Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй аж төрж байгаа юм. Хэдий тэд хөгжлийн бэрхшээлтэй ч жирийн иргэд бидэнтэй адилхан сурч боловсрох, амьдрах ёстой.
Харин Монгол Улсад өнөөдрийн байдлаар 11. 606 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байгаагаас 1700 орчим нь тусгай хэрэгцээт сургуульд суралцаж, 4000 гаруй хүн гэртээ эцэг, эхийнхээ асаргаанд амьдарч байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд заавал тусгай хэрэгцээт сургуульд сурах албагүй. Тэд жирийн хүүхдүүдтэй хамт нэг сургуульд мөр зэрэгцэн сурах боломжтой. Гэсэн хэдий ч Монгол Улсад энэ систем бүрэн дүүрэн нэвтрээгүйгээс үүдэж олон хүүхэд тусгай хэрэгцээт сургуульд эсвэл гэртээ байгаа юм.
Бид энэ удаагийн сурвалжилгаараа харааны бэрхшээлтэй ч физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуульд амжилттай суралцаж чадаж байгаа Д.Сундуйжав хүүгийн тухай сурвалжиллаа.
Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийн 9б ангийн сурагч Д.Сундуйжав "Миний нэрийг Д.Сундуйжав гэдэг. Би 14 настай. Тусгай сургуульд бүх юмнуудыг тусгаарлагдсан хэрэгслээр хийдэг учраас бариал үсгээр бичнэ. Сонсохгүй хүүхдүүд бүх юмыг хараагаар хийнэ. Энгийн сургуульд харин би дижитал арга ашиглаж хичээлээ хийдэг. Компьютер болон цахилгаан хэрэгслүүдийг ашиглаад хичээл хийхэд улам амархан болсон. Ер нь энгийн сургуульд бол сурахад тусгай сургуулиасаа ялгаа байхгүй. Хүүхдүүдийн хувьд ч ялгаагүй, ялгаварлан гадуурхдаггүй. Маш их тусалдаг. Тусгай сургуульд явж байгаа хүүхдүүддээ хэлэхэд, цахилгаан хэрэгслээ байгаа дээр нь ашиглаад аваарай. Ер нь их амархан болсон. Тийм учраас цахилгаан хэрэгсэл, компьютеруудаа сайн сураад ороорой л гэж хэлье.
Шинэ ангийнхан бол надад маш их тусалдаг, бүх юман дээр татгалздаггүй. Эрүүл хүүхдүүддээ хэлэхэд бэрхшээлтэй бид та нартай яг адилхан сурч чадна. Оролдсон л бол сурч болно. Бидэнд тусалж байгаарай.
Д.Сундуйжавын ээж Х.Мөнгөнцэцэг “Ер нь танин мэдүүлээд энэ хүүхдийнхээ онцлог чанарыг харуулаад явахад энгийн хүмүүс, энгийн хүүхдүүд ерөөсөө ялгавартай харьцах асуудал гардаггүй шүү. Хүүхдийнхээ ирээдүйг бодох юм бол бид энгийн хүмүүс дунд нийгэмшүүлж чадвал хүүхэд маань илүү их амжилтад хүрч илүү явах учраас та нар маань битгий зүрхшээгээрэй, зоригтой байгаарай, хүүхдүүддээ ч гэсэн итгээрэй л гэж хэлье”
Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийн багш С.Дэлгэр “Анх удаа л хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа. Сундуйжав өөрөө хувийн багштай. Хувийн багштай нь яг эцэг эхтэй нь хамтраад бид программ дээр ер нь ихэвчлэн текст хэлбэрээр уншчихдаг юм билээ. Би түрүүн хэлсэн шүү дээ, анх удаа ийм хүүхэдтэй ажиллаж байгаа. Сундуйжавын хувьд зөвхөн харааны бэрхшээлтэй. Сэтгэн бодох, хэл ярианы чадварууд хэвийн хүүхэдтэй ижилхэн. Тэгэхээр харилцахад асуудал үүсдэггүй. Бусадтай адилхан сурах бололцоотой”
Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийн захирал Г.Хишигбаяр “Дэлхий нийт тэгш хамран сургах “Нэг дэлхий нэг орчлон, тэгш хандах ёстой” гэдэг үзэл баримтлал түгээмэл болж байна. Үүний дагуу манай боловсролын яам бас тэгш хамран сургах энэ зорилтыг хэрэгжүүлж байгаа. Наймдугаар сарын 20-оор цөөн хэдэн сургуулиудын захирлуудыг дуудаад өөрсдийнх нь хүсэлтээр хүүхдүүдийг сургуулиудад хуваарилсан байсан. Манай сургуулийг Д.Сундуйжав сонгосон. Яагаад гэхээр энэ хүүхдийн хувьд зөвхөн харааны бэрхшээл байгаа болохоос биш бусдаар сэтгэн бодох, ярих чадварууд энгийн хүүхэдтэй адилхан. Манай сургуульд одоо харааны бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нэг л байгаа. Бид тал талаас нь юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдэг тал дээр ярилцаад явж байгаа. Болохгүй юм бол алга. Манай багш сайн ажиллаж байгаа. Хүүхэдтэйгээ уулзаад яриад аав, ээжтэй нь уулзаж яриад их сайхан эерэг бодол төрсөн. Хүүхэд маань ганцхан харааны л бэрхшээлтэй юм байна. Түүнээс биш бусдаар бол болохгүй юм алга гэдгийг ойлгосон. Хүүхэд маань өөрөө би математик, физик судалъя гээд IT бас сонирхдог.”