Уран бүтээлч залуусын чөлөөтэй сэтгэх талбар болж буй Black ocean кофе шопыг бид энэ удаа онцоллоо. 2019 оноос үйл ажиллагаагаа явуулж буй энэхүү байгууллага нь ямар нэг дүрэм журамд баригдахгүй, чөлөөтэй байх дуртай залуусын очих дуртай газар болжээ. Бид Black ocean кофе шопыг үүсгэн байгуулагч Ж.Анхбилэгтэй байгууллагын онцлог үйл ажиллагааны тухай ярилцсан юм.
-Кофе шоп нээх болсон түүхээсээ ярихгүй юу?
-Миний хувьд Tom n toms-д гурван жил бариста хийж байгаад кофе шоп нээхээр шийдсэн. Бүх зүйлийг нь мэдэж байгаа учраас болох юм байна гээд л нээж байсан. Ингэхдээ маркетинг маш чухал гэдгийг харж байлаа. Сайн маркетингтай байвал болох юм байна гэж бодоод байгууллагууд үүнийгээ хэрхэн хийдгийг судалж эхэлсэн. Тэгэхэд ихэнх газрууд цахим хаягуудаа их албан ёсны хөтөлдөг байсан. Энэ нь хандалт муу байсан юм. Тэгэхээр яаж ч хамаагүй хөтөлье. Шууд мийм хийе. Инээдтэй зүйлс хийе. Албан биш арай өөрөөр яваад үзье гэж бодсон хэрэг. Тэр нь ч хүмүүст таалагдсан байх гэж боддог.
-Залуу хүн жижиг ч бай аливаа зүйлийг эхлүүлнэ гэдэг том даваа шүү дээ? Хэцүү зүйл тулгарч байв уу?
-Цар тахал маш том даваа байсан. Үүнээс өөр гэвэл 2019 онд кофе шопоо Хар тамхитай тэмцэх тасгийн яг замын урд талд нээж байсан юм. Зүгээр зөрүүд зан хөдлөөд “Black cocaine” гээд нэр албаар өгчихсөн. Энэ нь твиттер бөөн шуугиан тарьсан. Манайхыг хар тамхитай тэмцэх хэлтсийн даргын хүүхдийн газар ч гэж ярьж байлаа. Цагдаагийн байгууллагаас ч сануулга ирсэн учраас “Black ocean” болгосон юм. Гэхдээ хаягаа “Black cocaine” гээд захичихсан байсан шүү дээ. Маш үнэтэй. Тухайн үед нээгээд мөнгөгүй болчихсон учраас cocaine гэдэг үгнээсээ үсэгнүүдийг нь аваад, дарааллыг нь солиод ocean гэдэг үг болгосон.
-Шинэлэг, сонирхолтой түүх байна. Тухайн үед ямар мэдрэмж төрж байв аа?
-Дөнгөж анхныхаа бизнесийг эрхэлж байгаа хүмүүсийг чөлөөтэй сэтгүүлж байх хэрэгтэй юм шиг. Гэхдээ тийм эрх зүй бүрэлдээгүй болохоор яалтай ч билээ. Миний хувьд бариста болон үйлчлүүлэгчдийнхээ бүх бүтээлч сэтгэлгээг гаргахыг хүсдэг. Чөлөөтэй байж болох бүх зүйлээр нь хангаж өгөх гэж хичээдэг гэсэн үг.
-Танай дотоод тохижилт их сонирхолтой юм. Энэ талаараа ярихгүй юу?
-Максимал загвар гэх юм уу даа. Аль болох дүүрэн, их эд хогшилтой байх гоё санагддаг. Гэхдээ хоорондоо хоршил сайтай байвал гоё. Болж өгвөл хивс дэвсье ч гэж боддог юм. Бүр айл шиг болгоод л.
-Байгууллагын онцлогийн тухайд та юу хэлэх вэ?
Кофе уухаас гадна манайд янз бүрийн кино эвентүүд болдог. Кино театруудыг хаагаад кино гаргахгүй байхад хүмүүс кино үзэх маш их сонирхолтой байсан. Тухайн үед манайх кино үзүүлэхийн хажуугаар поп корн хүмүүст өгөөд л. Гол нь кино театр шиг мэдрэмж өгөх гэж хичээсэн. Ардаа поп корн хийж үнэртүүлэх зэргээр. Цаашдаа Quiz night зохион байгуулна. Заримдаа шинэ артистуудын тоглолт, ямар нэг зүйлийн нээлт болдог.
-Үйлчилгээний салбарь ажиллах юу нь сайхан байдаг юм бэ?
-Хүнтэй харьцана гэдэг гоё. Хүмүүс гаднаас янз бүрийн л орж ирж байгаа шүү дээ. Сайхан сэтгэл зүйтэй. Нэг бол гундчихсан ч юм уу. Тэр болгоныг хараад кофегоор үйлчлээд, кофе аваад гарах таван минутад гялс харилцан яриа үүсгээд, сонсоод гаргах маш кайфтай байдаг. Орж ирээд зөвхөн кофе уугаад гарах биш. Хүмүүс сэтгэлээ уудалдаг, жаргалтай, баяртай мэдээ байвал түүнийгээ хуваалцдаг. Гунигтай зүйлээ ч хэлдэг тийм газар байгаасай гэж боддог. Ер нь танихгүй үйлчлүүлэгч орж ирээд хоёр дахь удаагаа ирэхэд таньдаг л болчихсон байдаг юм. Орж ирэнгүүт нь ямар нэг байдлаар яриа өдөөд л танилцаад явах дуртай.
-Танайхаар өөрийн гэсэн ертөнцтэй залуучууд ирээд байх шиг санагддаг. Залуучуудын хандлага ямар байна вэ?
-Чөлөөтэй орон зай эрэлхийлдэг хүмүүс их ирээд байх шиг харагдаад байгаа. Жишээ нь амьд хөгжмийнхөн, математикчид, физикчид, зуураачид. Чөлөөтэй харьцдаг, дүрэм журам байхгүй болохоор үйлчлүүлдэг байх. Манайд янз бүрийн объектууд зөндөө байдаг. Надаас энийг аваад зурчих уу гээд л өглөөнөөс орой хүртэл зурдаг. Манай зураачдын бэлэглэсэн зургууд хананд өлгөөтэй байгаа.