
Э.Дөлгөөн: Миний хувьд манай гэрийнхэн нээх их юм хэлдэггүй. Би тоглохоор бол гэрийнхээ, өөрийнхөө хийх ёстой бүх юмаа хийчхээд бүхий л чөлөөт цагаараа тоглодог доо.
Б.Бямбанаран, Э.Дөлгөөн нар
-Эцэг эхчүүд дота гэхээр л сөрөг хандлагатай байдаг. Зарим хүүхдүүд ч PC-нд хонож тоглодог шүү дээ?
Э.Дөлгөөн: PC-нд ороод хоноод яваад байна гэдэг чинь эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцдаггүйтэй холбоотой. Тухайн хүүхэд 24 цагийн 20 цагт нь тоглоод ямар үр дүнд хүрэх вэ гэдэг зүйлийн мэдлэггүйгээсээ болж донтоод байгаа юм болов уу гэж бодож байна. Монгол тамирчид дэлхийд хараахан танигдаж амжаагүй. Миний мэдэхийн монгол ганц хоёр хүн Азийн өөр багт тоглодог. Монгол улсаа таниулснаар монгол тоглогчид дэлхийн том том багуудад очиж тоглох боломжтой.
Б.Бямбанаран: Эцэг эхчүүд хүүхдүүддээ хиймээр байгаа зүйлийг нь шууд буруу гээд хэлчхэж болохгүй. Хүүхэд нь тогломоор байна гэвэл шууд хориглохоос илүүтэй өдөрт ядаж хоёр цаг тоглох эрхийг нь олгох хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ярилцаад цагийн менежмент хийж болно. Дээрээс нь интернет хөгжсөн үед эцэг эхчүүд наадах чинь хэрэггүй хог шаар гэхийн оронд хэрэгтэй мэдээллээ хайгаад хийж байгаа зүйлийг нь судалж ч болно. Гол нь хүүхэдтэйгээ ярилцаж ойлголцоод зөв төлөвшилтэй болгох нь цагдаж хорихоос илүүтэй чухал гэж бодож байна. Зөв төлөвшилтэй хүүхэд аяндаа өөрөө юу хийж болох болохгүйг мэддэг болно шүү дээ.
Global Esports Games 2021 тэмцээний хоёр дахь өдөр Сингапурт Монголын баг тамирчид
-Дота тоглож эхлэснээр та хоёрт ямар ямар өөрчлөлт гарсан бэ?
Э.Дөлгөөн: Танилын хүрээ нэмэгдэнэ. Хамгийн гол нь зорилготой болчхож байгаа юм л даа. Өөрийнхөө дуртай юмыг хийгээд Монголд и спортыг хөгжүүлнэ гэсэн зорилготой болчихсон. Сая и спортын тэмцээнээр Сингапур явсан гээд л нүдэнд харагдаж байгаа бүхэн маань энэ спортыг сурсны ач тус, өөрчлөлт гэж хэлэх юм уу даа.
Б.Бямбанаран: Би гэрээсээ нээх гардаггүй. Хүмүүстэй ч нийлдэггүй дотогшоогоо төрлийн хүн байсан. Ганцаараа маш их юм боддог. Харин дота тоглоод олон хүнтэй уулзаж танилын хүрээгээ тэлж эхэлсэн. Хамгийн гол гарсан өөрчлөлт нь хүсэл мөрөөдөлтэй болоод түүнийхээ төлөө хичээж байгаа гэж хэлж болно. Амьдралаас авч байгаа гоё мэдрэмж маань олон болсон.
-Одоо цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
Э.Дөлгөөн: Бид хэд Сингапурт очоод бусад улсын тамирчидтай ярилцаж үзсэн. Бидний хувьд ажил, амьдрал, сургуулиа бараг гаргуунд нь гаргаад өдөрт 4-5 цаг л бэлддэг байсан. Гэтэл эсрэг багийн хүмүүст гэхэд улсаас нь тэтгэмж өгдөг. Багаараа урт удаан хугацаанд тоглосон хүмүүс байсан. Эндээс харахад энэ бол бидний анхны тэмцээн байсан. Анхны тэмцээн дээрээ ингэж амжилт үзүүлсэн юм чинь жилийн дараа гэхэд энэ охидууд шиг бэлтгэл хийвэл илүү сайжирч амжилт үзүүлэх магадлал нэмэгдэнэ. Нэгдүгээр байрын төлөө тоглох бүрэн боломжтой гэж бодсон. Тэгэхээр Монголд и спортыг хөгжүүлнэ гэж бодож байна.
Б.Бямбанаран: Сая Сингапурт зохиогдсон "Global sport" тэмцээн миний мэдэж байгаагаар эмэгтэй тоглогчдыг хамруулсан дэлхийн анхны тэмцээн байх. Өмнө нь и спорт эрэгтэйчүүдийн хувьд л боломжтой, ирээдүйтэй харагддаг байсан бол энэ тэмцээнээс эхлээд и спорт эмэгтэйчүүдэд ч гэсэн үүд хаалга нь нээгдэж байгаа. Бусад улсын тамирчид цалинтай, өөрсдийн гэсэн бэлтгэлийн байрандаа тоглодог. Бид хоёрын хувьд цаашдаа амжилт гаргана, энэ спортоороо тоглоно гэдгээ шийдчихсэн байгаа. Гол нь нөхцөл байдал хэцүү байгаа болохоор хүмүүс жоохон ч гэсэн ойлгоод дэмжээсэй л гэж хүсэж байна даа.
Global Esports Games 2021 финалын тоглолт
-Ярилцлагын төгсгөлд залуусдаа хандаж хэлэхийг хүссэн зүйл байна уу?
Э.Дөлгөөн: Өөрийнхөө хүссэн зүйлийг хийж амьдрах л хамгийн зөв шийдвэр гэж боддог. Түүнийхээ төлөө битгий шантраарай. Тууштай байгаарай. Хүсэж буй зүйлийнхээ эзэн нь байгаарай гэж хэлье.
Б.Бямбанаран: Хүн өөрийнхөө дуртай зүйлийг олох хэрэгтэй. Монголд зарим залуус харанхуйгаар и спортыг хүмүүс тоглоод болоод байгаа юм чинь би бас тоглоё гэж бодоод чадахгүй байж чадах юм шиг амьдралаа үрсэн олон тохиолдол байдаг. Ганц удаа сайхан байгаад ирээдүй хамаагүй гээд тоглож байна уу би энэ зүйлийг чадах юм байна гэж бат бодоод тоглож байна уу гэдгээрээ ялгаатай.