Техник технологи хөгжсөн үед бидний хэрэглэдэг гар утас өдрөөс өдөрт шинэчлэгдэж, хүн бүр сельфи, зураг авдаг болсон. Гэхдээ гэрэл зургийн салбар бидний төсөөлдгөөс өөр. Маш их хүч хөдөлмөр, мэдрэмж сэтгэлгээ шаарддаг. Тэгвэл баримтат гэрэл зургаар дагнадаг, өөрийн хоббигоороо 100 гаруй төрлийн аппарат цуглуулсан Д.Даваанямтай бид уулзаж түүний сонирхолтой хоббитой танилцлаа.
"Дэлхийн хамгийн анхны гэрэл зураг бол найман цаг авч байж гарсан зураг байдаг. Тэгэхээр ийм том хэмжээтэй камераар зураг авахад тийм урт хугацаа зарцуулдаг байснаа ингэж явсаар байгаад утсаар зураг авах хэмжээний болтлоо хөгжсөн. Энэ процессыг харахаар маш сонирхолтой учраас миний хувьд хуучны хальсны камеруудыг өөрийнхөө боломж бололцооныхоо хэмжээгээр цуглуулаад л явж байна. Миний цуглуулгуудын нэг энэ 1900-аад оны фотокор гээд камер байна. Манайхны зарим нь мэдэх байх. Ингээд толгой дээгүүрээ хар даавуу бүтээж байгаад авдаг. Энэ миний цуглуулгын хамгийн хуучны, үнэтэй маш ховор цуглуулгуудын нэг" гэлээ.
Тэрбээр 2004 оноос хойш гэрэл зураг авч эхэлсэн. 18 жил гэрэл зураг авч байгаа аж. Баримтат гэрэл зурагчин Д.Давааням "Гэрэл зураг авахдаа ахуй амьдралын буюу баримтат гэрэл зургийг сонирхож авдаг байна. Тэрээр, "2006 онд радио телевизийн сургуульд зураглаачийн мэргэжлээр орохдоо ангийнхаа хүүхдээс энэ любитель гээд энэ камерыг худалдаж авч байсан. Энэ камерын онцлог нь дээрээс нь шагайж авдаг. Дүрс нь эсрэгээрээ хөдлөөд байдаг тэр нь аягүй тухайн үедээ сонин санагдсан. Хуучны энэ камерыг өөрийнхөө дур сонирхлоороо ерөнхийдөө цуглуулж эхэлсэн" хэмээн ярилаа.
Түүний цуглуулга дундаас сонирхол татсан нэг камер байсан нь 100 гаруй жилийн түүхтэй дөрвөлжин хар хайрцаг шиг камер байсан юм. Маш том хэмжээтэй камерын жижиг хэсэг болгон өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан Жорж Истманы камер ч байлаа. Шүдэнзний модны хэмжээтэй Японоос авсан жижиг хэмжээтэй камер ч байв. "Цаашид энэ камер яг хэдэн онд аль улсад яаж үйлдвэрлэгдсэн, дэлхийд алдартай гэрэл зурагчид энэ камераар хэн хэнийг авч байсан юм гэх мэтээр илүү судалж, бүртгэлжүүлэх маягтай цуглуулна.
Гэрэл зураг сонирхож байгаа залуучууд маш их болж байна. Гэхдээ залуучуудын дунд сайн үнэтэй камер авчих юм бол би сайн зураг авна гэж ойлгоод байдаг. Яг сайн зураг авах, өөрийнхөө авсан зургаар бусдад ямар нэгэн зүйлийг илэрхийлэх, үлдээх нь чухал. Олон дахин зураг авч байгаад өөрийгөө олох тэр бололцооны камер хэрэгсэлтэй болчихсон байна. Одоо бид гэрэл зургийнхаа цаад мөн чанар гэдэг зүйл рүү ерөнхийдөө явах хэрэгтэй гэж боддог" гэж хэлсэн юм.